Хонконг бол яалт ч үгүй эх газрын Хятадын тасархай. Гэтэл яалт ч үгүй газар нутгийнх нь нэгэн хэсэг, яс махны тасархай нь яагаад гүрэн улсыг нь бутаргах, тусгаар тогтнох үзлийг хөөрөгдөгч хамгийн эмзэг цэг нь болж хувирав аа.
Их Британийн нөлөөлөл
Хонконг нь түүхэнд “Нанкины хэлэлцээр” хэмээн нэрлэгдэж үлдсэн гэрээний дагуу 1842 онд Их Британийн эзэмшилд очсон бөгөөд 1997 онд буцаагдах хүртлээ европчуудын заасан замаар явж ирсэн юм. Хятадаас оюун санааны хувьд тусгаар болох үйл явц эндээс эхэлж, 150 жил өнгөрөхөд харахад л хятад болохоос биш оюун санаагаараа европжсон орчин үеийн хонконгчууд бий болсон байв. Гэтэл Их Британичууд явахдаа зүгээр ч нэг явчихсангүй. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонконгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлгээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой, "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна” гэсэн гэрээ үлдээгээд явсан. Харин БНХАУ хүлээж тэвчилгүй автономит эрхийг нь хумьж эхэлснээр асуудал үүссэн юм. Зөрчил эндээс эхтэй.

Хонконгчуудын эсэргүүцэл
Дээр бичсэнчлэн, Хонконг нь 1997 онд БНХАУ-ын мэдэлд шилжсэн ч автономит эрхээ хадгалж, “Нэг улс-хоёр тогтолцоо” гэдэг зарчмаар явж ирсэн. Хонконг нь өөрийн гэсэн хууль журамтай бөгөөд иргэдийн эрх чөлөөг эх газрын Хятадаас илүү өргөн хүрээнд хангасан байдаг. Хонконгод өөрийн гэсэн бие даасан, хараат бус шүүх, эдийн засгийн тогтолцоо бий. Бээжин батлан хамгаалах, гадаад бодлогыг барьдаг ч дээр дурдсан ялгарлаа Хонконг хадгалсаар ирсэн бөгөөд цаашид ч хадгалах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь Бээжингийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа юм. Одоо явж байгаа зөрчил тэмцэл нь Хонконгийн эрх баригчид БНХАУ-тай ялтан солилцох тухай хууль батлах гэснээс эхтэй. Энэ хуулийг эсэргүүцэж жагссанаас болж асуудал үүссэн байдаг.

Хонконг дэлхийн 20 улстай ялтан солилцох гэрээтэй. Харин БНХАУ-тай одоо хүртэл гэрээгүй явж байгаа юм. Хэрвээ Кэрри Ламын зүтгүүлсэн хуулийг баталбал Хонконгийн шүүх эрх мэдэл БНХАУ-ын гарт орно гэж хардсан нь иргэд гудамжинд гарах үндсэн шалтгаан юм. Хонконгчууд БНХАУ-ын шүүх хүмүүнлэг гэдэгт эргэлздэг. Мөн энэ хууль баталбал автономит эрхээс нь хумслагдан гэж айсан учир ийнхүү ирээдүйнхээ төлөө үг, үйлдлээ нэгтгэж байгаа юм.
Бээжингийн тууштай байдал
Бээжин өнөөдөр нээгдэх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг хэлэлцэн батална. Синьхуа агентлаг өчигдөр энэ талаар урьдчилан мэдээлсний дараа АНУ маш эмзэг хандаж, “Бээжингийн энэ түрэмгийлэл нь Вашингтоныг БНХАУ-тай харилцах харилцаагаа дахин авч үзэхэд л хүргэнэ” гэсэн нь анхаарал татсан. БНХАУ-ын эрх баригчдын ярьж байгаагаар бол хуульд Хонконконгод салан тусгаарлах үзлийг хориглох агуулга шингэсэн байгаа. Харин АНУ салан тусгаарлах үзлийг нухчин дарах агуулгыг нь түлхүү ярьж байна.
Харин Бээжин үүнийг улсын дотоод асуудал өөрсдийнхөөрөө шийднэ гэж байгаа юм.