Монгол Улс "байгуулагдсан"-ы 30 жилд

Цахим хуудаст нэгэн жиргээч Монгол Улсын өнгөрсөн 30 жилийг тодорхойлон сэтгэгдлээ бичихдээ “Эхний 10 жил бие даан амьдрах, дараагийн 10 жил бүтээж сурах, сүүлчийн 10 жил их хулгайд мулзлуулж” гэжээ.

Монгол Улс “байгуулагдаад” 30 жил болж байна. БНМАУ, Богд хаант Монгол Улс, Манж чин, Юань, Их Монгол. Түүхийг бүр урагшлуулбал, Хидан, Уйгар, Нирун, Түрэг, Сүмбэ, Хүннү. Харин өнөөгийн Монгол Улс “байгуулагдаад” дээрх хугацаа өнгөрчээ. Үүнийг “шинэ нийгэмд шилжээд...” гэж томъёолдог. Энэ хугацаанд сайн ч, муу ч талаараа өөрчлөлт ирсэн нь мэдээж. “Удаан ч хамаагүй зогсолтгүй урагшлах нь чухал” гэдэг шиг цаг хугацааг дагаад Монголд 30 жилийн турш сайжирсан, сургамжилсан олон зүйл бий. Эсрэгээрээ цаг хугацаа урагшлахад энд ухарсан зүйл ч бий. Өнгөрсөнгүй одоо гэж үгүй. Одоогүй ирээдүй гэж үгүй. Өнгөрсөн одоог бүтээж, одоо ирээдүйг бүтээдэг. Энэ үүднээс сүүлийн 30 жилд Монголын нийгэм, эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөнийг зарим салбараар харъя.

Үйлдвэрлэл бол аливаа улсын чадамжийг тодорхойлдог. Гадаад худалдаанд эерэгээр нөлөөлж, иргэдийн амьжиргааны эх үүсвэр байдаг. 30 жилийн өмнө Монгол Улсын ДНБ- ний гуравны нэгийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлдэг байсан. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн том гэж хэлж болохоор салбар байсан. Харин зах зээлийн шилжилтийг даган үйлдвэржилтийн хямралд оруулсан. Үйлдвэрүүд хувьчлагдаж, шил шилээ даран хаалга барьж, олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд орж, төлөвлөгөөт эдийн засаг чөлөөт гэх нэр рүү шилжсэн. Ингээд 1990 онд Монголд улс орнуудын амьжиргааны луужин гэж нэрлэдэг ДНБ-ий 45.3 хувийг үйчилгээ, 20 орчим хувийг аж үйлдвэр, тэр дундаа барилга, 10 орчим хувийг уул уурхай, үүнээс үл ялиг бага хэсгийг уламжлалт мал аж ахуйн салбар бүрдүүлэх болсон. Өнөөдөр Монголын эдийн засгийн бүтцэд худалдаа үйлчилгээний салбар тэргүүлж, уул уурхай удаалж байгаа. 30 жил, түүнээс өмнөх үе шиг гутал хувцас, ахуйн хэрэглээ Монгол Улс үйлдвэрлэж чадахгүй, импортоор хангаж байгаа ч хүнсний үйлдвэрлэлээр тухайн үеэс давсан. Өнөөдөр Монгол Улсад нийт 123 мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех байна. Гурилын үйлдвэр 63, гурилан бүтээгдэхүүний 1000 орчим үйлдвэр байна. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний 230 үйлдвэр, цех ажилладаг. Хүнд үйлдвэрлэлийн тухайд ч социализмын үеэс илүүдсэн зүйлгүй. Нэмбэл, Оюутолгой.

Хүн амын өсөлт, тооцох аргачлалын өөрчлөлтөөс үүдэн тоогоор харвал Монголд хөдөлмөр эрхлэлт 30 жилийн өмнөхөөс буурчээ. Тодруулбал, 1992 онд ажиллах хүчний тоо 850 гаруй мянга байсан. Өнгөрсөн онд тооцоход 413 мянган хүнээр нэмэгдэж, сая давсан. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 1992 онд 274.5 мянга байсан бол 2019 онд 832.2 мянга болжээ. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1992 онд 71.0 хувьтай байсан бол өнгөрсөн онд 54.4 хувь болж буурсан байна. Ажилгүйдлийн түвшин 1992 онд 6.3 хувь байсан бол 2019 онд 10 хувь болж өсжээ. Энэ нь өмнө дурдсанчлан хүн амын өсөлт, тооцох аргачлалтай холбоотой гэдгийг Үндэсний статистикийн хороо танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, 2009 оноос өмнөх онуудад ажилгүйдэл, ажилгүйдлийн түвшинг зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн хүрээнд тооцож байсан бол 2009 оноос эхлэн нийт ажилгүй иргэдээр тооцож байгаа юм. Аргачлал өөрчлөгдсөн байна уу, хүн ам өссөн байна уу гэдгээс үл хамааран өнөөдөр Монголд ажилгүйдэл газар аваад байна. Дахин тоо дурдъя. Зөвхөн хөдөлмөрийн байгууллагад жилд 80 гаруй мянган хүн ажил хайж бүртгүүлдэг. Үүний цаана хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлгүй ажилгүй иргэд хэд байгааг таашгүй. Энэ байдал коронавирусийн цар тахлын үед улам эрчимжих нөхцөл ч үүсээд байгаа билээ. Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлснээс хойш буюу 100 хоногт 50 орчим мянган хүн ажилгүй болсон гэдэг судалгааг МҮХАҮТ танилцуулаад байгаа.

