Чин зоригт Бодьсадын зам

Бодьсадын зүрхэнд уусан нэгдсэн бясалгагч бээр би-гийн үзлээс ангижрах тусмаа Арьяабалын мөн чанарыг илэрхийлэгч болно. Түүнийг сануулах дуудлага нь Ум мани бадмэ хум тарни юм. Ум үсэг Оршихуйн төв - номын биеийг төлөөлнө.Мани-д Амитаба бурханы дүрээр тодорно. Түүнээс цацрах гэрэл аминч үзлээс хэтийдсэн мөнх амьдралыг илтгэнэ. Аминч үзэлд баригдсан үед л тухайн дүр замхрахыг үхэл мөхөл гэж хүлээн авдаг. Түмэн бодисын нэгдэлд лугших зүрхний хувьд амьдрал өөрөө үхэлгүй мөнхийн хутаг билээ. Бадмэ-д Амитаба цаглашгүй бүтээлч эрчмээр тоо томшгүй хувилгаан биеийн цацраа болж дэлгэрнэ. Түүнийг мянган мутарт Арьяабалын дүрээр бэлгэддэг. Хум-д Арьяабал нь бүх оршихуйн нэгдмэл чанарыг илтгэгч очир эрдэнийн биед уусна. Тийнхүү бясалгагч хүмүүн энэ биеэрээ Их нигүүлсэгчийн хувилгаан болдог...

Арьяабал (санср: Арьяа Авалокита) нь “Дээрээс тольдогч” гэсэн утгатай үг. “Бид хоосон чанарыг нээх билгийн хүчээр өгсөн дэвшсээр гучин гурван тэнгэрийн орны оройд хүрээд орчлон ертөнцийг харах юм бол хөлийн дор хөвөх үүлс мэт үзэгдэнэ. Өөрөө үүлсээс хэтийдсэн цэлмэг тэнгэрийн мандалд амар тайван сууна. Гэвч бодьсадын зүрх мөнх амарлингуйн оронд уягдалгүйгээр, өнгөт ертөнцийн үймээн аймаан руу шунган ордог” гэж Зэн багш Сузуки хэлжээ. 

Домогт өгүүлснээр Арьяабал бүхнийг нэвт тольдогч мэлмийгээр доод ертөнцийг болгоож хараад, өрөвдөн хайлах сэтгэлээ барьж үл дийлэхэд тэргүүн нь олон хэсэг болон задарч, биеэс нь авралын мянган мутар арван зүгт цацран гарчээ. Мутар бүхнийх нь алган дээр мэлмий байдаг. Энэ бол харалган сэтгэл хөдлөл биш, энэрэл билгийн нэгдэл болсон бодьсадын хайрыг илтгэнэ. Тийм хайр бусдад дарамт болохгүйгээр гадна талаас бус, дотоод зүгээс нь тэтгэн дэмжих авралын хүч болдог. Энэ хүч үйлийн үрийг ч няцааж чадна.

“Цаазын ялтан Амитабагийн нэрийг чин зүрхнээсээ дуудах аваас яргачны илд хуга үсэрнэ” гэж сударт өгүүлдэг. Яргачны илдэн дор байгаа нь тухайн ялтны үйлийн үр юм. Гэвч тэрээр дотоод зүрхэндээ бүх гэгээрсэн багш бурхадтай нэгдмэл гэдгээ мэдрэх юм бол, бүхнийг нигүүлсэгч Арьяабалыг сэтгэлийн гүнээсээ олж хараад, тэр гүн чанадын гэгээг амьдралдаа урин дуудаж чадвал үйлийн үрээс чөлөөлөгдөнө. Түүний дотоод хувирал цаазын илд мэт үйлийн үрийн хүчийг бодьсадын хайраар ялах болно. Тийм учраас мянган мутарт Арьяабалын арван нэгэн тэргүүний дээд болсон Амитабагийн нигүүлсэнгүй дүрийн дор Эрлэг номун хааны толгой байдаг...

