Хятадын Хубэй мужийн Ухань хотоос дэгдсэн коронавирусийн халдвар дэлхийг хамарсан цар тахал болон хувирснаар, өнөөгийн байдлаар таван сая 500 гаруй мянган хүн вирусийн халдвар авч, 346 мянган хүн амиа алдаад байна. Хятадын Засгийн газар 60 сая гаруй хүнийг хөл хорионд оруулж, улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосноор халдварын тархалтыг намжааж чадсан.
Эсрэгээрээ эрүүл мэндийн тогтолцоо нь коронавирусийн халдварыг бүрэн ялж дийлнэ, амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзэж байсан Баруун Европын улс орнуудад хүмүүс өдөрт хэдэн зуугаараа хорвоог орхиж, халдварын голомт АНУ цаашлаад, Өмнөд Америк руу нэгэнт шилжлээ.
Коронавирусийн халдварыг хөгшчүүдэд халтай өвчин гэж хэлж болохоор байна.
Лондоны Империал Коллежийн судлаачид коронавирусийн халдвар авсан хүмүүсийн нас болон эмнэлэгт хэвтсэн тохиолдлуудын хамаарлыг судалжээ. Тэдний олж тогтоосноор 50-иас доош настай хүмүүсийн таван хувь нь эмнэлэгт хүргэгдсэн бол 70-79 настай хүмүүсийн 24 хувь нь эмнэлгийн тусламж авчээ. Хятад, Итали улсад эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүдийг хамруулсан судалгаагаар 40-өөс доош настнуудын ердөө таван хувь, 60 настнуудын 27 хувь, 70 настнуудын 43 хувь, 80 гаруй настнуудын 71 хувь нь эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. Нас дээшлэх тусам эрсдэл нэмэгдэж буйг энэ судалгаа харуулна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага өндөр настай, чихрийн шижин, хорт хавдар, цусны даралт, зүрх судас болон амьсгалын замын суурь өвчтэй хүмүүс коронавирусийн халдвар авбал илүү эрсдэлтэй гэдгийг анхааруулж байсан. Өнгөрсөн сард Өмнөд Солонгост 96 настай эмэгтэй коронавирусийн халдвар аваад бүрэн эдгэрч, гэртээ гарсныг CNN телевиз гайхамшигтай жишээ гэж нэрлэв.
Хүн ам зүйн шинжлэх ухаанд төрөлт буурч, нас уртассанаар тухайн улсын нийт хүн амд дунд насны хүмүүсийн эзлэх хувь нэмэгдэхийг хүн амын насжилт гэж тодорхойлдог. Дэлхийн дийлэнх улс оронд 65-аас дээш настай хүмүүсийг өндөр настай гэж үздэг.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын тооцоолсноор XXI зуунд дэлхийн хүн ам өмнөх зуунтай харьцуулбал илүү хурдацтай хөгшрөх бөгөөд 2050 онд өндөр настнуудын тоо 2.1 тэрбумд хүрнэ. 2050 онд дэлхийн хүн амын 80 хувь нь том хотуудад амьдарна гэж тооцоолж байгаагаас үзэхэд дахиад коронавирус шиг хөгшдөд халтай өвчин дэгдвэл улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоо дахиад хүнд сорилтуудтай тулгарах нь ээ. Ази, Европын хөгжингүй улс орнуудад хүн амын насжилт нь тухайн үндэстний оршихуйтай холбоотой асуудал болж хувирлаа. Учир нь хүн амын насжилт нь нөхөн үржихүй, ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн сан болон эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй аж. Тухайн үндэстэн нөхөн үржиж, өсч олширч байж залуу, дунд насныхан нь нийгмээ чирч, хөгшид, хүүхдүүдээ тэтгэдэг аж. Гэтэл энэ зүй тогтол насжсан нийгмүүдэд алдагдаж эхэллээ. Хэрэглээний Системийн Шинжилгээний Олон Улсын Хүрээлэнгийн 2018 оны судалгаанд дурдсанаар дэлхийн хамгийн хөгшин хүн амтай арван улсаар Япон, Итали, Герман, Португал, Финланд, Болгар, Грек, Швед, Латви, Дани нэрлэгджээ. Эдгээр улсад хүн амын 19-өөс дээш хувийг өндөр настнууд бүрдүүлж байна. Япон, Итали, Германаас бусад улс нь арав хүрэхгүй буюу арав орчим сая хүн амтай улсууд. Хүн амын насжилт нь олон арван сая хүн амтай том үндэстнүүдийн хувьд толгой өвтгөх асуудал нэгэнт болчихжээ.
2019 онд Япон улсад 864 мянган хүүхэд төрсөн нь 1899 онд хүн амын бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн төрөлт багатай жил аж. Эдүгээ 124 сая гэж тоологдож буй Японы хүн ам 2065 онд 88 сая болж цөөрнө. 2030 он гэхэд Герман, Их Британи, АНУ, Сингапур, Франц улсууд супер-насжилттай улс хэмээх ангилалд орж ирнэ. Өмнөд Солонгост 2018 онд хамгийн цөөн төрөлт бүртгэгдлээ. Коронавирусийн халдварын үеэр дэлхийн улс орнууд Хятад улсад үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай гэдгийг харлаа. Амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг хорио цээрийн дэглэмийн үед нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг Хятад улс л дэлхийд нийлүүлж байна. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон Хятад улсад хүн амын насжилтын асуудал түгшээж эхэлснийг тус улсын Хүн ам зүйн товчоо нь ил тод мэдээлж байна.
2018 онд Хятадын хүн амын 17.9 хувь нь буюу 249 сая хүн 60-аас дээш настай байсан бол энэ тоо 2050 онд 487 сая болж өснө. Тэр үед гурван хятад хүн тутмын нэг нь өндөр настан болох ажээ. Өндөр настны асаргаа, эмчилгээ, тэтгэвэр тэтгэмжийн асуудал Хятадын Засгийн газарт ямар хэмжээний санхүүгийн дарамт үзүүлэхийг төсөөлөөд баршгүй.
Хятадын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын түрэмгий бодлого, газар нутгийн маргаан, зэвсэгт хүчний хүчин чадал нь нэмэгдэж байгааг Ази Номхон далайн бүс нутгийн аюул гэж тодорхойлох нь бий. Үнэндээ Хятадыг сулруулах хамгийн том хүчин зүйл нь хүн амын насжилт болохыг үгүйсгэх аргагүй. Ши Жиньпин тэргүүтэй тав дахь үеийн удирдагч нар засгийн эрхэнд гарч ирээд бараг 30 жил хэрэгжсэн “нэг хүүхэд” бодлогыг цуцалсан. Хэдий тийм боловч Хятадад өнгөрсөн гурван жилд төрөлт нэмэгдсэнгүй. Хятад эмэгтэйчүүд, залуу хосууд хөдөлмөрийн зах зээлд ажлын байраа алдахыг хүсэхгүй учраас хүүхэд төрүүлж гэртээ суух, хүүхдийн боловсролд мөнгө зарахаас төвөгшөөдөг болсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Хүн төрөлхтөн өнгөрсөн түүх, туулсан замтайгаа харьцуулбал хамгийн хөгшин үе рүүгээ алгуур шилжиж байгааг бид харж байна.