
Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооно барина гэж биднийг шүлсээ үсэргэж, хуруугаа чилтэл цахимбарын товчлуураа нүдэж суух хооронд алаг үрс маань цаг бусын эндэл ослоор хорвоог орхисоор л. Автын болон ахуйн осол, золгүй тохиолдол, хүчирхийлэл “аз жаргалтай” хотын зам харгуй, гудамж талбай, булан тохой бүрт отох болжээ. Энэ айдас, аюул ирээдүй болсон хүүхдүүдээс аз жаргалыг нь хулгайлж байна. Бүр амь насыг нь булааж ч байна. Эцэг, эхийнхээ гарт амиа алдсан хүүхдүүд хэдэн арваар тоологдож, золгүй тохиолдлын золиос болсон үрсийн тоо өдөр алгасахгүй шахам нэмэгдэж байгаад зүрх сэтгэл урагдах мэт болном.
Өчигдөр л гэхэд өсвөр насны дөрвөн хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд "Хан талст" компанийн үүсгэсэн усан толионд живж амиа алдсан мэдээ олныг хирдхийлгэв. Хуудуутай газар олголт, хайхрамжгүй хяналт шалгалтын балаг дөрвөн бяцхан зүрхийг авч одлоо. Тоглох газар, тордох зүлэгтэйсэн бол тэд маань дүүрэг алгасан цэцэрлэгт хүрээлэнг бэдрэхгүй л байв.
Өөд болоочдыг эргүүлээд босгоод ирэхгүйгээс хойш ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өчнөөн шалтаг, шалтгаан хайж, тайлбар нотолгоо яриад яах билээ. Стандарт шаардлага хангаагүй барилгын компанийн ажлыг арваад хоногийн өмнөөс шалгасан гэх ядруухан тайлбар хийгээд сууж байгаа хяналт шалгалтынхан, газар олгосон тогтоол нь хууль зөрчсөн юм бол хурааж цэгцлэх төмөр нүүрээ гаргаагүй төр буруутай.
Хоёрхон жилийн өмнө хөлбөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдахад, тоглож явсан жаалхүү тогтой утсанд цохиулж хорвоог орхиход, хэдхэн сарын өмнө хөл хорионд гэртээ тоглож байсан гурван бяцхан зүрх үүрд зогсоход бид шуугиад л өнгөрсөн. Өргөгч кранд дайруулж амиа алдсан Есүгэн охины нэрээр барилгын салбарт бугшсан идээ бээрийг шахах хууль батална гэж амалж байсан улс төрчид ч аниргүй болж.
Хүнээ эрсдэж эндэхээс урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаараагүй атлаа төр, захиргааны байгууллагууд ийм золгүй явдал бүрийн дараа сүрийг үзүүлэн мэдэгдэл хийж, гэнэт санасан мэт кампаничилсан ажлууд өрнүүлж, түүнийгээ баахан сурталчилдаг.
Өнөөдрөөс ч тийм сценариар баахан үйл явдлууд өрнөх байх. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг агентлагуудынхан өнөөдөр чанга дуугаар мэдээлэл хийж эхэлнэ. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг бангадан донгодно. Арьсаа хамгаална. Иргэдийнхээ амьд явах эрхийг хангаагүй дарга нар элдэв осол гэмтэл, золгүй явдлын дараа сүрийг үзүүлэх нь ичгүүртэй.
Хэдхэн жилийн өмнө ЭМШУҮИС-ийн судлаачдын эрсдэлт хүчин зүйлсэд хийсэн судалгаагаар ахуйн орчны аюулгүй нөхцөл байдлууд хангагдаагүйн улмаас хүүхдүүд осол гэмтэлд өртөх нь их байгааг тогтоожээ. Төрийн төмөр чихэнд судлаачдын үг хүрээгүй нь тодорхой.
Үр хүүхдээ хайрладаггүй улс оронд ямар ч ирээдүй байдаггүй гэдэг үг бий. Сонгуулийн халуурал, улс төрийн цэцэрхэлээ хойш тавиад үрсийн минь аюулгүй байдлын төлөө үнэн сэтгэлээсээ анхаарал тавиач гэж эрх баригчдаас шаардах цаг нь нэгэнт болжээ.