Цар тахлын үед хил хааснаас шалтгаалж Тайланд улсаас эх орондоо ирж чадахгүй гацсан иргэдийн ар гэрийнхэн ОБЕГ-ын гадна жагсаж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Тэд зургадугаар сарын 25, 28-нд хийх тусгай үүргийн нислэгийн аль нэгийг Тайланд улс руу явуулахыг хүсэж буйгаа илэрхийлэв. Тайландад хүнд нөхцөлд байгаа 160 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт илэрхийлсэн байна.
Жагсаалын үеэр Тайландад гацсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл Ням-Очир “Манай дүү нэгдүгээр сарын 15-нд холимог тулааны ДАШТ-д оролцохоор Тайландад очсон. Үүнээс хойш Тайландад таван сар гацаад байна. Тэмцээн нь хоёрдугаар сарын 15-нд тодорхойгүй хугацаагаар хойшилсон учраас тэр даруйд нь эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард дүүг минь гадаад хүн гэдэг шалтгаанаар түрээсийн байрнаас нь хөөж гаргасан. Одоо нэг байр олдсон ч түрээс, хоол хүнсний мөнгөгүй хүндхэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Оюутан хүүхэд өөрийн зардлаар тэмцээнд оролцохоор очоод байсан юм. Тайланд улс бол Монгол Улстай шууд нислэгтэй орон. Бидний зүгээс зургадугаар сарын 25, 28-нд хаашаа нислэг үйлдэх нь тодорхойгүй байгаа учраас Тайланд улсаас иргэдээ авчрахыг хүсэж байна. Тэнд зөвхөн миний дүү ч биш өвчтэй зовлонтой, бага насны хүүхэд хүртэл байна” гэсэн юм.