Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг үе, үеийн  Засгийн газар No1 зорилтоо болгож ирсэн. Гэвч өнөөг хүртэл үндэсний үйлдвэрлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, хамгаалж байсангүй.

Монголд үйлдвэрлэж байгаа тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний импортод квот тогтоох гэхээр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний үүрэг гэх мэт олон үүрэгт баригдаж дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжиж чадалгүй явсаар ирсэн нь нууц биш. Тэгвэл хийж чадахгүй байсан энэхүү зохицуулалтыг цар тахал, хөл хорио хийгээд өгчихөж байгаа юм биш үү. Цар тахал, хөл хорио дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний эрэлтийг эрс өсгөж байгаа. Манайх шиг өөрөө, өөрийгөө хангадаг улс ийм байдлыг бусдаас арай хөнгөн давна. Харин далимдуулаад үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэдэг болж төлөвших боломж гарч ирж байна. Энэ нөхцөл байдал бид энэ үеийг ашиглаад хүнсээр дотоодоо хангаж, экспортын чиг баримжаатай болох ёстой юм биш үү гэсэн маш энгийн сэдлийг төрүүлж байна.

Олон салбар яривал “онхолдсон” болно.Ядаж хүнсэндээ “эх оронч” худалдан авалтыг нэвтрүүлж чадвал олз нь тэр байх юм. Мэдээж иргэдийн оролцоо чухал. Бас импортлогч компаниудаа шатаачихалгүй шиг зохицуулах ёстой болно.

Дэлхийн худалдааны байгууллагыг “тойрох” боломж

Үндэсний үйлдвэрлэл хөгжихөд саад болдог нэг бус шалтгаан бий. Тэднээс хамгийн том нь ДХБ-ын өмнө хүлээдэг хариуцлага. Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элссэн байдаг. Гэвч элссэнийхээ хэргийг өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй гэхэд буруудахгүй. ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцөлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Монголд хөгжих гэж ядаж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүний импортод квот тогтоох, шууд хориглох гэх мэт тарифын бус арга хэрэглэж болохгүй. Импортын татварыг нэмэгдүүлэх аргаар л тэмцэнэ гэсэн үг. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Монгол Улсын хувьд, нийт барааны импортын тарифын дээд хязгаар 20 хувь. ДХБ- ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хувь хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй. Монголд 100 хувь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд ижил төрлийн бүтээгдэхүүний импортыг хориглох хаах эрх байхгүй. Татвараа л 20 хувь хүртэл нэмнэ. Тухайн импортын бүтээгдэхүүн хямд өртгөөр хийгддэг бол энэ 20 хувийн босгыг төвөггүйхэн даваад дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадна.

Импортын татвараас гадна өөр бусад татвар дээр ч манайх ДХБ-ын өмнө үүрэг хүлээдэг. “Импортын бараанд ногдуулах дотоодын аливаа татвар (НӨАТ, онцгой татвар г.м.) нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараанд ногдуулж буй татвараас илүүгүй байх, татвар ногдуулах аргачлал адил байх” гэсэн ДХБ-ын дүрмийг манайх биелүүлдэг учраас дотооддоо ч үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломж хомс.

Тэгвэл цар тахлын хөл хорио улс үндэстнүүдийн өөрийгөө хамгаалах мэдрэмжийг сэргээлээ. Аюулгүй байдлаа хангахын тулд гаргасан аливаа шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрч, онцгой нөхцөл үүссэн гэдгийг ойлгож буй. Энэ бол бидний хувьд том боломж. Импортын квотоо одоо л тогтоодог цаг. Тэгвэл бид ядаж л үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж сурна, давуу талыг нь мэдэрнэ. Дараа нь импорт нээгдсэн ч үр дүн нь хангалттай үлдэнэ.

Бидэнд хоёр дахь боломжийг олголоо, шүүрэх ёстой

1990-ээд оны дунд үеийг Монголд үйлдвэрлэл хөгжих алтан боломж байсан гэж хэлэх хүн цөөнгүй. ЗХУ гэдэг ах, ивээгчээсээ салсан монголчууд тэр үед лангуун дээр давс, гоймонгоос өөр бараагүй тарчиг үеэ давж, бага багаар хийж сурч байсан гэдэг. Хүнс, ахуйн хэрэглээний бараагаа бага багаар хийж, хөл дээрээ босох гэж тэнцэж ядаж байсан үндэсний үйлдвэрлэгчдийг импортын татварыг тэглэсэн Засгийн газрын шийдвэр сөхрүүлсэн гэлцдэг.

