Хууль бусаар тараасан бэлэн мөнгө, эд зүйлийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшууллыг нэхэх эрхтэй

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 2-оос албан ёсоор эхлэх учиртай. Гэсэн хэдий ч нэр бүхий нэр дэвшигч, нам эвслийг хууль бус болон далд сурталчилгаа хийж, сонгогчийн саналд нөлөөлөх оролдлого хийж байна гэсэн гомдлууд Цагдаагийн байгууллагад ирсээр байна. Хэрэв сонгогч нөлөөнд автаж нэр дэвшигчид санал өгөхөөр мөнгө, эд зүйл авсан бол өөрөө эсрэгээрээ 10 сая төгрөгөөр торгуулах юм.

Иргэдээс утсаар ам бүлийн тоог асуух, сонгуулийн насны сонгогчдоор регистр, хаягийн бүртгэл авах замаар нэр бүхий нэр дэвшигчид саналаа өгвөл мөнгө өгнө гэх  саналыг  өмнөх жилийн сонгуулиудад хийж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд ч энэ мэтчилэн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, шударгаар өрсөлдөхийн оронд том тойрогт олон сонгогчийн санал авах гэсэн сонгуулийн хууль бус сурталчилгаа аль хэдийн эхэлчхээд байна. Нөгөө талдаа сонгогч та ийнхүү аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөхөөр мөнгө, эд зүйл авсан бол 10 сая төгрөгөөр торгуулна. Харин үүний эсрэг баримт нотолгоо гаргаж, цагдаагийн байгууллагад хандаж хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдвол тухайн өгөх гэсэн мөнгө, эд зүйлээс 10 дахин нэмэгдүүлсэн мөнгөн урамшуулах авах юм.

гэсэн хууль бус сурталчилгааг хориглосон байдаг. Хориглосон хугацаа сонгуулийн ээлжит жил буюу нэгдүгээр сарын 1-ээс эхэлдэг ч хуулийн цоорхойг ашиглаж сонгуулийн бус ч гэлээ өөрийн зураг бүхий зурагт самбар байршуулах, утсаар сонгогчдын саналд нөлөөлөх гэж оролдох гэсэн гомдлууд цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооны хэлтсийн дарга Б.Оюумаа “Иргэд гадуур хууль бус сурталчилгаа явж байна гэж манайд их хандаж байна.  Тэр мэдээллүүдийг цагдаагийн байгууллагад дандаа баримттайгаар нотлох ёстой.  Иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргангуут шалган холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх ёстой” гэлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Иргэд хардаж, сэрдэн өргөдөл, гомдол манайд  ирүүлж байгаа. Энэ бүхэн Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж тодруулах ажиллагаа явагдаж байна. Одоогоор ийм хэргүүд гээд эцэслэн хэлэх боломжгүй байна. Аймаг, дүүргүүдээс энэ төрлийн хэргүүдийг нэгтгэж үзэж байгаа. Аливаа улс төрийн намууд, бие даагчид сонгуулийн хууль тогтоомжоо мөрдөж, хуулийн хугацаанд нь сурталчилгаагаа явуулах, хууль бус аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.

Албан ёсны сурталчилгаа эхлэхээс ч өмнө шударга бус өрсөлдөөн,  далд, хууль бус сурталчилгаа эхэлсэн нь энэ мэт жишээнээс харагдаж байна. Ард түмний төлөөлөл болж сонгогдохоосоо ч өмнө хууль зөрчиж байгаа хүн эрх мэдэлд хүрсний дараа хэрхэн хууль тогтоож, мөрдөж сахиж, олны эрх ашгийг хамгаалах вэ гэдэг асуултыг мэргэн сонгогч танд үлдээе.