Монголын дүрслэх урлагт хайпер реализм чиглэлээр өөрийн орон зайг хэдийнэ тунхаглан байгаа ч хэтэрхий даруухан зураачийг энэ удаад онцлохыг хүслээ. Амьдралыг өнгө алаглуулан сүлж, гэгээнээр дүрсэлсэн түүний уран зургууд хэн хүний харааг булаан сэтгэлийн таашаал, амар амгаланг эдлүүлэн басхүү түүхийн хуудсыг хамтдаа эргүүлэх боломжийг олгоно.
Янзагаа дагуулсан халиу буга, цуутын цагаагч гүүгээр эх үрийн хайр энэрлийг байгальтай нь дүрсэлсэн. Түүнчлэн усан доторх гайхамшигт ертөнцийг бүхэлд тодоор урласан эрхэм бол зураач Х.Баяр.
“Харандаа харандаа
Хорогдсоор хорогдсоор
Хамаг бие нь барагдсаар барагдсаар
Дүр дүрс нь тодорсоор тодорсоор
Дүүлэн нисэх мэт амилсаар амилсаар... Реалист зураач Х.Баярын бас нэгэн цоо шинэхэн уран бүтээл төрөн гарлаа” хэмээн шог зураач С.Цогтбаяр “Тарвас идэж буй охин” зургийг нь цахим сүлжээнд дэлгэж байсан юм.

Зураач Х.Баярын өөрийн хөрөг
Тэрээр сүүлийн нэг жил ийнхүү өнгийн харандаагаар бүтээл туурвиж байгаа бөгөөд тэдгээр бүтээл бүр нь яг л бодит мэт өөдөөс амь орон мишээнэ.
Ардын жүжигчин Л.Жамсранжав агсныг өнгийн харандаагаар буулгахдаа “Гамлетын дүрийг анх удаа Монголын тайзнаа амилуулсныг нэхэн дурсав” хэмээн бичжээ.
Өнгийн харандаагаар хэний ч санаанд оромгүй урлагийн өвөрмөц бүтээл хийж болно гэдгийг түүний зургууд харуулдаг.
Монголын хайпер реалист зураач Х.Баяр жүжигчин, урлаг, спортын алдартнууд, улстөрчдөөс Монголд нэрээ дуурсгасан хүмүүсийн хөргийг зурдаг.
Тиймдээ ч тэрээр анхны бие даасан үзэсгэлэнгээ 2017 онд “Монголын үнэртэй салхи” нэрээр хөрөг зургаар голлон гаргаж байсан юм.
Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд зураач, дизайн чиглэлээр төгссөнөөс хойш тууштай 20-иод жил зургаа зурж буй уран бүтээлч Х.Баярыг арай л хожуу бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ дээ гэх хүн ч байсан. Гэхдээ түүний хувьд хайпер реализм чиглэлийг барьж зурдаг учраас реализмыг улам төгс болгож гаргаж ирэхийн тулд олон жилийг зарцуулсан гэх. Тэрээр энэ тухайгаа “Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд төгссөн. Тус сургуульд суралцаж байх үедээ дараа нь ч гэсэн хийсвэр зураг зурдаг байсан. Түүнийг зурахад ч гэсэн арга ажиллагаа их дутагддаг. Зүгээр л зураад байдаг юм биш. Арга техник гэж бий. Арга техникээ гаргаж ирэхийн тулд урт хугацаа зарцуулдаг. Тэгэхээр бодит зургаа сайжруулж байгаад дараа нь тэр арга техниктээ шилжиж орж болно. Тийм учраас би бодит зургаа эргээд барьж авсан. Сүүлийн 10-аад жил бодит зургаараа дагнан ажиллаж байна.

Тарвас идэж буй охин
Ер нь айхтар хар бараан зүйл дүрслэх дургүй. Яах вэ шүүмжлэлтэй хандаж болно л доо. Гэхдээ нийгэм, түүхэнд үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн хөргийг бүтээж байна. Тэр нь жүжигчин, урлаг, спортын алдартнууд, улстөрчид ч байж болно. Ер нь бол Монголд нэрээ дуурсгасан хүмүүсийн хөргийг зурсан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Х.Баяр Оросын алдарт зураач Иван Шишкиний бүтээлийг болон байгалийн зургийг хуулж зурдаг байсан нь одоогийн реалист урсгалаар зурахад их нөлөөлжээ. Тэр дундаа хайпер реализм чиглэл нь бодит байгалийн зураг дээр илүү нарийн ажиллана гэсэн үг. Зарим зураач амьтан эсвэл хөргөө зурчихаад бусад хэсгийг нь уусгаад орхичихдог бол хайпер реализм нь зургийн бүх талбай дээр ажилладаг дүрсэлж буй бүхий л зүйлээ нэгийг ч орхигдуулалгүй нарийн тоочин дүрсэлдэг төрөл.

