"Улаанбаатар хот Азийн инновацын хаб болох ирээдүй харагдаж байна"

Startupblink дэлхийн стартап (гарааны компани) эко системийн атлас, судалгааны төвөөс гурав дахь жилдээ гаргаж буй Дэлхийн стартап эко системийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол тэр дундаа Улаанбаатар хотыг онцолжээ. Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс, 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг бол тус тайланд дэлхийн топ 100 улс, топ 1000 хотын стартап эко системийн гол үзүүлэлтүүд болох стартап компаниуд болон тэднийг дэмжигч байгууллагуудын тоо, чанар,  бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтай боловсруулан байр эзлүүлдэг байна. Дэлхийн стартап эко системийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс топ 100 улсад багтаж, 93 дугаар байранд, Улаанбаатар хот топ 1000 хотод багтаж 690 дүгээр байранд жагссан байна.

Дээрх тайланд “Улаанбаатар хот бол Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын гол цөм бөгөөд Улаанбаатар хотын стартап эко систем сүүлийн хэдхэн жилийн дотор маш хурдтайгаар хөгжиж технологийн салбарын олон чадварлаг стартап компаниуд урган гарч улсын эдийн засгийг шинэ чиглэл рүү чиглүүлэн залж байгааг харахад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Азийн инновацын хаб болох ирээдүй харагдаж байна” хэмээн онцолжээ.

Залуусын хот болох Улаанбаатар хотын захиргаа нь инновац, стартап бизнес эрхлэгч залуусыг дэмжих зорилгоор 2018 онд дэргэдээ Улаанбаатар Инновацын төвийг байгуулсан. Тун удахгүй тус төвийн салбарууд Яармаг, Баянхошуу, Сэлбэд нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангажээ. Мөн технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10000 программист” бэлтгэх төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)