Энэтхэгийн йогч Пралад Жани гэгч 74 жилийн турш юу ч идэж уулгүй амьдарсан тухай мэдээлэл одоогоос зургаан жилийн өмнө олон нийтэд хүрч, гайхашруулж байсан билээ. Тэгвэл энэ гайхалтай хүн өнгөрсөн сард, 90 настайдаа тэнгэрт хальжээ.

Тэрээр амьдралын эрч хүчээ сансраас авдаг гэж баталдаг байсан бөгөөд эмнэлгийн туршилтад нэг бус удаа орж байсан юм. Эмч нар түүнийг эхлээд хөгшин хүн байж худлаа ярилаа гэж буруутгасан ч үзлэг хийгээд үнэхээр гайхсан гэдэг. Учир нь түүний ходоод бараг үгүй болтлоо агшсан байсан гэдэг. Йогч тухайн үед өөрийгөө энэ жил 85 настай бөгөөд сүүлийн 70 жилийн турш ийм байдлаар юм идэлгүй амьдарч байгаа хэмээн эмч нарт ярьсан байдаг.

Тэрээр найман настай гудамжинд тэнэж амьдарч байх үедээ нэгэн сүмд орж бясалгал хийх болжээ. Ямар аргаар амжилтад хүрснээ өөрөө ч үл мэдэх бөгөөд 1940 оны тэр нэгэн өдөр түүн дээр Амба бурхан буун ирж энэхүү ер бусын хүч чадлыг өгсөн гэнэ. Үүнээс хойш тэрбээр өдөрт Амба бурхны өгдөг ганц, хоёр ширхэг шидэт будаа болон тэнгэртэй холбогдсон сувгаар эрч хүч авдаг болсон гэжээ. Эмч нар түүнийг өрөөнөөс гаргалгүй 10 хоногийн турш ажиглахад үнэхээр нэг ч юм идэж уугаагүй аж. Харин камерт ямар нэгэн суваг бичигдээгүй. Өвгөний тархи 25 настай залуугийнхаас муугүй байсны дээр бие нь хэдийгээр туранхай ч яг л залуу хүн шиг хүчтэй байсан гэдэг.