Монгол Улсын тэргүүлэх их сургуулийн нэг ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуягтай ярилцлаа.
Монгол Улсад инженер, техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийг танилцуулахаас ярилцлагаа эхэлье?
ШУТИС бол Монгол Улсын хэмжээнд инженер, техник, технологийн ажилтан бэлддэг төрийн өмчийн хамгийн том ууган сургууль. ШУТИС-ийг 70 гаруй мянган оюутан суралцаж төгсөөд улс эх орны бүхий л салбарт амжилттай ажиллаж байна. ШУТИС-ийн төгсөгчид Монгол эх орны бүхий л бүтээн байгуулалт, түүний дотор дэд бүтэц, барилга, эрчим хүч, уул уурхай, геологи, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, холбоо, химийн үйлдвэрлэлийн салбарууд гээд Монгол орны эдийн засгийн бүхий л салбаруудад амжилттай ажиллаж байгааг онцолж болно.
Танай сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог гэвэл чухам юуг хэлэх вэ?
Манай төгсөгчид сайн инженер, сайн мэргэжилтэн болж төгсөхөөс гадна хувь хүний хувьд сайн төлөвшсөн хүн байх ёстой. Энэ хэмжээгээр тэр хүний нийгэмд бүтээх ажил, гүйцэтгэх үүрэг нь өндөр болно гэсэн зорилготойгоор бид сургалтын хөтөлбөрүүдээ 2014 оноос эхлэн шинэчлээд явж байна.
2014 онд Монгол Улсын хэмжээнд хөтөлбөрийн шинэчлэл хийсэн бөгөөд үүнд бүх их, дээд сургууль хамрагдсан. Үүний цаад агуулга нь Монгол Улсын бүхий л их, дээд сургуулиудын сургалт явуулдаг хөтөлбөрүүд дэлхийн жишигт хүрсэн байх том зорилго тавьсан. Энэ хүрээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль өөрийн сургалт явуулдаг хөтөлбөрүүдээ дэлхийн жишигт хүргэх зорилгоор гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийн хөтөлбөрүүдийг өөрийн сургалтдаа хэрэглэх, нутагшуулах ажлыг хийсэн. Үүний үрээр манай сургуулийн төгсөгчид сайн мэргэжилтэн болж төгсөөд гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь зөвхөн ШУТИС-д элсэн орсон оюутнуудад суурь боловсрол олгохоос гадна бас өөрийн гэсэн үндсэн хөтөлбөрүүдтэй. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль дотроо дөрвөн салбар тэнхимтэй. Математик, хими, физик, биеийн тамир гэж дөрвөн үндсэн тэнхимтэй.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хөтөлбөрүүд нь улс орны эдийн засагт үнэхээр чухал. Энэ хөтөлбөрөөр сурч байгаа хүмүүст цаашдын амьдралд нь хэрэг болохуйц, цаашид энэ хүн өөрийн мэргэжлээрээ ихийг бүтээх үйлсэд нь хэрэг болохуйц хөтөлбөрүүдийг сонгож авсан. Тухайлбал, манайд химийн инженерийн салбар гэж байна. Ер нь орчин үеийн хүмүүс, орчин үеийн нийгэмд химийн шинжлэх ухааны салбар хэрэглэгддэггүй тийм асуудал, амьдралын салбар ч байхгүй. Бидний идэж уудаг хоол хүнсний зүйл химийн шинжлэх ухааны үндсэн дээр тогтож байдаг гэхчлэн. Манай химийн салбарын сургалтын хөтөлбөрүүдээс тодруулж ярихад, нэгдүгээрт химийн инженерчлэлийн хөтөлбөр гэж бий. Өөрөөр хэлбэл химийн үйлдвэрлэл, химийн бүх процессын талаас нь шинжилж, судалдаг хөтөлбөр юм. Дараа нь химийн технологи байна. Технологи гэхээр аливаа нэгэн үйлдвэрлэл химийн талаасаа ямар түвшинд явагдаж байна гэдгийг судалдаг, технологийн асуудлыг хамруулдаг. Мөн газрын тос, нүүрсний технологийн боловсруулалт гэсэн мэргэжил байгаа.
Сургалтын хөтөлбөрийн дагуу өөр оронд суралцах боломж олгодог нь танай сургуулийн давуу тал гэж бид сонссон юм. Оюутан суралцах дөрвөн жилийн хугацаандаа хоёр сургуулийн диплом гардан авах боломжтой гэдэг талаар хэлж өгнө үү?
Дээр хэлсэн эдгээр үндсэн хөтөлбөрөөс гадна манай ШУТИС-д Германы инженер бэлтгэл гэсэн хөтөлбөр байдаг. Германы инженер бэлтгэл хөтөлбөр 10 гаруй жил хэрэгжсэнээр нийтдээ 250 орчим манай төгсөгч ХБНГУ-д суралцсан байна.
Химээр сурч төгсөөд юу хийх вэ гэдэг нь зарим хүмүүст ойлгомжгүй байдаг шүү дээ?
Манай оюутнууд төгсөөд юу хийдэг вэ. Химийн чиглэлийн хөтөлбөрийн тухай л дурдахад, газрын тосны чиглэлээр ажиллаж болно. Монгол Улсын Засгийн газраас газрын тосны үйлдвэр барьж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын БСШУС-ын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам хамтарсан ажлын хэсэг гаргаснаар манай төгсөгчдийг удахгүй ашиглалтад орох газрын тосны үйлдвэрт ажиллуулахаар төлөвлөөд явж байна. Тэр байтугай хамтарсан ажлын хэсэг энэ мэргэжлээр сурч байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг үзүүлэх асуудал яригдсан. Одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. Улс эх орны эдийн засагт чухал хэрэгцээтэй сургалтын хөтөлбөрүүд манайд хэрэгжиж байгаа гэж ойлгож болно.
