Жолооч нар: Зүүн эргэхийг хориглосон нь бусад замуудын ачааллыг нэмж байна
Хотын төвд ачаалал хамгийн их үүсдэг гурван уулзварт зүүн эргэхийг хоригложээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6-р хороо буюу хуучнаар Байгалийн түүхийн музейн уулзвар, Гадаад харилцааны яамнаас Олимпын гудам руу эргэх уулзвар, Шангри-ла худалдааны төвийн уулзвараар зүүн эргэх хориотой юм.

Байгалийн түүхийн музейн уулзвараар жолооч нар зүүн эргэхгүй. Харин МУИС-ийн уулзвар руу нэвтрэхийн тулд НҮБ-ын гудамж болон Бага тойруугийн замаар явах юм. Мөн Багшийн дээдээс чиглэлтэй Гадаад харилцааны яамны уулзвараар урагш эргэхийн тулд Төв шуудангийн уулзвараар буцаж эргэнэ. Ингэж эргэхэд гэрлэн дохио хамаарахгүйгээр замын хөдөлгөөнийг зохицуулсан байна. Уулзвараар зүүн эргэх хугацаа нь ердөө 20 секунд байдаг учраас хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд ийм зохицуулалт хийсэн гэж тайлбарлалаа.
Б.Далайцэрэн: Жолооч нар төв шуудангийн уулзвараар гэрлэн дохио хамаарахгүй буцаж эргэх боломжтой

Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Далайцэрэн “Эдгээр уулзвар дээр ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч өглөөнөөс орой буутлаа тасралтгүй хөдөлгөөн зохицуулж байдаг. Энд 20 секунтэд 5-6 машин зүүн эргүүлдэг байсан. Харин одоо энэ хугацааг өөр ачаалалтай тал руугаа хувааж өгснөөр хөдөлгөөний ачааллыг бууруулж байгаа. Тэгснээр өнөөдөр гэхэд л энэхүү уулзвар дээр цагдаагийн зохицуулагч бие зохицуулалтыг нэг ч удаа хийгээгүй байна. Ингэснээр иргэдийг холоор тойруулж байгаа асуудадл биш” гэв.

Харин жолооч нарын хувьд зүүн гар тийш эргэхийг хориглосон уг шийдвэрийг төдийлөн сайшаахгүй байна. Үе үе замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах нь ойлгомжгүй байдал үүсгэдэг, мөн зүүн эргэхгүй болгосноор хол замаар тойрох шаардлага үүсэж байна гэхчилэн байр сууриа илэрхийллээ.
Эдгээр гурван уулзвараар зүүн эргэхийг хориглосон замын хөдөлгөөний зохицуулалт нь хөдөлгөөний эрчмийг сайжруулсан үр дүн өгч байгаа гэж мэдээллээ. Тийм учраас цаашид эдгээр уулзваруудад хийсэн зохицуулалт үргэлжилнэ гэдгийг дүүргийн замын цагдаагийн хэлтсээс хэлсэн юм.