Бодьсадва нар авралын мутраа сунгасан энэ ертөнцийн мөн чанар чухам юу вэ? Буддизмд тодорхойлсноор, ертөнц хэмээн нэрийдсэн энэ оршихуй бидний өөрсдийн бодол, үйлдлийн үр дүн юм. Бодол санаа, үйлдэл хийдэл маань аминч би-гийн үзлээр нөхцөлдсөн цагт бид үргэлж явцуу бөгөөд хуурмаг үзэгдлийн орчинд амьдрах болно. Тийм учраас бодьсадва бидний мунхгийн харанхуйг ярж, дотоод мэлмийг маань нээж, цэвэр оршихуйн уудам зайд эрх чөлөөг мэдрээсэй гэж хүсдэг. 

Энэрэл хайр бол тэнгэрийн хишиг биш, эрх чөлөөт ухамсрын төрөлх шинж чанар юм. “Чинхүү буянтан өөрөө ч мэдэлгүй буян үйлддэг. Өчүүхэн буянтан л бусдад туслахын нэрээр хөөрцөглөдөг. Тиймдээ түүний тус жинхэнэ ачлал болж чаддаггүй. Билгүүн хүн ачтаны дүр эсгэх шаардлагагүй, аясаараа орчлон хорвоод ивээл болно. Зүдэг мунхаг хүн л буянт үйлийг алба ажил мэт ойлгож, өөртөө төдийгүй ертөнцөд дарамт болдог” гэж Даогийн сударт өгүүлжээ. 

Хамаг төрөлтнийг зовлонгоос гэтэлгэе гэсэн Арьяабалын тангараг бол билгийн мэлмий нээсэн бодьсадын зүрхнээс аяндаа ургасан чин эрмэлзэл билээ. Бүх ертөнцтэй нэгдмэл болохоо сэрж мэдэрч буй зүрх амин хувийн амарлилд яахин уягдах вэ. Бусдыг чөлөөлж буй нь угтаа өөрийгөө чөлөөлж буй үйл явц. Бодьсадва нарын нигүүлсэл хайр нь орон, цагийн хязгааргүйд цэцэглэн дэлгэрэх оршихуйн жинхэнэ хувь зохиол юм...

“Үхэл хийгээд дахин төрөлтийн завсар чөлөөнд биеэс ангид цэвэр ухамсрын төлөвт орох мөчид гэгээн гэрэл тодорч, хоосон чанарын дуун мянган лууны хүрхрэл мэт сонсогдож магадгүй. Түүнээс айж эмээлгүй, өөрийн мөн чанараас үүдэх зүрхэн тарнийн эгшиглэн хэмээн хүлээн автугай” гэж Сонсгоод гэтэлгэгч (Бард Тойдол) сударт сануулдаг. 

“Арьяабалын нууцлаг аялгуу юутай гайхамшигтай вэ. Энэ бол оршихуйн язгуур анир, далайн түрлэг мэт дотоод чанадаас дуурьсах дуун. Тэр дуу ертөнцийн хамаг төрөлтөнд адис ивээл түгээж, бодь хутгийн зүгт үнэний эрэлчний урам зоригийг хөглөн газарчлах бөлгөө” гэж Шурангама сударт өгүүлжээ. 

Бясалгагч хүн бодьсадын зүрхэн тарнийг горхины хоржигноон, салхины исгэрээ, эрчилсэн их шуурган дундаас ч анирдах болно. Зэлүүд хээрийн замд ч, их хөлийн газарт ч маанийн үсэг тодорч, зүрхний бадам цэцэг дэлгэрэхэд дотоод ухамсрын чандмань эрдэнэ үхэшгүй мөнхийн гэрлээр гийгүүлэхийг сануулна. Тийнхүү сэрсэн зүрхэнд хорвоогийн амьдрал үхэл, аюул осол, гуниг зовлон үл нялзах тул айж эмээх зүйлгүй болно. Онгон дагшин мөн чанараасаа хэзээд үл алдуурахаа мэдсэн ухамсрын гэрэлд сансар, нирвааны ялгаа зааг аяндаа замхарна. 

