“Одоо боллоо”-нуудыг түр хаая

-УИХ-д сонгогдох шинэ гишүүдийн МЭЛМИЙ, СОНОРТ
-Капитал болдоггүй “ХУДАЛДАА”-нд хийсэн миний анализ

Эх орон маань хөгжөөд эдийн засаг нь тэлээд, ДНБ нь арван хэдэн тэрбум доллар болоод тэр нь социализмын үеийнхээсээ ч хол даваад гэж ирээд ярьдаг, бичдэг, сурталддаг, уярдаг хүн манайд олон байна. Эдийн засагчид энэ талаар их ярина. Харин миний дор бичихийг тоож үздэг болов уу?

Монголчуудын тархинд байдаг хоёр туйлшрал. Эхний туйлшрал. Нийгмийн амьдралд болоод өнгөрчихсөн ил баримт жишээг эхлэн дурдах нь зүйтэй. Социализмын үед орос дэлгүүрийн үүд сахиж өнгөтэй өөдтэй юм олчих санаатай үүднийх нь харуулын цэргүүдэд хөөгдөн зогсож байсныгаа ахмад хижээл насны олон монгол хүн санаж байдаг болов уу. Их дэлгүүрт эмэгтэй герман гутал гарах гэнэ гэдэг сургаар үүр шөнөөр очиж оочерлон, УИХ-ыг эвдчих шахдаг, цагдаа очиж зохицуулан бөөн ажил уддаг байсныг бас мартаагүй. 

1990-ээд оны эхээр социалист нийгэм маань нураад уналаа, халамжлагч Зөвлөлт улс байхгүй боллоо. Монголчууд модоо барилаа. Дэлгүүрт лангуу хов хоосон, бараа, хүнс бараг байхгүй, лангуун дээр давс, гоймон үлдлээ. Талханд алалдаад дуусна. Гаргаад дамлана. Энэ бол бараа ба хүнсний хомсдлын нэг туйлшрал нь. Бүр хамгийн гунигтай жишээ сургамж. 

Гэтэл өнөөдөр ямар байна? Өнөөдрийнхийг хөгжил дэвшил гэх байх л даа. Бүх лангуу, чингэлэг, дэлгүүр, түц бараагаар хахаж алаглаж байна. Яажшүү зарж барна даа гэхээс лав миний өр өвддөг. Барааны хэт илүүдэл нөөцтэй, гэтэл ард иргэд нь худалдан авах чадваргүй. Бараа нь өрөөстэй, худалдагч нь хүний хүслэн. Дэлгүүрт монголчууд олуулаа орж гардаг нь худалдан авах гэсэндээ бус сониуч зангаараа, сул дэл, цаг нөхцөөх маягаар, эсвэл олз хайж холхидог. Энэ олон дэлгүүрүүдийн барааг чинь авилгачид, эсвэл баячууд л хороож байдаг юм шүү дээ. Ихэнхи нь ядуус, эмзэг бүлэг болчихсон монголчуудад ахдана. Тэд бол зөвхөн үзэгчид. Өлөн ядуу байснаа бараа таваартаа хахаж цадаж буй үзэгдэл. Энэ бол хоёр дахь туйлшрал нь. 

Манай үндэсний үйлдвэрлэл, ажлын байрууд, зах зээл, нийгмийн салбаруудыг нэг том багцлаад “Одоо боллоо!” гэж нэрлэгдэх салбаруудыг би нэрлэе. Жижиг дунд үйлдвэрийн салбар. Хөгжиж байнаа, худал биш. ЖДҮ гээд төсөл тендер явж байнаа. Гэтэл юу бүтээдэг вэ гэхлээр их эргэлзээтэй. Ядуурал (хамгийн гол нь!), ажилгүйдэл, улсын сан хөмрөгт том түлхэц болох үйлдвэрлэл л хөгжмөөрсөн. 

Гэтэл байдаггүй. Бэлэг дурсгал, ялангуяа арьс ширэн, эсгий, ноос ноолууран, даавуун, модон, зурмал, зүймэл, хөөмөл, баримал, цаашлаад үндэсний дээл хувцас, гутал, хөөрөг, гоёл чимэглэл, гар урлал, алт мөнгөн эдлэл, чамин эдлэл, морин хуур, эмээл, хазаар, ташуур, гял цал юмс л үйлдвэрлээд байдаг, араас нь үйлдвэрлэнэ. Зах зээл маань бүрэн ханасан, хол хөгжсөн, хүлээн зөвшөөрч байна, гар урчуудаараа бахархая. Худлаа гэвэл өөрсдөө үзэцгээ.

