Монгол Улс төдийгүй, дэлхийн хэмжээнд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байгаа вэ? Яг энэ асуултад хариулт болгон ерөнхий боловсролын сургуулиа төгсөн, мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийнхандаа зориулан мэдээлэл өгөх зорилгоор бид жил бүр “Боловсрол медиа экспо” арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

Ирэх 10 жилд шинжлэх ухаан, технологи, уул уурхай, хүрээлэн буй орчны мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байх тухай судалгааны дүнг бид өмнөх нийтлэлээрээ танилцуулж байсан. Харин энэ удаа дээрх эрэлттэй салбарын инженерүүдийг илүү өндөр түвшинд бэлтгэж байгаа, өвөрмөц соёлын онцлогийг шингээсэн нэгэн их сургуулийг онцоллоо.

Дэлхийн түвшний инженерүүд бэлтгэхээр зорьж байгаа Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль энэ жилийн хувьд элсэлтээ цахимаар бүртгэж эхэлсэн байна. Ингэхдээ математик, физик, англи хэлний хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харгалзан үзэх аж.

Сургалтаа англи хэл дээр явуулдаг, олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн цөөн сургуулийн нэг. Европын холбооны магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаас хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ авсан нь энэ сургуулийн чанар чансааг тодотгож өгсөн болов уу. Нөгөө талаар олон улсын байгууллагад ажиллах, үргэлжлүүлэн гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүүхэд залуусын мөрөөдөлд нэгэн шат ахиулсан боломжийг нээж өгснөөрөө давуу санагдлаа.

Энэ сургууль 2013 онд Монгол-Германы хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дүнд анх байгуулагдахдаа сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байгаа шинжлэх ухаан, технологи, уул уурхай, хүрээлэн буй орчны чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилт тавьжээ.

Өнөөдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн, салбартаа танигдсан, хотхоны бүтцээр хөгжиж буй их сургууль болжээ. Хотын түгжрэл, дуу чимээнээс хол, тав тухтай хотхон бүхий сургуулиараа оюутнууд нь ихээхэн бахархдаг юм билээ.

Тус сургуулийн төгсөгчид сүүлийн аравны трэнд мэргэжил болох механик инженер, хүрээлэн буй орчны инженер, эдийн засагч инженер, уул уурхайн боловсруулах инженерийн чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдэж байна. Тиймээс ирээдүйн мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчид, тэдний эцэг, эхчүүдэд бид тус сургуулийг сонгох ДОЛООН чухал шалтгааныг онцлон хүргэж байна.

1. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом

МГТИС нь өнгөрсөн онд Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN байгууллагаас Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авчээ. Ингэснээр тус сургуулийн төгсөгчдөд олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрт ажиллах, дэлхийн шилдэг их сургуульд үргэлжлүүлэн суралцах үүд хаалга нээгдэж байна. Үүнтэй зэрэгцэн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ авсан нь тус сургуулийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнийг илэрхийлнэ.

2. Германы инженерийн сургалтын хөтөлбөр

Европт байтугай дэлхийн хэмжээнд инженерийн боловсролоор тэргүүлдэг Герман улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт суурилж, сургалт нь англи хэлээр явагддаг нь тус их сургуулийн төгсөгчид олон улсын компани, үйлдвэрүүдэд ажиллах давуу талыг олгосоор иржээ. МГТИС-д ХБНГУ, АНУ, Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад боловсрол эзэмшиж, сургалт судалгааны чиглэлээр туршлага хуримтлуулсан профессор, багш, мэргэжилтнүүд ажилладаг юм байна.

3. Тэтгэлэг

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй сургуулийн нэрэмжит тэтгэлэг, Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг, Боловсролын зээлийн сангийн зээл, Засгийн газрын буцалтгүй тусламжид жил бүр нийт оюутны 45 орчим хувь нь хамрагддаг ажээ. Амжилттай суралцан сайн дурын ажилд идэвх санаачилгатай оролцож буй оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардалд ийнхүү дэмжлэг үзүүлдэг нь тэдний хувьд бодит тусламж болдог.

4. Хотхон их сургууль

Иж бүрэн тоног төхөөрөмжтэй лабораториуд, 8000 гаруй номын фондтой номын сан, компьютерын лаборатори, фитнесс танхим, уншлагын танхим, цайны газар, эрүүл мэндийн үйлчилгээ, үнэ төлбөргүй Wi-Fi зэрэг их сургуулийн хотхонд шаардлагатай бүхий л тав тух, аюулгүй орчныг МГТИС хотхондоо бүрдүүлж чаджээ.

5. Дадлага ба зуны сургалт

Тус сургууль Герман болон Европын компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг жил бүр тодорхой тооны оюутанд олгодог. Мөн ХБНГУ- ын Фрайбергийн техникийн их сургууль болон БНХАУ-ын Шу Жөү хотын уул уурхайн технологийн их сургуулийн зуны сургалтад оюутнуудаа байнга хамруулдаг.

6. Клуб ба авьяас чадвараа нээх боломж

Оюутнуудын сайн дурын клуб жил ирэх тусам нэмэгдсээр 14-үүлээ болжээ. Сургуулийн зүгээс оюутнуудыг хотхондоо зөвхөн хичээл, судалгаа, дадлага хийх бус хувь хүн талаасаа хөгжих боломжийг эн тэргүүнд олгодог аж. Зөвхөн мэргэжлийн ур чадвар гэлтгүй ёс зүй, бие даан шийдвэр гаргах, багаар ажиллах чадвар болон харилцааны ур чадвараа дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэх олон боломж МГТИС-ийн хотхонд бий. Оюутан шатрын, мэтгэлцээний, амьд хөгжмийн, герман хэлний, химийн, өглөөний клубүүдэд өөрийгөө сорих, авьяасаа нээн илрүүлэх бүрэн боломжтой.

7. Ажлын байр

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал бол тус сургуулийн чансааг тодорхойлох гол үзүүлэлт. Тэгвэл, эдний сургуулийн төгсөгчид "Оюутолгой", "Монголын алт корпораци" (МАК), Монголын уул уурхайн корпораци, “Премиум групп” зэрэг дотоодын болон олон улсын нэр хүндтэй компаниудад ажиллаж, мэдлэг туршлагаа харуулж байна. Өөрчлөлтийг бий болгох дэлхийн түвшний инженерүүдийг “Герман мэдлэг-Монгол ухаан” арга барилаар бэлтгэдэг нь энэ их сургуулийн ялгарах онцлог, давуу тал болж байна.

Та шийдвэрээ гаргаж инженер болох гэж байгаа бол, дэлхийд үнэлэгдэх инженер болохоор шийдсэн бол Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Вэб: www.gmit.edu.mn

Утас: 70232090