Монголбанкнаас мэдээлснээр, Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар тайлангаа амжилттай хамгаалвал 10 дугаар сар гэхэд саарал жагсаалтаас гарах боломжтой гэлээ. Энэ талаар тус банкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас тодруулахад,
-Бид 1 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон Ази Номхон далайн хамтарсан бүлгийн (АНДХБ) хурлаар 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээрх 6 ажлыг танилцуулж хамгаалсан. Парис хотноо 2 дугаар сард болсон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит хуралдаанаар Монгол Улс нийт үүрэг даалгаврынхаа 50 хувийг биелүүлж хангалттай үнэлгээ авсныг зарласан. Ингээд бидэнд 3 ажил үлдсэн.
Гэвч Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ФАТФ-аас Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-ийн үйл явцыг зогсоож, улс орнуудыг хянах явцыг 4 сараар хойшлуулсан. Уг шийдвэрийг гаргах талаар манай улсад урьдчилан мэдэгдсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдаас ФАТФ-ын ерөнхийлөгчид хандан Монгол Улс хяналтын үйл явцыг үргэлжлүүлэн, хийсэн ажлаа тайлагнах, хамгаалах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Ингэхдээ цахим хэлбэрээр хамгаалах тухай хүсэлт гаргасныг ФАТФ-ийн Ерөнхийлөгчөөс албан ёсоор хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн. ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл маань идэвхитэй ажиллан, тайлангаа 4 дүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн.
Монгол Улс АНДХБ-т 5 дугаар сарын 11-ний өдөр үлдсэн 3 ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан. Хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Хурлын үр дүн урьдчилсан байдлаар 5 дугаар сарын 28-нд гарч, ФАТФ-ын албан ёсны хариу 6 дугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа.