Дэлхийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, улстөр, спорт, нийгэмд олон асуудал тун тодорхойгүй болчихлоо. Коронавирусийн халдварын нөхцөл байдлыг ажиглаж байж дараагийн алхам, шийдвэрүүдээ тодорхойлж байх шиг. Олон улс оронд парламентын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиуд, бүх нийтийн санал асуулгуудыг хойшлуулчихлаа.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутам арваннэгдүгээр сарын эхний мягмар гарагт явагддаг уламжлалтай. Энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд сонгууль болно. Одоогоор Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгуулийг хойшлуулах тухай албаны түвшинд яригдаагүй ч намын дотоод сунгаанууд хойшлогдож, Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын нэр дэвшигчийг зарладаг их хурлууд нь наймдугаар сард болохоор боллоо. Бүгд найрамдах намаас сонгуульд дахин дэвшинэ гэдгээ Доналд Трамп аль эрт 2017 онд зарлачихсан. Ардчилсан намын хувьд жил гаруйн өмнө өрсөлдөөний дүр зураг их сонирхолтой байлаа. Хорь гаруй хүн барианаас гарч, эцэст нь дэд ерөнхийлөгч асан Жой Байден тунаж үлдлээ. 74 настай Трампын эсрэг 78 настай Байден үзэх нь ээ.

Коронавирусийн халдвараас өмнө Доналд Трампын хамгийн хүчтэй зэвсэг нь эдийн засаг байлаа. АНУ-ын эдийн засаг өсч, тогтворжиж, ажилгүйдлийн түвшин 3.5 хувьд хүрч буурсан. Трамп Ази-Номхон далай дахь гол өрсөлдөгч Хятадыг шахаж, худалдааны алдагдлыг бууруулах чиглэлээр тохиролцов. Хойд Америкийн чөлөөт худалдааны шинэ хэлэлцээр байгуулав. Надтай тохиролцохгүй бол АНУ-ын асар том зах зээлийг ашиглана гэж горьдолтгүй гэж Трамп ярьдаг. Гэвч Хятадын Уханиас дэгдсэн коронавирусийн халдвар нөхцөл байдлыг орвонгоор нь өөрчилчихлөө. АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол бараг 900 мянгад хүрч, 50 мянга гаруй хүн хорвоог орхилоо. Дэлхийн хамгийн том эдийн засаг энэ онд 5.9 хувиар буурна гэж Олон улсын валютын сан тооцоолжээ. 2007-2008 оны санхүүгийн хямралын дараа буюу 2010-2020 оны хооронд Америкийн компаниуд 21 сая орчим ажлын байр шинээр бий болгожээ. Гэтэл ердөө таван долоо хоногийн дотор АНУ-д 26 сая хүн ажилгүй болж, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргажээ. Одоогийн байдлаар Конгресс эдийн засгаа аврах зорилгоор гурван их наяд доллар батлаад байна. Энэ оны АНУ-ын засгийн газрын төсөв 4.7 их наяд доллар шүү дээ. Трампын хувьд эдийн засаг нээгдэж, нөхцөл байдал сайжрахгүй бол сонгуулийн дүр зураг тун бүрхэг байна даа.

Доналд Трампын нэр хүнд 40 хувиас нэг их дээш гарч байгаагүй. Түүний өрсөлдөгч Жой Байдены хувьд ч тийм өндөр чансаатай биш. Сунгаанд хүчтэй өрсөлдөж байсан Берни Сандерс нэрээ татаж, түүнийг дэмжихээ мэдэгдлээ.

Трамп ганцхан бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жил л Ерөнхийлөгчөөр ажиллах ёстой гэж Берни хэлсэн. Түүнээс хойш нэг хоногийн дараа Ерөнхийлөгч асан Барак Обама Жой Байденыг сайн Ерөнхийлөгч болж чадна гэж мэдэгдэв. Гэхдээ Америк, барууны зарим хэвлэлүүдээр Барак Обамагийн дэмжлэг Байденд тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй гэж бичиж байна билээ. Обама 2016 оны сонгуулиар Хиллари Клинтоныг дэмжсэн ч Трампад ялагдсан. 2020 онд энэ дүр зураг яг давтагдана гэж зурагласан байна. Учир нь, Жой Байденыг Обамагийн засаг захиргааны бодлогын үргэлжлэл, шинэ төрх илэрхийлж чадахгүй гэж харах гээд байна л даа. Харин Ардчилсан намын сунгааг хрдчилсан социалист үзэлтэй Берни Сандерс нэлээд эрчтэй эхлүүлсэн боловч супер мягмар гарагийн дараа Байденд далан таваараа бууж өгөв. Үнэндээ коронавирусийн халдвар ч нөлөөлсөн л дөө. Надад Байденыг ялж чадах үр ашигтай төлөвлөгөө алга гэж Сандерс үнэнээ хүлээсэн. Орос, барууны зарим хэвлэлүүд дээр Берни Сандерс өөрийг нь уухайлан дэмжсэн залуу сонгогчдоосоо дахиад нүүр бурууллаа гэж бичив. Үнэндээ коронавирусийн халдвар тархаж, эдийн засаг хумигдсан нөхцөлд Берни Сандерсын Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх амлалтууд хэрэгжихгүй гэдэг нь хэнд ч илэрхий байлаа. Хэрвээ Сандерсын амлалтыг бүрэн хэрэгжүүлнэ гэж үзвэл АНУ- ын төсвийн зардал бараг 100 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан.