Манай зах зээл даахгүй ихээр үйлдвэрлэсэн үндэсний дээл хувцас, гутал, хөөрөг, гоёл чимэглэл, гял цал, элдэв бэлэг дурсгалдаа монголчууд бид ёстой живжээ. Лав нийслэл дэх бэлэг дурсгалын дэлгүүр орлогогүй шахуу эгнэн ярайн байна. Монголчууд нь олноороо худалдан авахгүй, сонирхох нүд хужирлах гэж л орж гардаг, худалдагчид нь хүний нүд анасан, худалдан авагчийн мөрөөдөл болсон дүр зураг л харагддаг. Хамт олноороо насны ой, хурим, одонгийн найранд нь бэлэг авч өгдөг, нөгөөх нь давхцана, бэлэглүүлсэн нөхөр сүүлдээ далд хийх газар олдохгүй зовно. Дамжуулан бэлэглэнэ. Яг л ийм хэмжээнд бэлэг дурсгалын худалдаа хөгжсөн. Хөгжсөн гэх үү, юу гэхэв. Нэгэнтээ олуулаа худалдан авахгүй бол түр зогсоох буюу эсвэл үйлдвэрлэсэн бүтээснийг нь шууд хил давуулаад экспорт болгочих юмсан. Ганц гарц нь экспорт! 

Энэ салбарын үйлдвэрийг зогсоочиход хэдэн жилдээ барагдахааргүй их нөөцтэй болсон байна. Бэлэг дурсгал, гар урлал, гутал хувцас, дээлний үйлдвэрлэл хөгжүүллээ гээд Монголын ард түмэн нийтээрээ ямар ч ашиг олохгүй байна. Тэгэхлээр энэ бол одоогоор капитал биш. Хөрөнгө биш, хуримтлал үүсгэхгүй, авсан зарсныг баяжуулж чадахгүй. Хүн амын дотор ядуучуудын эзлэх процент “30”-ын наана, цаана яваа. Одоогоор ядуурчихсан 28.4 хувь, түүн дээр нэмэгдэх эмзэг бүлгийн 15 хувь, хүнсний талон тараахгүй бол турж үхэх айл өрх маш олон байна гээд албан ёсны мэдээнд өгүүлсэн. Тэдэнд эерэгээр нөлөөлж чадахгүй байгаа бол капитал биш, бэлэг дурсгал, гял цал чамин юмс, гутал хувцас, эмээл, хазаар “Одоо боллоо!” 

Хүнс, нийтийн хоолны үйлдвэр (ялангуяа архи, пиво, ундаа, чихэр, гурилан бүтээгдэхүүн), худалдаа, үйлчилгээ бүрэн ханасан байна. Яаралтай хэрэглэж барахгүй бол муудчихаар ихийг үйлдвэрлэж, хэдэн биендээ зарж байна. Дээрээс нь Эрээн, Хиагтаас тасралтгүй зөөж байна. Бэлэг дурсгалыг бодохул харин худалдан авагчтай. Одоогоор сайн тал нь гэх үү? 

Худалдаанд шууд хамаарахгүй ч худалдаа хамгийн ихээр оролцдог нэг салбар байна.Барилгын салбар. “Одоо боллоо!” гэдэг салбар руу оруулчихмаар болтлоо хөгжжээ. Нөгөө ядуурчихсан 28.4 хувь, ядуурахад бэлэн 15 хувьд нь энэ их өндөр шилэн барилгууд нөлөлөхгүй бол, нийслэлийн гэр хороолол багасахгүй, гэрт амьдрагсад өндөр байшинд шилжин орохгүй бол барилга маань капитал биш, харин гэмт этгээдүүдийн мөнгө угаах нууц талбар болчихсон юм биш үү? Төрөөс төрсөн тэрбумтнууд нэг байшингаас бүр арваадыг худалдан авдаг гэх хар яриа, хардалт олон түмэнд байдаг юм билээ. Гэмт хэрэгтнүүд мөнгөө угааж барилга буюу үл хөдлөх болгодог африк жишээ сургамж л энд яваад байх шиг.

Нийгмийн салбар дахь худалдаа гэдэгт бүх төрлийн урлаг уран сайхан, дуу, дуучин, тоглолт, ном хэвлэлийн үйлдвэр, сэтгүүл зүй нь гуравхан сая хүндээ хэт ахдахаар, манай жижиг зах зээл даахааргүйгээр хөгжжээ. Үүн дээр лам, бөө, бөх, тэдгээрийг тойрч баяссан олон түмнийг нэмчихвэл “Одоо боллоо!” гэж ганц хэлэх биш, хэдэнтээ чанга дуугарч анхааруулга өгөхөөр сад тавьжээ. Нөгөө ядуурчихсан 28.4 хувь, түүн дээр нэмэгдэх эмзэг бүлгийн 15 хувьд эерэгээр нөлөөлж чадахгүй байгаа урлаг, соёл, кино, шашин, спорт “Одоо боллоо!”. Энэ бол одоогоор капитал биш юм байна. Ганц гарц нь бас л экспорт! 

