2020.05.18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1047 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 705-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний 3 нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 7 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байсан байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
18-ний 19 цагийн орчимд Төв аймаг, Баянхангай сумын нутаг Атар-13 гэх газарт Асфальтан замд Kia- Bongo маркийн автомашин, Toyota-Ist маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Г-н /61 настай эрэгтэй/ амь нас хохирсон.
20-ны өглөөний 08 цаг 30 минутын үед ХУД-ийн 3 дугаар хороо Бармаш ХХК-н баруун урд замд Toyota-Allion маркийн Б жолоочтой автомашин, Toyota-Prius маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota-Prius маркийн автомашин зорчих хэсгийн гадна зогсож байсан Э-г /46 настай, эрэгтэй/ мөргөж амь насыг хохироосон.
20-ны 20 цаг 30 минутын орчимд Архангай аймаг, Их тамир сум “Бугат баг Ахимын даваа” ар гэх газарт шороон замд улсын дугааргүй О жолоочтой бага оврын трактор онхолдож, жолооч О-н /26 настай, эрэгтэй/ амь нас хохирсон.
2020.05.20-ны 20 цагийн орчимд Завхан аймаг, “Загастайн даваа” гэх газарт шороон замд Д жолоочтой Toyota-Raun маркийн автомашин онхолдож, зорчигч С /72 настай, эрэгтэй/, зорчигч Б /13 настай, эрэгтэй/ тус тус 2 хүний амь нас хохирсон.
20-ны 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газарт асфальтан замд Ц жолоочтой Nissan Advan маркийн автомашин онхолдож, зорчигч Ц / 56 настай, эмэгтэй/, зорчигч Ц /6 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/, тус тус 3 хүний амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 98 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгдсэн.
Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 7 хүний амь нас хохирсон ба дээрх замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулах, жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.