Ингэхэд Америкийн залуу сонгогчид Берни Сандерсыг яагаад дэмжих болов. Сунгааны үеэр явуулсан санал асуулгуудаас үзэхэд залуу сонгогчид Берни Сандерс шиг цочмог, дэвшилтэт үзэл санаатай улстөрчдөд саналаа өгчээ. Харин дунд насныхан болон ахмад сонгогчид Байденыг дэмжив. Америкийн сунгаануудад оролцогчдын дийлэнх нь дунд насныхан болон ахмадууд учраас Байден ялжээ гэж дүгнэж болохоор байна.

2014 оны завсрын сонгуульд 18-29 настнуудын дөнгөж 20 хувь нь оролцжээ. Харин 2018 оны завсрын сонгуульд залуусын ирц 38 хувьд хүрсэн байна. Ерөнхийдөө залуу сонгогчид гэдэг бүлэгт шинэ мянганыхан болон Z үеийнхнийг багтаажээ. Яг таг тогтчихсон ангилал биш л дээ. Нийгмийн судалгаа, чиг хандлагатай холбоотой гарч ирсэн ангилал. 1981-1996 онд төрөгсдийг шинэ мянганыхан, 1996-2010 он хүртэлх залуусыг Z үеийнхэн, түүнээс хойш төрөгсдийг альфа үе гэж ангилаад байх шиг. Энэ оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт бүртгэлтэй сонгогчдын 33 гаруй хувийг нь залуу сонгогчид буюу 1980 оноос хойш төрсөн хүмүүс бүрдүүлэхээр байна.

Залуу сонгогчдын оролцоо нэмэгдвэл шинэ залуу улстөрчид сонгогдох магадлалтай юу. Энэ асуултад яг таг хариулах боломжгүй. Маш олон тайлбар бий. Берни Сандерс баячуудаас илүү өндөр татвар авна, эрүүл мэндийн даатгалыг төрөөс даана, сургалтын төлбөрийн өрийг тэглэнэ гэж амласан нь залуу сонгогчдын дэмжлэгийг татахад нөлөөлсөн гэж тайлбарлах нь бий. Үнэндээ бодит байдал дээр, ялангуяа коронавирусний халдвар дэгдэхээс өмнө ч АНУ-д оюутны сургалтын төлбөрийн өр, зээлийн хэмжээ дөрвөн их наяд долларт хүрсэн байв. Эдийн засгийн үйл ажиллагаа хумигдаж, ажилгүйдэл нэмэгдсэн өнөөгийн нөхцөл байдалд хамгийн их зүдэрч буй нь Америк залуус гэж бичсэн байна лээ. Үнэхээр ч тэд өөрсдийн байргүй, түрээсийн байранд амьдардаг, сургалтын төлбөрийн өртэй, сурахын хажуугаар үйлчилгээний салбарт ажил эрхэлдэг залуус. Тэгэхээр залуус өөрсдийнх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадах улстөрчийг дэмжсэн гэж хэлж болохоор байна. Супер мягмар гарагт болсон санал хураалтуудын дүнгээс үзэхэд 30-аас доош настай сонгогчдын 61 хувь нь Берни Сандерсыг дэмжсэн бол дөнгөж 17 хувь нь л Байденд саналаа өгчээ. 30-44 настнуудын 43 хувь нь Сандерсыг, 23 хувь нь Байденыг дэмжсэн байна. Гэхдээ эцсийн дүнд 45-аас дээш насныхан сонгогчдын дийлэнхийг бүрдүүлдэг учраас Байден ялжээ.

Берни Сандерсын дэвшилтэт зүүний үзэл гэгч нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэмжээнд хүргэж чадсангүй. Гэхдээ тэр Америк залуусыг нийгмийн өөрчлөлтөд уриалж, идэвхжүүлж чадсаныг үгүйсгэх аргагүй. Сонгуульд идэвхтэй оролцвол тодорхой өөрчлөлт бий болгож чадна гэдгийг харуулав. Залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд бүртгэлийн системийг боловсронгуй болгох, онлайнаар саналаа өгдөг болгох тухай асуудал яригдаж л байна. Энэ оны Америк дахь сонгуульд залуу сонгогчид ямар нөлөө үзүүлэхийг ирэх намрын санал хураалтын үр дүн харуулна даа. Нөгөө талаар аль ч нийгэмд яригддаг сонгогчдын боловсролын тухай асуудал ч хөндөгдөж байна. Берни Сандерсын зүүний үзэл санаа АНУ-ын Засгийн газрыг улам данхайлгаж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй эсэхийг лавлахад залуу Америкчууд огт мэдэхгүй гэж хариулсан байх нь ч бий. Бүр зарим нь социализм гэдгийг сошиал буюу нийгмийн сүлжээтэй ч адилтган ойлгосон гэх мэдээг уншиж л байлаа. Тэгэхээр залуу сонгогчдод мэдээлэл өгөх нь зөвхөн сонгуулийн хорооноос гадна боловсролын салбарын ч асуудал болж таарах нь ээ.