Монголын үндэсний худалдаа-аж үйлдвэрийн танхим гэж үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжих ТББ байнаа. Нэг их шаналсан, завгүй дарга нартай, ажил нь овоорсон лут байгууллага. Энэхүү байгууллагыг “Монголын гадаад худалдааны танхим” гэж өөрчлөн чиг үүргийг нь зөвхөн экспортын чиглэлтэй болгуулахын төлөө саналаа буулгая! 

Энэ их илүүдэл бараа, чухам “Одоо боллоо!” гэдгүүдийг бүгдийг нь гадаадад хуу гаргаж худалдахыг тэрхүү танхимын гол, чухал, бараг цорын ганц үндсэн үүрэг болгоод ойрын хэдэн жилийг зориулчихмаар санагдана. Улаанбаатарын зах дэлгүүр, лангуу чингэлэгийг эргэлтэд оруулъя, ажлын байрнуудыг хадгалъя, гол нь ядуурал ажилгүйдэлд нь нэмэр болъё, гадаад өрийг тэглэе, улс нь валютын нөөцтэй болъё гэвэл бэлэг дурсгал, архи тэргүүтэй хүнс, дуу дуучдаа, киногоо зөвхөн гадагш нь л экспортлоё!

Урлагийнханд хандаж шууд хатуухан хэлэхэд HU хамтлаг бэлээхэн жишээ Та нарын нүдэн дээр байна шүү дээ. Мянган HU-г бий болгоод дэлхийгээр нэг тэнүүлчихмээрсэн. Тэр бол монгол урлагийн жинхэнэ капитал болно. “Гавьяат”-ын төлөө үхэлдэн дуулалдах бүх дуучдад хандан эх орондоо, ядаж ядуустаа нэмэр болгох капиталаа босго, хуримтлуул хэмээн уриалан дуудъя!

Манай гадаад худалдаанд ийм зарчим дутаж байна: Тэмцэх, эрж хайх, цуцалтгүй эрж хайсаар олох. Энэ бол худалдаачин Монголын уриа байх ёстой. Юуны төлөө тэмцэж байгаагаа мэддэг байх нь монголчуудад илт дутаж байна. Ороо бусгаа энэ хорвоод сөхөрч сөгдөлгүйгээр зөвхөн гадаад худалдааг нэг хэсэгтээ эрхлэе. Хэдэн биендээ элдэв юм зардаг, реимпортын дотоод худалдааг түр зогсооё.

Энэ улс орон гэдэг чинь аргацаах бус, тайвшрах бус, цаг ямагт өөртөө хүч тэнхээ олж, байнга тэнхээрч байх ёстойг жижиг гэлтгүйгээр худалдаачин гүрэн–Люксембург, Сингапур хоёр худалдаагаараа харуулчихсан бус уу? Монгол хүн ген, IQ, ой тогтоолт, гүйлгэн ухаан, дасан зохицох ухаан, эрүүл саруул бие бялдраараа лав энэ хоёр улсын иргэдээс нэг их дор орохгүйгээр барахгүй харин ч олон үзүүлэлтээрээ хол давж байгааг эрдэмтэд, уран сайханчид, улс төрчид нотлодог бол ядаж худалдаан дээрээ даруй босч өндийе л дөө!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Үнэхээр л тийм болж байна Энэ хүний бичсэн эдгээр зөвлөмжийг эрх баригчид сайд дарга нар холбогдох мэргэжлийн хүмүүс үйлдвэр худалдаа эрхлэгчид уншаасай мэдээсэй ажил хэрэг болгоосой гэж уриалъя

    0 0 Хариу бичих
  2. Уг нь үндэсний дээл хувцасыг ӨМӨЗО-луу үйлдвэрлэсэн бүхнээ гаргаж борлуулаад урд айлаас юанийг нь оруулж ирээд байсийм даанч энэ Ковидоос болоод чадхаа больчихоод байна. Урд айлаас Ковидийн үед бүх бараа ачааг Монголруу оруулж байгаа хэрнээ эндээс чөлөөт бүсээрээ урд айлруу нэг ч ачаа гаргахгүй байх юм.

    0 0 Хариу бичих
  3. Сүүлийн өгүүлбэр худлаа бн. Монгол хүн үнэхээр чадвар муутай. Булаах, бэлэнчлэхийг чухалчилна, хийх бүтээх бол хар ажилчны ажил гэж үздэг. Тийм ч учраас төр нь ч тэр, ард түмэн нь ч тэр алт, нүүрснээс өөр юм сонирходоггүй

    4 0 Хариу бичих
  4. Цэцэрхээд чи өөрөө юу хийсэн юм. Би гэж нэг ном бичсэн, түүнийг нь тоож уншдаг хүн бну.

    0 2 Хариу бичих
    • Хүнийг шүүмжлэхээсээ өмнө бичсэн зүйлийг нь анхааралтай уншаарай! Бидний яг байгаа байдлыг шулуухан л бичиж.

      1 0
    • Зөв л юм бичсэн байна шүү дээ,сонгуулийн дараа гарч ирэх шинэ засгийн газар анхааралдаа аваад үзээсэй!

      2 0