Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн цар тахлын улмаас улс орнууд хатуу хөл хорионы дэглэм тогтоон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлаад буй. Тэгвэл энэ цаг үед хэсэг уран бүтээлч залуус урландаа бус үзэсгэлэнгийн танхимд тэр тусмаа нийтэд дэлгэж амжаагүй үзэсгэлэндээ коронавирусийн эсрэг уран бүтээлээ туурвиж байгааг сурвалжиллаа.

Бидний зорин очсон “М17” үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлч Б.Бат-Оргил, Б.Бат- Эрдэнэ, Ц.Даваажаргал, Д.Дорждэрэм, С.Ганзүг, Ж.Гантулга нарын зургаан уран бүтээлч гэрэл зураг, уран зураг, хөгжим, өрөг урлаг, баримал, видео арт, үйлдлийн урлагийн төрлүүдээр уран бүтээлээ туурвиж байна. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөний хоёр дахь бүлгийн нээлт болж “Parallel” буюу “Зэргэлдээ” үзэсгэлэн нээх байсан юм.

Тэд долоон жилийн өмнө “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөнийг эхлүүлж, нэгдүгээр бүлэг болох цуврал 15 үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон. Харин энэ удаад хоёрдугаар бүлгээ “Par­allel” нэрээр эхлүүлээд буй.

Гэвч энэ цаг үед дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал гарч хөл хорионы дэглэм мөрдөгдөж эхэлсэн учраас үзэсгэлэн цахим орчинд нээлтээ хийжээ. Тэдний хөлийг хорьсон ч уран бүтээлч сэтгэлгээг нь хорьж чадсангүй. Үзэсгэлэн нь гардгаараа л гарсан гэхдээ үзэгчгүйгээр. Хэдийгээр цахим орчинд үзэсгэлэнгээ нээсэн ч орчинд нь мэдэрч үзэх зүйлс ихтэй учраас уран бүтээлчид, галерейн удирдлагуудтай хамтран ярилцаж хөл хорионы дэглэмд урланд биш үзэсгэлэнгийн танхимд шинэ бүтээлүүдээ хийж эхэлсэн байна.

Тэд өөрийн гэсэн мөн чанараа бусадтайгаа хэрхэн параллель сэтгэлгээгээр оршин байгааг харуулж буй нь энэ үзэсгэлэнгийн онцлог.

Зураач, барималч Д.Дорждэрэм хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай шинэ уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр энэхүү бүтээлийнхээ талаар “Долоон жилийн өмнөөс хийж эхэлсэн 10-аад ажлаа энд дэлгэсэн. Хөл хорио эхлэхээс өмнө үзэсгэлэнгээ төлөвлөсөн байсан учраас галерейн удирдлагуудтай ярилцаад товлосон хугацаандаа дэлгэсэн. Гэхдээ үзэгчгүйгээр хөл хорионы нэг сарын турш туршилтаар бүтээлүүдээ эндээ хийхээр ярилцсан. Энэ хугацаанд үзэсгэлэн бүтэн болж, дутуу зүйлс нь дуусаж, шинэ зүйлс хийх боломж бүрдсэн. Долоон жилийн өмнө “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөн өөрөө том аялал байсан. Би тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөггүй. Гэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд хийсэн миний бүтээл яалт ч үгүй өдрийн тэмдэглэлтэй төстэй болж хувирсан. Тэр хугацаанд хийгдсэн цар хүрээ нь нэлээд том давлагаатай байж байгаад буцаад намжиж байгаа нь хувь хүний мөчлөгтэй холбоотой. Энэ зөвхөн миний хувь хүний мөчлөг биш энэ дэлхий дээр амьдарч байгаа олон залуусын мөчлөг болох магадлалтай тийм цаг үе. Коронавирустэй тэр мөчлөг хамтарч дайрч зэрэгцээ оршиж байгаа олон ертөнцүүд нэг нэгнээ ойлгох холбогдох шалтгааныг үүсгэж байгаа юм болов уу гээд шинэ бүтээлээ хийж байгаа” гэв.