Зовлон бүхнийг арилгахыг хүсвэл,
Золгүй амьтдыг аврахыг хүсвэл,
Зол жаргалд умбахыг хүсвэл
Бодь сэтгэлийг л бүү орхи.

Бодь сэтгэл төрсөн агшинд
Боолын боол, үйлийн үртэн ч
Бурханы хүүгийн алдрыг хүртэж,
Буяны цогоор ертөнцийг сөгтгөнө.

гэж Шантидэва гэгээн Бодичаръяаватара шастиртаа өгүүлжээ. Бодь хутгийн тэмүүлэл бол бидний дотоод чанадын ухамсраас ирж буй оч гэрэл юм. Олон сая гэрлийн жилийн тэртээх од эрхэсийг шинжин танихын тулд энэ дэлхийд буй гэрлийн цацрагийг бид танин барих учиртай. Түүнчлэн бидний сэтгэлийн мандалд ургаж буй уярал хайр, ухаарлын очсыг анзаарч ажих юм бол дотоод гүнд маань ямар цаглашгүй гэрлийн эх булаг туяарч буйг мэдэрнэ. Тэр эх булгаа нээж, ертөнц дахинд гэрлээ түгээх нь бодьсадын замнал. Энэ бол зовлонгоос зугтах биш, зовлонгийн харанхуйг ялан туулах зам. Ертөнцөөс дайжих бус, ертөнцийн гүний гүн рүү нэвтэрч, тэр хэрээрээ дээдийн дээдэд цэцэглэх заяа. Тийм учраас туулсан бурхадыг Ялгуусан (Жина) гэж нэрийддэг. 

Хэн нэгэн гэгээрэхэд, тэр гэгээрэл орон, цагийн хязгааргүйд түгэн дэлгэрэх жамтай. Та, бидний сэтгэлд төрсөн ухаарлын үр бүхэн эрт, орой нэгэн цагт дэлгэрч таарна. Чухам үүнд л бодьсадын үйлс бүтээлийн утга оршдог. Амьдралдаа ямар утга учир оноох нь бидний өөрсдийн ухамсраас хамаарна. Үнэ цэнгүй шавар шороо чин сэтгэлт, авъяаслаг уран бүтээлчийн гарт ороод үнэлж баршгүй урлагийн бүтээл болж хувирдаг. Түүнчлэн энэ амьдарч буй ертөнцөө бид голж гоншигноод хэрэггүй. Өөрт буй оршихуйн өгөгдөл бүхэнд хүндэтгэлтэй хандаж, утга учрыг дотоод гүнээсээ олж, эгэл амьдралаасаа бурханлаг сайхныг бүтээх уран бүтээлч болж болох биш үү. Үүнийг л чин зоригт бодьсадын замнал гэнэ. 

Туулсан бурхадын өмнө бодь сэтгэлийн тангараг өргөх хувьтай хүний зүрх сэтгэлийг Таагүрийн эдгээр мөр хөглөх буйза. 

Аюул гамшгаас хамгаалж өгнө үү гэж би залбирахгүй,
Айдсын мананг ярах хүчтэй л байя.
Өвчин зовлонгоос салгаж өгөөч гэж би гуйхгүй.
Үнэнхүү ухаарлын рашаан болгон хүртье.

Дайны талбарт тусламж хүлээх юун,
Дайчин зоригийг минь л бадраан соёрх.
Эрсдлээс айж нуувчинд бүгээд яах вэ,
Эрх чөлөөний онгодоор бүгдийг туулъя. 

 

- Анагарика Говинда

АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал: АРЬЯАБАЛЫН АДИСТИД номоос


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Мянган жил мянга бясалгаад ганц хүнд тус болоогүй бол тамд унана. Аливаа шашны номлол нь итгэгчдээ туйлын үнэн мэт санагдавч илүү өндөр түвшнээс харвал өрөвдөлтэй мунхаглал төдий юм. Ингэхэд энэ залуу юу уншсанаа ойлгодог болов уу!

    0 0 Хариу бичих
    • Эгэлгүй хөмүн Та гэгээрэх болтугай!

      0 0