БНХАУ-д 2019 оны арванхоёрдугаар сард анх бүртгэгдсэн COVID-19-ийн халдвар өдгөө дэлхийн 216 улсад тархан 7.3 сая хүн өвчилж, 412 мянга гаруй хүн нас баран аюулын харанга дэлдээд байгаа билээ. Агаар дуслын замаар халдварлаж буй уг өвчлөлөөс хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргыг эрдэмтэн судлаачид амны хаалт байнга зүүн гараа тогтмол угаан ариутгаж, зайнаас харьцах хэмээн зөвлөсөөр байгаа.

Манай улсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сараас агаарын болон авто боомтуудаа шат дараатайгаар хаан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн. Өдгөө ч гадаадад байгаа монголчуудаа тусгай үүргийн онгоцоор болон хөрш улсуудтай хийсэн хэлэлцээрийн дагуу үе шаттайгаар татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа.

Дэлхийн олон улс өнгөрсөн хугацаанд хилээ хаан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ард иргэдээ амны хаалт тогтмол зүүн зайнаас харьцах тэр бүү хэл хүйсийн ялгаатайгаар болон долоо хоногт тогтсон цагт хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлэх шийдвэрийг гаргаад байсан.

Учир нь цар тахал гарсан эхний саруудад тархалт аажмаар өсөж байсан бол өнгөрсөн найм хоногт дэлхий даяар коронавирусийн нэг сая тохиолдол шинээр бүртгэгдэн өвчлөл буурч намжсангүй. Тиймээс олон улсын эрдэмтэн судлаачид COVID-19-ийн эсрэг вакцин гаргаж, үр дүнг нь батлах хүртэл 12-18 сар шаардлагатай учраас сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг анхааруулсаар байгаа.

Халдвар анх бүртгэгдсэн цагаас монголчууд амны хаалт зүүн, гараа тогтмол ариутган ЭМЯ-наас гаргасан зөвлөмжүүдийг дагаж мөрдсөнөөр дотооддоо халдварын тархалт алдаагүй, Монгол улсад бүртгэгдсэн тохиолдолууд бүгд гадаадаас зөөвөрлөгдсөн орж ирсэн. Өнөөдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн ирж, онош батлагдсан нийт тохиолдлын тоо 194, болж, тэднээс 87 хүн эдгэрч дараагийн шатлалын хяналт болон энгийн амьдралын хэмнэлдээ шилжсэн. Одоо ХӨСҮТ-ийн хяналт дор 107 эмчлүүлж байна.

ЭМЯ болон ДЭМБ-аас өдөр бүр иргэдийг анхаарал, сэрэмжтэй байж, амны хаалтаа байнга зүүхийг зөвлөж байгаа ч урин дулаан цаг ирсэнтэй уялдаад иргэд маск зүүх нь  багасжээ.

Амны хаалттай холбоотой тоо баримт сонирхуулахад, Монгол Улс оны эхний таван сард нийт 17.5 сая ширхэг амны хаалт импортолсон нь жилийн өмнөхөөс 17 дахин өссөн үзүүлэлт болж байгаа. Мөн үнийн дүн нь 45 дахин нэмэгдэж, 5.4 сая ам.доллар болсныг Гаалийн ерөнхий газрын урьдчилсан статистик харуулж байгаа.

Өнгөрсөн нэгдүгээр сард  уг халдварын талаарх мэдээлэл тархаж эхлэхэд эмийн санд 250 төгрөгийн үнэтэй байсан нэг удаагийн амны хаалт 2000 төгрөг болтлоо өсөн хомсдолд орж, гар ариутгагч ч нүдний гэм болсон. Энэ хомсдол зөвхөн манайд төдийгүй дэлхийн улс орнуудад тохиолдон үйлдвэрлэлээ хүч нэмэгдүүлсэн.

Харин өдгөө амны хаалтын олдоц тогтворжиж, үнэ аажмаар буурсан ч нэг удаагийн амны хаалт эмийн санд 600-1000 төгрөгийн үнэтэй хэвээр байна. Амны хаалт нүдний гэм болон ард иргэд боломжоороо даавуугаар хүртэл оёж өмсөж байснаа бодвол өнөөдөр хаа сайгүй өнгө, загвар, үнийн өргөн сонголттойгоор борлуулах болсон.

Хотын төв гудамжаар амны хаалтгүй иргэн цөөн байх аж. Учир нь олон нийтийн ихээр цугладаг газрууд, албан байгууллага, дэлгүүр, нийтийн тээвэр амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байгаа. Гэхдээ иргэд амны хаалт байхгүйдээ зүүхгүй бус харин дулаан болсонтой холбоотойгоор хэлбэр төдий хэрэглэх нь ихэслээ. Угтаа амаа хааж байж халдвараас урьдчилан сэргийлнэ гэдгийг хэн хэнгүй мэдэж байгаа ч хамгийн гол амьсгалын эрхтэн болох хамар, амаа ил гарган эрүүндээ зүүн амны хаалт зүүсэн төдий харагдах боллоо. Мөн залуусын дунд амны хаалт зүүх хандлага эрс багассаныг албаныхан болон иргэд байнга анхааруулж сануулсаар байгаа.

УОК-ийн шуурхай штабаас амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, Зөрчлийн хуулийн дагуу 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах талаар анхааруулж байв. Гэтэл “Монголын хууль гурав хоног” гэдэг шиг энэ тухай бараг л мартжээ.

Эрүүл мэндээ хамгаалан хайртай дотнын бүхнээ хамгаалахад тань амны хаалт хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга гэдгийг мартаж болохгүйг дэлхий нийт анхааруулсаар байна.

Та амны хаалтаа зүүхээ мартаагүй биз.