ХЭРВЭЭ ХИЛИЙН ХОРИГ ТАВИГДВАЛ ОЧООД ШАЛГАЛТУУДАА ӨГНӨ
Э.Хаш-Эрдэнэ Оюутан
Намайг Э.Хаш-Эрдэнэ гэдэг. Би БНХАУ- ын “Nei Meng Gu Ta Xue” сургуулийн аялал жуулчлалын ангийн төгсөх курст суралцдаг. Анх 12 настайдаа БНХАУ-ын бага сургуульд элсэн суралцаж эхэлсэн. Би жилдээ нэг сар орчим л Улаанбаатарт байдаг. Энэ жил л дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын улмаас удаан хугацаагаар гэртээ амарч байна. Тэр ч утгаараа нийслэлтэйгээ илүү танилцах боломж бүрдсэн гэж хэлж болно. Орчин үеийн залуус илүү соёлтой болсон юм шиг санагддаг. Өмнө нь гудамжинд хаа сайгүй хүмүүс тамхи татдаг байсан бол одоо больсон байх жишээтэй.
Хятадыг сонгон суралцах болсон нэг шалтгаан нь сургуулиуд нь сурах бичгээр бүрэн ханган спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахад шаардлагатай бүхий л орчинг бүрдүүлж өгсөн байдаг. Тухайлбал, сургууль болгон өөрийн гэсэн хотхонтой. Манай сургуульд 21 улсын 600 гаруй оюутан суралцдаг. Сургуулиас гадаад оюутнуудын хувьд амьдрах орчныг илүү сайн шийдсэн юм шиг санагддаг. Түүнчлэн хятад оюутнууд бидэнд маш сайн ханддаг. Гадаад оюутан сургуулийн автобус, фитнесс, хоолонд хүртэл хөнгөлөлт эдэлдэг.
Харин Улаанбаатарт ирээд зам дээр авто машины түгжрэлд ихэнх цагаа зарцуулдаг. Гэтэл урд сургуулийнхаа хотхонд бүхнийг амжуулдаг. Хичээлдээ яваад хооллоход хоёрхон минутын зайтай газар л очиж үйлчлүүлнэ. Тэндээсээ фитнессд хамрагдан дараагийн хичээлдээ явж, хүссэн зүйлээ хийж болно гээд олон давуу талтай.
Анх Монголд байхдаа хятад хэлийг судалж, үзэж эхэлсэн. Гэхдээ орчинд нь хүмүүстэй харилцан ярилцаж сурах нь илүү чих онгойдог юм билээ.
Манай сургуулийн улирлын амралт нэгдүгээр сарын эхээр таарч, ихэнх оюутнууд нутаг буцсан. Тухайн үед онцгой байдал үүсээгүй байсан. Би энэ жил сургуулиа төгсөж байгаа болохоор хятад хэлний түвшин тогтоох нэмэлт шалгалт өгөх шаардлага гараад үлдсэн. Учир нь би сургуулиа төгсөөд магистрт элсэн суралцах хүсэлтэй байгаа болохоор заавал тэр шалгалтыг өгөх ёстой . Тэгээд шалгалтаа өгөөд хөл хорионы өмнөхөн л гэртээ ирсэн.
Энэ жилийн хувьд хөл хорионы улмаас сургуулийн улирлын амралтыг сунган бид интернэтээр хичээлээ үзэж байгаа. Мөн сургуулийн зүгээс энэ жил төгсөх оюутнуудад нэмэлтээр хичээл сонгох боломжийг нээж өгсөн. Тиймээс цагийг илүү ашигтайгаар өнгөрүүлж байгаа. Манай сургуулийн зүгээс одоогоор төгсөлтийн шалгалтаа хэрхэн зохион байгуулах талаар хариу өгөөгүй. Тавдугаар сарын 7-ноос эхлэн сургуулийн хичээл хэвийн үргэлжлэх болохоор гадаадад хөл хорионы улмаас сургалтдаа хамрагдаж чадахгүй байгаа оюутнууддаа зориулсан хөтөлбөр удахгүй гаргана гэсэн. Хэрвээ хилийн хориг тавигдвал очоод шалгалтуудаа өгнө. Би энэ жил төгсөх боломжоо хангасан байсан. Хэрвээ хоёрдугаар сард сургуульдаа очсон байсан бол гуравдугаар сард тэтгэлгийн хугацаа зарлахад шалгалтуудаа өгөөд асуудлаа шийдчих байлаа. Манай сургуулиас магистр суралцаж болно, дүнгүүдээ эцэслэн гаргаарай гэсэн юм. Одоо тэрхүү тэтгэлгийн хугацаа нь дууссан учраас өөр сургууль руу суралцах хүсэлтээ илгээсэн. Хариу нь ирэх наймдугаар сард гарна.
Хөл хорио амаргүй байгаа. Би Монголд 14 хоноод буцна гэж бодоод хоёр өмд, цамцтайгаа л ирсэн. Оюутны байрандаа нөүтбүүк зэрэг бүхий л юмаа орхиод ирсэн болохоор хэрэглээний хувьд хэцүү байна. Дулаан орохоор л Монголд очоод найз нөхөдтэйгөө уулзана гэж бодож байсан ч одоо гэртээ байхаас өөр сонголт алга. Гэхдээ хэрвээ халдвар гарч нөхцөл байдал хүндэрвэл өөрсдийгөө хамгаалан гэртээ байх нь зөв. Амны хаалтаа тогтмол зүүн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөгөөг даган хайртай бүхнээ эрсдэлээс хамгаалах нь чухал.