“Бурхны авралаар, чи ирлээ!” хэмээн оролцогчдыг угтах тайз үзэгч таныг гайхшируулж байна уу? Юу хүлээж байгаа нь үл мэдэгдэх хаалгыг татан орох оролцогчдыг ч нэвтрүүлгийн тайз засал, хувцаслалт, жүжигчдийн бүтээж буй дүрүүд цөм алмайруулдаг.

“Бурхны авралаар, чи ирлээ!”  шоу нэвтрүүлэг нь “improvised comedy” буюу “бэлдээгүй хошигнол” төрөлд багтах контент бөгөөд оролцогчид ямар ч бэлтгэлгүйгээр тайзан дээр гарч, өөрсдийн уран сэтгэмжээрээ өгөгдсөн нөхцөлийг өөрт таатайгаар хувирган хөгжилддөгөөрөө онцлог юм.

Бид ч өдөр тутамдаа бэлдээгүй хошигнолын нэгээхэн хэсэг нь  болж байдаг. Гэнэтийн таамаглашгүй нөхцөл байдал, харилцан ярианд үзүүлэх бидний хөнгөн, хөгтэй, хурц ширүүн хариу үйлдлүүд, хариултууд болоод алмайрч гайхширсан, сандарч тээнэгэлзсэн нүүрний хувирлын нэгдэл нь өөрөө бэлдээгүй хошигнолыг бий болгодог.

Энэ төрлийн үзүүлбэрт оролцож буй жүжигчид хөгжилтэй эсвэл ухаантай байх албагүй. Тэд бусад жүжигчдээ анхааралтай сонсож, урнаар сэтгэж, оновчтой хариу үйлдлийг тохирсон цагт нь үзүүлж чаддаг л байх шаардлагатай.

Дэлхий дахинаа бэлдээгүй хошигнол төрлийн хамгийн шилдэг жүжигчнээр Робин Уильямсыг нэрлэсэн байдаг. Харин монголд бэлдээгүй хошигнол төрлийн шилдэг жүжигчнээр хэн тодрох бол? Асуултын хариултыг ням гараг бүрийн 21:00 цагт “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүрч буй “Бурхны авралаар, чи ирлээ!”  шоу нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.