Сүүлдээ уран бүтээлчдийн бүтээл улам жигдэрч галерей дээр талбайгаа зөв эзлэх орон зайг ашиглах тал дээр улам төгөлдөржин бүтээлүүд нь нягтаршиж эхэлжээ. Үндсэндээ тэд үзэсгэлэнгээ хоёр сарын хугацаанд дэглэж байгаа учраас улам төгс болж байгаа талаар онцолсон юм.

Энд дэлгэсэн бүтээл бүрийн онцлог дүр төрх, өгүүлэмж үндсэн төсөлтэйгөө салшгүй холбогдоно. Жишээ нь, хамхуул бол хаа нэгтээ хийсэж явдаг, хашаанд байдаг хаягдал л гэж хардаг байгалийн элемент. Харин түүнийг уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ байгаль өөрөө бидэнтэй тэр тусмаа шинжлэх ухаантай бүр ойрхон байдаг гэдгийг өнөөх хаягдал болдог хамхуул дээр өнгө алаглах гэрэл тусган намуухан аязтай хослуулан харуулжээ. Түүний хажууд даавуун олсоор хийсэн бүтээлдээ гэрлийн тусгал өгч зэрэгцүүлсэн нь хүний гараар хийсэн зүйлс болон байгалийн бүтээл хоёрын ялгааг харах боломжийг олгоно.

Танхимын зүүн хойд буланд ус дуслах чимээ сонсогдоно. Зорин очвол Мухар шивэртийн ам, Баян загийг хальсны гэрэл зургаар буулган байршуулсан байх бөгөөд газарт бэлдсэн шилэн хорготой зураг дээр дуслын системээр ус ганц нэгээрээ дусах нь харууслын аяз мэт. Уран бүтээлч Б.Бат-Оргил ийнхүү “Чандмань эрдэнэ” бүтээлээрээ дамжуулан усаа хайрлах, хамгаалах, хямгадах сэдэл, санаачилгыг байгаль эх дэлхий гэсэн концепцоор үзүүлжээ. Үзэсгэлэнгийн танхимд зэргэлдээ орших ертөнцүүдийг тольдох боломжийг бүрдүүлсэн тэд энэхүү үзэсгэлэнгээ сошиалаар дэлхий дахинд цацахаар нэвтрүүлгээ хийж байгаа аж.

Уг үзэсгэлэнгийн тухай урлаг судлаач Б.Учрал “Хүн үүсэн буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл бие биеэ, өөрөө өөрийгөө, мөн түүх соёл, өв уламжлалаа цаг хугацааны аясаар устган үгүй хийсээр байна. Иймийн учир уламжлалт ахуй, өв соёл, зан үйлийг мөшгөн судалж орчин үеийн хэллэгт хөрвүүлэн нийгмийн оюун санаа, хүний мөн чанарт ойлгуулах нь энэхүү төслийн гол зорилго юм. Энэ цагт хүн, байгалийн харилцаа, хайр эрх чөлөөний ойлголтыг хүн төрөлхтөн дахин нэг эргэн харах үе тохиож буйтай эн зэрэгцэн “Параллель” үзэсгэлэн чухам цагаа олсон гэж бодож байна. Параллель гэдэг хавтгайн энэ ойлголт нь хэзээ ч огтлолцохгүй, гэсэн хэдий ч огторгуйд огтлолцдог зүйл. Дэлхий нийтээр хориг тогтоосон энэ цагт уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээ хэзээ ч зогсох ёсгүй бөгөөд хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байгаа нь урьдаас төлөвлөгдөж, зориудаар бэлтгэгдсэн мэт. Нөгөөтэйгүүр “Параллель” ертөнцөөс бидэнд илгээсэн дохио байж ч болох. Угтаа тэдний үзэсгэлэн бүр ямар нэгэн зүйлийн утга тайлал, дохио тэмдэг байдаг. Урлаг бол хүний оршихуйд нэвтрэн орсон дохио тэмдгийн болзолт вирус юм” хэмээн онцолжээ.