Масами Оюутан

Хөл хорионы улмаас Улаанбаатарт саатсан гадаад оюутнуудтай ярилцлаа.

ЯГ ҮНЭНДЭЭ БИ ЭХ ОРОН РУУГАА БУЦМААР БАЙНА

Намайг Морияма Масами гэдэг. Би МУИС-ийн Монгол хэлний бэлтгэл ангийн оюутан. Ахлах сургуульд сурч байхдаа дэлхийн түүхийг судлан хэлний мэргэжилтэн болохыг хүссэн. Тэр үед Чингис хаан гэж дэлхий дээр хамгийн мундаг хаан гэж бичсэн нь миний сонирхлыг татан монгол хэлийг сонгох судлах болсон. Анх Монгол гэхээр малчдын улс, монгол гэр байдаг гэсэн төсөөлөл л байсан. Би Японы их сургуульд монгол хэлний чиглэлээр суралцсан. Илүү сайн суралцахын тулд өнгөрсөн есдүгээр сард Монголд анх удаа ирэн МУИС-ийн хэлний бэлтгэлд суралцаж байна.

Надад Монголд ирсний дараа монгол хүний сэтгэл маш их таалагдаж байгаа. Манай МУИС-ийн багш монголчууд нээлттэй хүмүүс гэж хэлсэн нь их оносон санагдсан шүү. Япончууд бол хэтэрхий нэрэлхүү зантай. Монголд ирээд миний сэтгэл хүртэл их нээлттэй болсон.

Дэлхий нийтээр тогтоогоод байгаа хөл хорионы улмаас нутаг буцаж чадахгүй байдалд хүргэсэн нь надад хүнд байгаа. Учир нь гэрээсээ анх удаа хол явж байгаа болохоор гэр бүлийнхнийгээ маш их санаж байна. Ийм удаан хугацаагаар хол байна гэж бодоогүй.

Япон руу тусгай үүргийн нислэг явах боломжгүй гэдэг хариуг ЭСЯ-наас өгсөн.

Манай гэр бүлийнхэн ч гэсэн Монголд байвал өвчний аюул багатай, байдал намжтал байж бай гэсэн. Манай аав үйлдвэрийн дарга учраас хэрвээ би буцахдаа коронавирусийн халдвар авчихвал аавын маань үйлдвэр зогсоход хүрнэ. Тийм болохоор сая БНСУ руу ниссэн тусгай үүргийн нислэгийг сонгоогүй, болгоомжилж байгаа. Япон улс Монгол Улсаас хожуу арга хэмжээ авсан учраас байдал хүндэрсэн. Монгол маш мундаг гэж бодож байгаа. Найз нөхөд маань ч гэсэн Монголд байсан нь дээр гэж хэлж байгаа. Яг үнэндээ би Япон руу буцмаар байна. Багаасаа хайрлаж өсгөсөн манай нохой хөгшин болж байгаа болохоор намайг байхгүйд үхвэл яана аа гэж санаа зовж байна. Мөн би нэг л эгчтэй. Эгч маань ирэх наймдугаар сард нөхөрт гарна. Түүнээс өмнө амжиж очоод хамтдаа байж чадахгүй бол яана аа гээд санаа зовох зүйл зөндөө бий.

Харин хөл хорионы үед бие даан өөрт байгаа номуудаа ашиглан суралцсаар байгаа. Би монгол найз залуутай болохоор өдөр бүр монголоор ярилцдаг. Найз залуу маань Японд амьдарч байсан. Хамтдаа буцах байсан ч хөл хорионы улмаас одоо хэн нь ч явж чадахгүй л байна.

Хэдийгээр санаа зовох зүйл их байгаа ч эрүүл мэнд маш чухал учраас их бодож үлдэх шийдвэр гаргасан.

МОНГОЛД АНАГААХЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Брандон Ювижс

Намайг Брандон Ювижс гэдэг. Би МУИС-ийн Монгол хэлний бэлтгэл ангийн оюутан.

Би Монголын талаар анх удаа дунд сургуульд байхдаа түүхийн номоос олж уншсан. Тэгээд түүхийг нь улам дурлан судалж “Монголын нууц товчоо” номыг англи хэлээр уншсан. Монголын түүх, өв соёл бол баялаг, олон зуун жил дамжсан нь улам сонирхол татсан. Багаасаа л тай, перу, орос хэл сурах дуртай байсан болохоор надад монгол хэл сурах нь маш сонирхолтой санагдсан. Дунд сургуулиа төгсөөд Америкийн их сургуульд суралцахаасаа илүү Монголд ирж суралцахыг хүссэн. Учир нь би англи хэлэнд тийм ч дуртай биш. Манай ээж, эмээ, аав бүгд эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, сувилагч мэргэжилтэй. Тийм болохоор би Монголд эмчийн мэргэжлээр сурахыг хүссэн. Хэрвээ АНУ-д анагаахын чиглэлээр сурвал төлбөр өндөр бас зөвхөн техник хэрэгсэлтэй л харилцдаг эмч болно. Харин Монголд анагаахын чиглэлээр суралцах нь хямд, илүү мэдлэгтэй эмч болно гэж дүгнэсэн учраас Монголд суралцахаар шийдсэн.

Тийм учраас өнгөрсөн нэгдүгээр сард Монголд суралцахаар ирсэн. Гэвч тэр үед коронавирусийн халдвар улам их гарч хөл хорио тогтоон хичээлдээ авж чадалгүй өнөөдрийг хүртэл оюутны дотуур байрандаа бие даан хичээлээ хийж байна. Манай багш ирж уулзан хичээл ирэх есдүгээр сард орно гэдгийг хэлсэн. Гэхдээ би гэртээ харих боломжгүй байгаа учраас оюутны байрандаа л байна.

Монголд ирэхээсээ өмнө зөвхөн Монголын түүхийг уншсан байсан болохоор одоогийн Монголын нийгмийн талаар ямар ч төсөөлөл байгаагүй. Тэр ч утгаараа монголчууд морь унадаг, дандаа сүүтэй цай уудаг, бүх хүмүүс монгол бөхөндөө дурладаг гэсэн л ойлголттой байсан. Монголд байгаа хэдий ч миний монгол хэл тийм ч сайн биш байгаа болохоор хүндрэлтэй зүйлс их бий. Тэр бүр гадуур яваад байж болохгүй. Гадаад оюутны байранд Өвөр Монгол оюутнууд олон болохоор Өвөр Монгол дуудлагатай. Тэдний дуудлага өөр болохоор ойлгоход хэцүү. Би халх монгол хэл сурмаар байгаа болохоор амаргүй л байна. Хөл хорионы үед бидэнд өдөрт нэг цаг л гадуур явах зөвшөөрөл өгдөг. Ярианы дадлага хийн чихээ онгойлгон монголчуудтай ярилцмаар байгаа ч амны хаалттай байгаа болохоор дуудлага нь ойлгогдохгүй юм билээ. Оюутны байрандаа ч бид амны хаалт зүүдэг.

Саяхан Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад найзуудынхаа хамт оролцсон. Манай монгол найзууд утсаар ярин “Богд ууланд гал гарлаа, бид унтраахаар явж байна. Та нар нэгдэх үү” гээд ярьсан. Оюутны байранд байсан Польш, Орос хоёр найзынхаа хамт шууд л тийшээ явсан. Уулын оргил өөд 20 литрийн саваар ус дамжуулан гал унтраахад их ядарсан шүү. Бид нэг л дэлхийд амьдарч байгаа болохоор гал унтраахад ажилд гар бие оролцсондоо баяртай байгаа.