Нөгөө талаар бид дэлхийн сайн хөтөлбөрийг өөртөө шууд хэрэглэе. Тэгэхийн тулд бид гадаадын сайн их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлье гэж зорьж байгаа. Ингэснээр бид нэг зэрэг хоёр ажлыг амжуулна. Нэгдүгээрт, бид сайн хөтөлбөртэй болж байна. Бидний сургуульдаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гадаадын их дээд сургуулиудын явуулдаг тэр түвшинд хүрч байна гэсэн үг. Нөгөө талаар сурч байгаа оюутандаа ашигтай. Бид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тавьсан зорилго нь хамтарсан хөтөлбөрийн оюутан хоёр жил Монголдоо сурна. Монголдоо сурахдаа ердийн оюутны төлбөрөөр хоёр жил сурна. Тэр хугацаандаа тухайн орны хэлний бэлтгэлд суралцаж хэлийг нь эзэмшинэ. Тэгээд үлдсэн хоёр жилдээ тухайн улсад хөтөлбөрөөр нь сурна. Эдгээр оюутнууд хоёр сургуулийн дипломтой болно. Өөрөөр хэлбэл гадаадын шилдэг их дээд сургуулийн хөтөлбөрөөр тухайн оюутан бүрэн төгс сурна гэсэн үг. Энэ нь тэтгэлэгтэй байх гэх мэт.
Гурав дахь зорилго нь тэрхүү гадаадын улсад сурах хоёр жилд энэ оюутан сурна гэдэг нөхцөлийг анхнаас нь бид гадаадын их дээд сургуультай байгуулсан гэрээндээ тусгаж өгсөн. Тэр ч байтугай сүүлийн хоёр жил оюутан гадаадад сурч байхдаа ямар нэгэн байдлаар эрсдэлд орох, бие нь өвдөх гэх мэт эмнэлгийн тусламж хэрэгтэй болоход тэр сургууль өөрийнхөө дүрэм журмынхаа хүрээнд оюутны эмнэлгийн үйлчилгээний зардлыг даах гэх мэтчилэн оюутанд хөнгөлөлттэй нөхцөлийг гэрээндээ олныг тусгасан. Энэ хөтөлбөрт хичээл орж байгаа багш нар их сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл тэр гадаадын хөтөлбөрөөр оюутанд хичээл заана гэдэг нь багшаас маш их бэлтгэл шаарддаг. Өөрийгөө дайчлах, сайжруулах зүйлийг шаардаж байгаа. Нөгөө талаас манай сургуулийн гадаад харилцаа их сайжирсан. Гадаадын их, дээд сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсний үрээр сүүлийн хоёр жилд манай таван багш тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр докторантаар суралцаж байна. Мөн дөрвөн багш Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцаж байна.
Яг энэ хөтөлбөрөөр аль улсын ямар сургуультай хамтран ажиллаж байгаа вэ?
Манай сургуулийн химийн инженерчлэлийн хөтөлбөр байна. Энэ хөтөлбөр БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуультай хамтарсан хөтөлбөртэй. Тус сургууль өөрийнхөө мэргэжлээр олон улсын байгууллагын магадлан итгэмжлэлд орсон онцлогтой. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр сурсан оюутан дэлхийн ямар ч оронд очоод ажиллах эрхтэй гэсэн үг. Дараагийн хамтарсан хөтөлбөр нь Үйлдвэрлэлийн экологийн инженерийн хөтөлбөр байна. Бид БНХАУ-ын Наньжин хотын Техникийн их сургууль буюу улсдаа эхний аравт багтдаг том сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөртэй. Нанжинь хот химийн үйлдвэрлэлийн хот. Тэгсэн мөртлөө хот нь их цэвэрхэн, үйлдвэр нь хотын гадна, экологийн асуудлыг маш өндөрт тавьдаг гээд тэнд үйлдвэрийн экологийн мэргэжил жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа газар.
Гурав дахь нь статистикийн хөтөлбөр. БНХАУ-ын Баруун хойд эргийн техникийн их сургууль гэж байдаг. Энэ бол Хятадын анхны нийслэлд байдаг. Энэ сургууль механик инженер нисэх онгоц, математикийн сургалт, боловсролоороо улсдаа дээгүүрт ордог. Бид энэ сургуультай хамтарсан 2+2 статистикийн хөтөлбөртэй. Эдгээр сургуулиудын удирдлага манай сургууль дээр байнга ирж оюутнуудтай уулздаг. Онлайнаар мэргэжлийн болон хятад хэлний бэлтгэлийн шалгалтыг байнга авдаг. Энэ жилээс оюутнууд явахаар бэлтгэлээ ханган одоог хүртэл онлайнаар хоёр сар хятад хэлний хичээлийг хятад багш нар орж байна. Ийм байдлаар бид хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна. Дээр нь Германы инженерийн бэлтгэлийг онцолж болно. Германы инженерийн бэлтгэл энэ жил элсэлтээ авна. Мөн сургалт эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд хэрэгжиж байна. Бид хамтарсан хөтөлбөрөөрөө оюутнууд сургахдаа шилдэг оюутнууд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр сурах ёстой.
ШУТИС-д элсэн танай хамтарсан хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлагууд биелүүлсэн байх ёстой вэ?
Нэгдүгээрт манай энэ хөтөлбөрт элсэхийн тулд БСШУС-ын сайдын баталсан босго оноог хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл манай ШУТИС 5-6 группээр элсэлт авч байгаа. Түүнд ихэнх нь хоёр хичээлээр шалгалт өгсөн байхыг шаарддаг. Тэдгээрийн аль нэг нь 480 гэсэн босго онооны болзлыг хангасан байх ёстой.