Цуутын цагаагч гүү

Ардын жүжигчин Л.Жамсранжавын хөрөг
Анхны үзэсгэлэндээ тэрээр Монголын түүхэн эрхмүүд болон олны танил урлаг соёлынхны хөргийг дүрслэхийн сацуу өөрийн хөргийг дэлгэсэн. “Зураач” хэмээх бүтээлдээ өөрийн хөргийг реалист хэв шинжээр илэрхийлэн хэрээг тагтаа болгон хувиргаж буйгаар дүрсэлсэн юм. Зураач Х.Баяр өөрийн хөргөө “Миний санаа бол зураач хүний нийгэмд эзлэх байр суурь өндөр байсан. Хааны ордонд л ажиллаж амьдарч, бүтээлээ хийдэг дундад зууны мундаг зураач нар бий шүү дээ. Тэрийг бас илэрхийлэхийг зорьсон. Нийгэмд гүйцэтгэх үүрэг гэх юм уу даа. Одоо энэ хар хэрээ байна. Хар хүч ч гэж харж болно. Тэрийг зураач хувилгаан шидээр тагтаа болгож хувиргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөрөө төлөөлүүлэн зураач хүн бол ийм хүмүүс байх ёстой гэдгийг л харуулж байгаа юм” хэмээн тайлбарласан байдаг.
Түүний хоёр дахь үзэсгэлэн ан амьтан, байгаль, хөрөг зургууд хослон 2018 онд “Уяхан замбуу тивийн наран” нэртэйгээр олны хүртээл болсон. Тэрээр хөрөг зургуудаа зохиомжилж зурдаг бөгөөд Монголд фантази арт чиглэлийг оруулж ирэхээр зорьж буй уран бүтээлч юм.
Түүний бүтээлүүд нарийн, чамин, амьд мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Тэр саяхан хөх тэнгэрийн дор хөдөө талд малаа хариулан үнэгчилж буй охиныг дүрсэлсэн бүтээлээ дуусгажээ. Хонио хариулж буй охины зүүдэнд бурхан болсон ээж нь ирэхдээ уншиж буй номынх нь баатар болох үзэсгэлэнт лусын дагины дүрээр ирнэ. Хариулж яваа мал сүрэг, нохой нь зүүдэнд нь хамт. Хөх тэнгэр нь далай тэнгисийн ус болон хувирчээ. Энэ бүтээлийн нэр нь “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”. Зураач Х.Баяр энэ бүтээлээ Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн тоглосон “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” уран сайхны киноны нэрээр нэрлэсэн гэдэг.
2019 онд өнгийн харандаан бүтээл дээр түлхүү ажиллажээ. “Монголд өнгийн харандаагаар олон зураач зурдаггүй. Үүгээр дагнаж уран бүтээл хийдэг зураач байхгүй. Энэ бол цоо шинэ төрөл учраас дагнан уран бүтээл хийхэд их цаг хугацаа шаардсан” гэдгийг зураач тодотгон хэлсэн юм.
Заавал үнэтэй брэндийн будаг, эд хэрэгсэл хэрэглэж гоё бүтээл төрдөггүй юм. Энгийн харандаагаар маш сайн бүтээл хийж болно гэдгийг хүүхэд, залууст харуулахыг зорьсон аж. Түүний шинэхэн үзэсгэлэнд өнгийн харандаагаар зурсан 20 гаруй бүтээлээс гадна тосон будгаар урласан шинэхэн бүтээлүүд нь ноёлох гэнэ.
Харандаагаар зураг зурахад их хугацаа шаардана. Жижиг бүтээл гэлтгүй. Хүмүүс бичгийн цаасан дээр өдөртөө зураг зурчихна гэж боддог. Гэтэл тэр хэмжээний зургийг бүтэн сарын хугацаанд зурах тохиолдол ч бий. Жишээлбэл, тэрээр жүжигчин Р.Анхнямын хөргийг өнгийн харандаагаар бараг нэг сар зуржээ. Ер нь зураачийн арга техникээс гадна өнгийн харандаагаар зураг зурахад цаг хугацаа их шаарддаг талаар зураач ярьсан юм.
“Би төгс бүтээл хийхийг хүсдэг” хэмээн онцолсон зураач Х.Баяр тун удахгүй өөрийн бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар бэлдэж байгаа гэсэн шүү.

Монголд нэг удаа (Зотон тосон)

Тул ба нугас Орхны хүрхрээ (Зотон тосон)

Хунт нуур (Зотон тосон) Ардын жүжигчин, XX зууны манлай балетчин Ю.Оюун

Их зохиолч Д.Нацагдоржийн хөрөг