Бразилийн эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдварын 330,890 тохиолдол бүртгэгдэж нас баралт 21 мянгаас давсан тухай мэдээллээ. Ийнхүү тус улс халдварын тархалтын тоогоор ОХУ-ыг гүйцэж АНУ-ын дараа бичигдэх боллоо.
Бразил улсаас тархалт эрчимжиж Өмнөд Америкт COVID-19 цар тахлын шинэ давалгаа үүсэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Мөн цар тахалаас үүдэлтэй ердийн дархлаажуулалт тасалдсанаас болж 80 сая орчим нярай сахуу, улаанбурхан, халдварт саа өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байна гэж НҮБ-ын агентлагууд анхааруулав.
Дэлхий даяар 5.2 сая гаруй хүн коронавирусээр оношлогдсон хэмээн Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан мэдээнд дурджээ. Үүнээс 337 мянган хүн нас барж, 2 сая орчим хүн эдгэрчээ.