МУИС: 1,2,3 курсийн оюутны дотуур байрны төлбөрийг СИСИ дансанд нь байршуулна
Хөл хорио тогтоосны дараа хөдөө, орон нутгийн оюутнууд дотуур байрандаа байрлах боломжгүй болсон. Оюутнууд дотуур байранд амьдраагүй хугацааныхаа төлбөрийг өөрийн дансандаа авах хүсэлтийг тавьсаар байна. Монгол Улсын Их сургуулийн тухайд зөвхөн төгсөх курсийн оюутанд төлбөрийг харилцах дансанд нь олгохоор болжээ.
Монгол улсын их сургууль нийт 5 дотуур байртай. Эдгээр байруудад 2019-2020 оны хичээлийн жилд 1500 орчим оюутан, үүнээс төгсөх курсийн 265 оюутан дотуур байранд бүтэн жилийн төлбөрөө тушаан амьдарч байсан юм. Тус сургуулийн оюутнуудаас төлбөрийн буцаан олголттой холбоотой ямар асуудал гарч байгааг утсаар тодруулахад “Би гуравдугаар курсийн оюутан. Одоогоор дотуур байранд байсан оюутнуудыг бүртгэн СИСИ дансны дугаарыг авсан ч хэзээ үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэх нь тодорхойгүй байна. Уг нь өөрийнхөө хувийн данс руу мөнгөө шилжүүлж авмаар байгаа. Оюутны СИСИ данс руу буцаалтын мөнгө орохоор төгсөх курстээ л авах боломжтой нь хүндрэлтэй байна” гэсэн бол төгсөх курсийн оюутан “Энэ жил төгсөх учраас сургуультайгаа хийх тооцоогоо дуусгаж байж дараа нь дипломоо авах учраас оюутны байрны зөрүү мөнгөө СИСИ данс руу биш өөрийнхөө дансанд авмаар байна” гэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэхдээ “Төгсөх курсийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг бүрэн эргүүлж өгөх ёстой. Харин дэвших курсийн оюутны төлбөрийг ирэх улирлынхад оруулж тооцож болно” гэж их сургуулиудад үүрэг өгсөн. Энэ дагуу ихэнх сургуулиуд зөвхөн төгсөх курсийн оюутнуудад төлбөрийг харилцах дансанд нь олгохоор ажиллаж байна. Төгсөх курсийн оюутан тойрох хуудсаа бөглүүлж, сургуультайгаа хийх тооцоогоо дуусгаж байж дипломоо авах журамтай юм. Гэсэн ч төлбөрийг буцаан олгох хугацаа нь тодорхойгүй хэвээр байна.

МУИС-ийн оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг “Одоогоор энэ асуудалд товлосон хугацаа байхгүй байна. Учир нь сургууль бүрийн шалгалтууд өөр цаг хугацаанд явагдаж дуусна. Тиймээс төгсөлтийн шалгалт дуусаж тойрох хуудас зурагдах үед буцаалтуудыг нь хийгээд явна.
СИСИ данс руу шилжүүлж байгаа мөнгийг ирэх намар карентин тавигдахаар өөрийн биеэр хүрч ирэн өргөдлөө өгөн асуудлаа шийдүүлэх боломжтой” гэв.

Харин ШУТИС, МУБИС, СУИС-ийн тухайд мөн л оюутны байрны төлбөрийг ирэх жилийнх рүү шилжүүлэх, төгсөх курсийн оюутныхыг буцаан олгох зохицуулалт хийнэ гэсэн юм. Гэсэн ч одоогоор салбар яамнаас албан ёсны журам гараагүй. Гарсан даруйд нь буцаан олгох, шилжүүлэх зохицуулалт хийх өдөр, тов нь тодорхой болох аж.