Монгол Улс цар тахлын голомт болсон ОХУ-ын Европын хэсгээс иргэдээ энэ сарын 25-нд тусгай үүргийн нислэгээр татаж авахаар болсон билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Уралын нуруу, Баруун Сибирийн орчмын хот сууринд ажиллаж сурч байгаа иргэдээ мөн Хиагт, Алтанбулагаар дамжуулан хүлээж авах асуудал яригдаж байгаа аж. Хойд хөршийн газета цахим хуудаст мэдээлснээр, эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоо тасралтгүй өссөөр 1000 давжээ. ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд хүсэлт гаргасан иргэдийн тоо энэ сарын 20-нд 1000 хүрээгүй байсан аж.

Иргэдийг буцаан татах ажлыг явуулахдаа халдварын тархалт ихтэй хотуудад сурч буй, дотуур байрны асуудалд орсон оюутнууд, өмнө нь явагдсан буцаан таталтаас үлдэж хоцорсон оюутнууд, сургуульд ороогүй хүүхдүүд гэсэн эрэмбээр  хамруулах ажээ.

Буцаан таталтыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлсээр байх болно гэдэг мэдээллийг ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ хойд хөршийн хэвлэлүүдэд өгчээ.