Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 5 сая хүн өвчилж, 329 мянган хүн нас баржээ. 11 хоногийн өмнө 4 сая хүн өвдлөө гэдэг мэдээллийг өгч байсан.
2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 2.7 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал хүнд байна. Сүүлийн 3-4 хоног эдгэрч байгаа хүний тоо тасралтгүй нэмэгдэж байгаа таатай мэдээтэй байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 96 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ.
Энэхүү өвчлөл 4-5 оронд голомтлон тархаж байна. Түүний нэг ОХУ-д сүүлийн 24 цагт 8764 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриад өвчлөл 42, Эрхүүд 48 Тувад 56 тохиолдол шинээр нэмэгдсэн байна.
Өчигдөр 13 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж, 3800 иргэнд эмч нар хяналт тавьж ажилласан. Энэ үед иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
Манайд сүүлийн 24 цагт 47 хүн ажиглалтад орж, 1962 хүн одоогоор ажиглалтад байна.
24 цагт 119 дугаарт 242 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай 119 гэсэн мобайл аппликейшныг ашиглан 20 дуудлага Австри, Швед, АНУ зэрэг 4 улсаас дуудлага ирсэн.
Мөн тусгай дугаарт холбогдсон иргэд хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэдгийг анхааруулсан” гэв.