СЕХ-ноос сонгуулийн дүнг албан ёсоор зарлалаа. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын найм дахь удаагийн сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзсэнийг мэдээлэв. Тэрээр “Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусээс сэргийлэх журмыг мөрдүүлж ажиллалаа. Санал хураалт явуулсан өдөр аадар хур бороотой, аянга цахилгаантай, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа гэж хэлье. 2070 хэсгийн хорооны 800 гаруй хэсгийн хороонд хяналтын тооллого явууллаа. Саналын тоо зөрсөнгүй. УИХ-ын гишүүнээр МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даагч 1 сонгогдлоо. 29 тойрогт хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчид ирэх даваа гарагт УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулна" гэсэн юм.
Мөн энэ үеэр зарим бие даагчийн санал яагаад таслалтай байсныг тодруулахад тэрээр "29 тойрогт 2-3 мандаттай. Нэг хүн 2-3 санал тэмдэглэнэ. Тэгэхээр сонгогчийн тооноос саналын тоо их байх нь аргагүй. Бид УИХ-ын гишүүнээр тооцсон шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр хүлээж байгаа. Харин УИХ-д ирэх даваа гарагт өргөн мэдүүлнэ" гэсэн юм.
Энэ асуудлаар СЕХ-ны Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн "Мянгаас дээш тоонд бол мянгачлах таслал гардаг. Мянгачилсан таслал зарим бие даагчид гарсан. Тоон утга нь хэвээр. Саналд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Дүнд ямар нэгэн асуудал байхгүй" гэлээ.