Хямд үнэтэй хятад бараанд цохиулсан үндэсний үйлдвэрлэгчид тэр үед нокаутад орж, одоо ч хөл дээрээ босоогүй хэвээр л байна. Шийдвэр гаргасан М.Энхсайхан “Монголчууд хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авсан, Монголын нийгэм хуучин социалист эдийн засгийн хэв загвар, сэтгэлгээнээсээ бүрэн ангижирч чадаагүй, дэлхийд Монгол нээгдээгүй, монголчуудад дэлхий хол, юмны үнэ жилдээ 50-60 хувиар өсөж байсан, гадаадын хөрөнгө оруулалт гэх юм байхгүй, нэг хүнд ногдох гадаадын хөрөнгө оруулалт 10 доллар хүрдэггүй, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байсан хүнд цаг үе. Газар зүйн байрлал, бодит нөхцөл байдал эдийн засгийн утгаараа өөрөө “импортын татвар” болчихоод байхад төр, засгаас нэмж нэрмээс болсон импортын татварыг тогтоох нь стратеги зорилтод нийцэхгүй гэж үзсэн юм. Тийм ч учраас импортын татварыг тэглэх шийд гарч билээ. Харамсалтай нь энэхүү стратеги дээрээ бид тогтвортой байж чадаагүй. Төдий л удалгүй импортын 5 хувийн татварыг тогтоож билээ. 20 жилийн дараа 2017 оны байдлаар Монгол Улс хөрөнгө оруулахад хамгийн эрсдэлтэй орны тоонд хэвээр байна” хэмээн харамссан маягтай бичсэн байдаг. Тэгвэл 20 жилийн дараа үйлдвэрлэл хөгжөөгүй хэвээр байгааг тус гэж үзэх үү, ус гэж үзэх үү гэдгийг уншигч танд үлдээе.

Одоо харж байх нь ээ, Монголд үйлдвэрлэл эрхлэх улам хэцүү болжээ. Хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг импортын бараатай харьцуулж, гаднын улсад хөрөнгө оруулдаг болж. Иргэдээ жаахан шахаж, хүчлэхгүй л бол үндэсний үйлдвэрлэл үнэхээр босч ирэхээргүй нөхцөл байдалд байна.

Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд бага зэргийн албадлага шахалтын механизмыг ажилуулж болно. ДХБ-ын гишүүн улсууд импортод квот тогтоох эрхгүй тул дотоодын үйлдвэрлэгчдэдээ байнга хөнгөлөлттэй зээл олгож, дэмждэг юм билээ. Харин манайх тэгж чаддаггүй.

Гагцхүү цар тахал үндэсний үйлдвэрлэгчдэд “Хүрд эргүүлэх боломж” олголоо. Хорио цээрийн дэглэм 1.5-2 жил үргэлжилнэ гэж яригдаж буй. Манайхан “Хил хаагдлаа, бараа таваар орж ирэхгүй яана, ийнэ” болоод сандарч л байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь дундаж давхаргынханд хамгийн хүнд тусдаг учраас арга ч үгүй. Иргэдийнхээ орлогыг бодоод Засгийн газар зарим нэр төрлийн бүтээгдэхүүн дээр импортын татварыг тэглэчихлээ. Баярлууштай нь, дандаа Монголд үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнийг оруулсан байсан.

Иргэд харин ингэж сандрахын хэрэг үгүй, нэг шалтгааны улмаас харин ч баярламаар санагдана.

Цар тахлын дэгдэлт намжина. Ирээдүйг тааж мэддэгтээ ч биш, ер нь ингэж их тархсан юм чинь буурах нь зүй гэдэг утгаар л хэлж байгаа юм. Хил гааль хаагдсан нь Монголд орж ирсэн жаахан валютыг хамж аваачаад гаднаас бараа татдаг импортлогчдод л хүнд тусна уу гэхээс, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан, жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч компаниудад бол баяр л гэсэн үг.

Валютын ханшийн өсөлт үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг

Ам.долларын ханш чангарч 2800 төгрөг болжээ. Дагаад импортоор орж ирдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч таарна. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн дээр жишээ аваад үзье. Цагаан будаа, элсэн чихэрээс авахуулаад барууны орнуудаас оруулж ирдэг цөцгийн тос, лаазалсан бүтээгдэхүүн, чихэр, ургамлын тос, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тиймээс сая заримынх нь импортын татварыг нь тэглэсэн.

Харин махны үнэ тогтвортой, зарим талаар буурчээ. Хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ ч тогтвортой байна. Энэ бол манай улс тодорхой хэмжээний дархлаатай болж эхэлсний баталгаа. Сүүлийн хэдэн жилийн турш хүнсний ногоо, гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах гэж зүтгэсэн нь зөвджээ.

