“Ливерпүүл”-ийн дэмжигчдийн 30 жилийн хүлээлт дуусаж, Юрген Клопп болон түүний цэргүүд Премьер лигт түрүүлэх болзлоо хангалаа. Английн хамгийн алдартай, хамгийн амжилттай багийн нэг болох “Ливерпүүл” Улсынхаа АШТ-д 18 түрүүлсэн ч 1992 онд шинэчлэн зохион байгуулагдаж, “Премьер лиг” нэртэй болсноос хойш нэг ч түрүүлж чадаагүй байсан юм. Гол өрсөлдөгч “Манчестер сити” нь “Челси”-д 1:2-оор хожигдсоны дараа “Улаанууд” түрүүлэх нь тодорхой болсон юм.
Хотын дарга нь коронавирусийн халдварын улмаас гэртээ үлдэхийг иргэдээсээ “гуйсан” ч олон мянган хөгжөөн дэмжигчид амны хаалтаа зүүгээд баяраа тэмдэглэхээр “Энфильд” цэнгэлдэхдээ цугларчээ.
Баярын гол баатар Юрген Клопп шууд эфирт баярынхаа сэтгэгдлийг үгээр илэрхийлж чадахгүй нь, юутай ч зүйрлэшгүй мэдрэмж байна, өмнө нь төсөөлж бодож байснаас ч илүү байна, энэ ялалтыг Кенни Далглиш, Стиви Жеррард болон багийн төлөө зүтгэсэн бусад бүх хүмүүсийнх гэж зогссон бол тоглогчид мөн хөөрлийн байдалтай байлаа. Ю.Клоппынэ энэхүү яриаг К.Далглиш болон бусад чухал хүмүүс үзэж суугааг эфирт мөн зэрэг гаргаж байлаа.
Өнгөрсөн 30 жилд “Ливерпүүл” 1.47 тэрбум фунт зарцуулан, 239 тоглогч, есөн дасгалжуулагч “зарцуулан” байж цолоо буцааж авч байна.