Дараагийн нэг үзүүлэлтийг авч үзье. Энэ бол аялал жуулчлал юм. Учир нь Монгол Улс “байгуулагдсан” хугацаандаа эрдэсийн экспортоор бус жуулчдын, дэлхийн хүн амын “импортоор” хэр байж чадсан бэ гэдгийг харъя. Учир нь аялал жуулчлал бол тухайн улсын “хүлээн зөвшөөрөгдсөн” байдлыг илэрхийлэх буй за. Хил хамгаалах ерөнхий газрын “Хилээр нэвтэрсэн зорчигчдын судалгаа”- гаар Монгол Улсын хилээр 1995 онд 527 мянган хүн орсон бол 2019 онд 3.4 сая хүн орж ирсэн. Харин хилээр 1995 онд 532 мянган гарсан бол 2019 онд 3.5 сая хүн гарчээ. 1999 онд манай улсад 154 мянган жуулчин орж ирсний 35.9 хувь нь БНХАУ, 35.3 хувь нь ОХУ, 7.6 хувь нь Японоос ирсэн байна.

Өнгөрсөн онд орж ирсэн 577 мянган жуулчны 29.2 хувь нь БНХАУ, 24.6 хувь нь ОХУ, 17.5 хувь нь БНСУ-ын иргэд байна. Өдгөө Монгол Улс 1.5 сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм.

Монголын улс төрийн өнгөрсөн хийгээд өнөөдөр АН, МАН гэж солбилцсон. Харин эцэстээ МАНАН гэж холилдсон. Удахгүй Монгол Улс 2020 оны УИХ- ын ээлжит сонгуулиа хийнэ. Анх 1992 онд Үндсэн хуулиа баталж парламентын засаглалтай болж, дөрвөн жил тутам УИХ-ын хийгээд Ерөнхийлөгчийн сонгууль хийж ирсэн. Ингэснээр ирэх сард найм дахь удаагийн сонгууль болж, шинэ парламент бүрдэнэ. Монгол Улс анхны сонгуулиа хийхэд сонгуулийн ирц 96 хувьтай байсан баримт бий. Тэгвэл өнгөрсөн сонгуулиар 74 орчим хувьтай болсныг СЕХ-ны тайланд дурдсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд мөн л ижил дүр зурагтай байна. 1993 онд 93 хувьтай байсан ирц сүүлийн сонгууль буюу 2017 онд 60 болж буурчээ. Анхны сонгуультай харьцуулахад ийнхүү ирц буурсан ч 2008, 2012 оны сонгуулиудыг бодвол үл ялиг өссөн байгаа юм. Үүнийг сошиал сүлжээний нөлөөтэй судлаачид холбон тайлбарласан. Энэ сонгуулийн хувьд цар тахлын хөл хориотой таарч байгаа нь ирцийн хувьд асуудал дагуулна гэсэн болгоомжлол байгаа юм. Сонгогдсон гишүүний боловсрол, мэдлэгийг мөн нарийвлан харахад УИХ-д 1992 онд сонгогдсон гишүүдийн 14.5 хувь нь хуульч, 25 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 13.1 хувь нь инженер, 14.5 хувь нь багш, 7.9 хувь нь эмч, 6.6 хувь нь зохиолч, сэтгүүлч, 1.3 хувь нь түүхч, философич, 17.1 хувь нь бусад мэргэжилтэй байжээ. Тэгвэл өнгөрсөн сонгууль буюу энэ парламентад сонгогдсон гишүүдийн 19.7 хувь нь хуульч, 15.8 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч , 26.3 хувь нь инженер, 10.5 хувь нь багш, 6.6 хувь нь зохиолч, сэтгүүлч, 2.6 хувь нь түүхч, философич, 18.5 хувь нь бусад мэргэжилтэй байгааг СЕХ-ны мэдээллээс харж болно. Түүнчлэн УИХ-д 1992 онд дөрвөн эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол 2016 онд 13 болжээ. Шинэ парламент хэрхэн бүрэлдэх нь одоогоор тодорхойгүй ч намуудын нэр дэвшигчдийг оруулахгүйгээр бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн 121 хүний тухайд “бөөр алаг” байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН оруулсангүй арилсангүй Одоо бие даагчидад найдах үлдлээ

    0 0 Хариу бичих