Ам.долларын ханш өсөх нь импорт давамгайлсан оронд ашиг муутай, экспорт давамгайлсан улсад ашигтай зүй тогтол бий. Гэхдээ цаашдаа юунд анхаарлаа хандуулж ажиллах нь зөв бэ гэдэгт эрх баригчдын анхаарлыг хандуулснаараа цар тахал, “ноён доллар”-ын чангарал маш сургамжтай юм. Бид импортыг орлох бараа бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах ёстой юм байна. Мөн монгол хүнийг тэжээн тэтгэх, ямар ч үед ашиг шимээ харамгүй өгөх баялаг бол уул уурхай биш, мал аж ахуй, газар гэдэг нь тодорхой боллоо. Гаднын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахад уул уурхайн салбар уналтад орж байна. Харин мал аж ахуй, газар тариалан бол монголчууд өөрсдөө хэнээс ч дутахгүй аваад явчих салбар билээ.

Бидэнд том давуу тал бий

Өнөөдөр монголчуудад хамгийн их хэрэгтэй байгаа зүйл юу вэ гэвэл мөнгө, валют л байна. Валютыг хоёр аргаар олж болно. Нэг нь экспортоо нэмэгдүүлэх. Нөгөө нь импортоо хорогдуулах. Эхнийх нь валют оруулж ирнэ, хоёр дахь нь нэгэнт орж ирсэн валютыг гадагш гаргахгүй.

Монгол Улсад дэлхийн бусад орнуудад тэр бүр байдаггүй нэг том давуу тал бий нь анхдагч хэрэгцээгээ хэнээс ч гуйлгүй хангачих чадвар. Хүн амьсгалах агаар, чанартай хоол тэжээл, дулаан хувцас, орох оронтой байхад ер нь бол амьдраад л явчихна. Монголд 60 гаруй сая толгой мал байна. Энэ баялаг маань биднийг үеийн үед тэжээсээр ирсэн. Одоо ч тэжээж чадна. Манайхан хойноос нь хөөж гүйцэх гээд улайраад байгаа Япон, Солонгос, Сингапур, Малайз улсууд эдийн засгийн өсөлтөө техник технологийн чиглэлийн үйлдвэрлэлээрээ бүрдүүлж байна. Хар ухаанаар бодоод үзэхэд, гадны улсууд тэднээс компьютер, машин техникийг нь худалдаж авахаа больчиход маш хүнд байдалд ордог шүү дээ. Идэж болохгүй, анхдагч хэрэгцээ ч биш.

“Тунгалаг тамир” романд баян Итгэлтийн дүү Галсан хөрөнгөтөн орос эрд агсам тавьж “Монголд хүн ажил хийлгүйгээр хэчнээн ч жил гэдэс цатгалан амьдарч болно. Муусайн гуйлгачингууд” хэмээн харааж зүхдэг. Энэ бол яг одоо бид гаднын хөрөнгө оруулагчдад хэлээд сууж байх ёстой үг гэж санагдана. Гаднынхан “Хөрөнгө оруулалтын орчин муу байна, бид хөрөнгө оруулахаа болилоо” гэхээр нь “Тэгвэл тэг дээ” гээд л ажиггүй суугаад байх боломж бидэнд байна. Тэр хоорондоо стратегийн ордуудаа багаас нь эхэлж олборлоод л...

Гаднын хөрөнгө оруулалт байхгүй л бол сүйрчих гээд байгаа юм шиг, хоноцын бодлого хийхээ болиод улс орноо жаахан бодох цаг болсныг цар тахал бидэнд сануулж байна. Дэлхийн эдийн засаг хямарч, дайн дажин ч гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Манайхаас хол гэж бодож болохгүй, муу нөлөө нь ирж л таарна. Тэр үед нь харин бид хэнээс ч хамаарахгүйгээр, гэдэс цатгалан, сайн цаг иртэл хар гэртээ хаан, бор гэртээ богд байх учиртай.

Хил гааль хаасан энэ үеийг ашиглаад дотооддоо бодлого хийгээд үзье л дээ. Хөршүүдтэйгээ, түншүүдтэй зохицох амаргүй. Гэсэн ч л хийгээд үзэх хэрэгтэй байна.

Өрх бүр үйлдвэрлэгч болдоггүй юм гэхэд мөнгөн хэрэглээгээ аль болох хамгийн доод түвшинд хүргэхийг чармайя л даа. Хэрэгцээгээ өөрсдөө хангая. Зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн хүнс авч хэрэглэе. Угаас нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгддэг гэсэн үгтэй юм.

Импортын барааны үнэ нэмэгдэхэд дотоодын бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ. Хэрэглэгчид энэ мэтчилэнгээр өмнө нь арай үнэтэй санагддаг байсан дотоодын бүтээгдэхүүнээ худалдаж аваад, хэрэглээд заншчихвал импортын худалдаа явцгүй болно. Монголд орж ирсэн валют Монголдоо үлдэнэ. Ажлын байр ч нэмэгдэнэ. Хуурай сүү найруулж савладаг үйлдвэр үнээний сүүг сонгож, хэрэглэгчид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг болно гэхэд монголчууд л хожно. Энэ үеийг ашиглаад үндэсний үйлдвэрлэл жаахан ч гэсэн сэргээд аваасай.