Дээр үед, адууны томуугийн вакцины тунг нь буруу тооцоолж тариад,адууны томуу дэгдээсэн төдийгүй малчид, ойр хавийн хүмүүсийг адууны томуугаар өвчлүүлсэн сонин явдал Азийн нэгэн улсад тохиолдож билээ. Тэр гайг тарьсан эзэн нь адууны томуугийн вирус биш харин мэдлэг чадваргүй мэргэжилтнүүд байсан юм. Бас нэгэн жишээг хэлэхэд, бүр 1980 онд дэлхий дахинд бүрэн устгасан хэмээн ДЭМБ-аас тунхаглан зарласан цагаан цэцгийн вакциныг бүр сүүлд нь хаанаас ч юм олсон хүүхдүүд шилийг нь сонирхон тоглож байж хагалаад халдвар авч, цагаан цэцгээр өвчилсөн машноцтой тохиолдол бас нэгэн улсад бүртгэгдсэн боловч таг дараад л өнгөрсөндөө. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэгчээр гадаадынхны хараанаас мултарч чадалгүй дэлхийн хэвлэлд бичигдэн шүүмжлүүлж байсан билээ. Вирус ч аюултай, буруу хэрэглэвэл вакцин ч “биологийг зэвсэг” болдгийг хэн хүнгүй анхаарах хэрэгтэй. Ялангуяа, ямар ч дархлалгүй хүн амын дунд мал амьтнаас халдварлан тархсан шинэ вирусийн халдвараас онцгой болгоомжлох ёстой.
Зүйлийн хориг хэмээх нэгэн ухагдахуун шинжлэх ухаанд буй. Нэг зүйлийн амьтны өвчилдөг өвчнөөр өөр зүйлийн амьтан өвчлөхгүй, бүрэн хамгаалагдсан байхыг зүйлийн хориг гэдэг юм. Жишээлбэл: Хонины төрлийн амьтдын доторх нэг зүйл нь болдог монгол хонь боом өвчнөөр өвчилдөг бол алжир хонь өвчилдөггүй. Алжир хонины зүйлийн хориг нь сайн байна гэсэн үг. Гэтэл монгол хонины ойрын төрөл саднууд бүгдээрээ боомоор өвчилдөг нь, хонины аж ахуйтай улс орнуудын эдийн засагт хор аюул учруулаад зогсохгүй хүн амынх нь эрүүл мэндэд ч хор аюул учруулахэрсдэлтэй байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед боомын нян агуулсан хонины нэхийгээр үйлдвэрлэсэн дээлийг фронтод дайтаж байсан цэргүүддээ тарааснаас болж,цэргүүдийнх нь дунд боом өвчин тархаад, дайны хажуугаар дажин гээч юм болж байсан түүх бичигдэн үлджээ.
Саяын өгүүлсэн зүйлийн хориг гээч юмыг даван, нэг зүйлийн амьтнаас нөгөө зүйлийн амьтанд халдаж байгаа вирус ихээхэн гай тарьдаг. 1993 онд АНУ-д анх оношлогдсон хантавирусийн халдвар, 1994 онд Австрали улсад анх оношлогдсон Хендравирусийн халдвар, 1999 онд Малайз улсад анх оношлогдсон Нипахвирусийн халдвар гэх мэтийн манайхны бараг сонсоогүй аюултай халдварт өвчин зөндөө олон бий. Хэрвээ уншигчид сонирхвол, эдгээр өвчний талаар бичиж танилцууламц.
Зүйлийн хоригийг даван хүн төрөлхтөнд халдварласан хамгийн сүүлчийн вирус нь, одоогоор, SARS өвчнийг үүсгэгч шинэ коронавирус буюу SARS-CoV-2 болоод байна.Энэ вирусийн үүсгэсэн COVID-19-ийн цар тахалбараг дэлхийн бүх улс орныг хамран тархаж 4,786,672 хүнийг өвчлүүлснээс 317,695 өвчтөн нас баржээ (Энэ нийтлэлийг бичиж байгаа 2020 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар).
Аливаа халдварт өвчний цар тахлыг бүрмөсөн таслан зогсоохын тулд, юуны өмнө, халдвар дамжсан хэлхээг нь нарийн судлан тогтоох шаардлагатай байдаг учраас, SARS өвчнийг үүсгэгч шинэ коронавирус (SARS-CoV-2)-ийг биедээ агуулж байдаг байгалийн жинхэнэ эзнийг олж тогтоохын зэрэгцээ энэ вирусийг жинхэнэ эзнээс нь хүнд дамжуулан халдаасан завсрын эзнийг олж тогтоох судалгааг дэлхийн эрдэмтэд ид өрнүүлж байна. Түүнээс гадна, хүнтэй хамгийн ойр байдаг муур нохой мэтийн амьтад SARS-CoV-2-ын халдварын тархалтад ямаршуухан нөлөө үзүүлдгийг нь эрдэмтэд анхааран судалж эхэллээ.
Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд COVID-19-өөр өвчилсөн 15 хүний тэжээдэг хайртай нохойнуудад SARS-CoV-2-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийгээд үзтэл, Помераний нохой, герман хоньч нохой хоёр л энэ вирусийн халдварт өртөөд, бусад төрлийн ноходогт өртдөггүй нь батлагдсан байна. Помераний нохой, герман хоньч нохой хоёроос илэрсэн коронавирусийн геном эздээс нь илэрч байсан вирусүүдийнхтэй усны дусал шиг адилхан байсан нь, энэ хоёр нохой эздээсээ вирусийн халдвар авсныг гэрчилж байгаа юм. Эздээс нь халдсан коронавирус энэ хоёр нохойн амьсгалын эрхтэнд үржсэн ч бусад ноход болоод хүнд халдварлах аюулгүй нь бас батлагджээ. Ямар сайхан аз вэ?!

Энэ хөөрхөн Помераний нохой эзнээсээ коронавирусийн халдвар авчээ.Xinhua News Agency/Shutterstock-ийн авсан гэрэл зургийг ашиглав.
БНХАУ-ын Харбин хотын Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид COVID-19-ийн цар тахлын үеэр,муур, нохой, гахай,тахиа нугас зэрэг амьтнаас шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг бас хийгээд үзжээ. Тэгтэл, зөвхөн муур л SARS-CoV-2-ын халдварт өртөж, нохой, гахай,тахиа нугас зэрэг амьтан өртдөггүй нь тогтоогдсон байна. Нэг үгээр хэлбэл, нохой, гахай,тахиа, нугас зэрэг амьтны зүйлийн хориг сайн байна гэсэн үг. Харин SARS-CoV-2-ын халдварт өртсөн муурын биед энэ вирус үржин, халдвараа бусад мууранд халдаадаг ч өвчний шинж тэмдэг огт илрэхгүй өнгөрдгөөс гадна хүнд дамжин халдварладаггүй ажээ.
SARS өвчнийг үүсгэгч шинэ коронавирусийг мууранд зориуд халдварлуулах туршилтыг ч зарим газар хийсэн байна. Тухайлбал: АНУ-ын Охайо мужийн Вуустер хотод байдаг Охайогийн Улсын Их сургуулийн вирус судлалч Линда Сайф цөөвтөр мууранд SARS-CoV-2-ыг өндөр тунгаар халдаан туршаад, муур энэ вирусийн халдварт өртөмхий бөгөөд бусад мууранд вирусээ дамжуулан халдаадгийг бас баталжээ. Муурын биед үржсэн вирус хүний биед халдвар үүсгэх аюулгүй гэдэг нь бас батлагджээ.
Өмнө өгүүлсэн зүйлээ нэгтгэн дүгнэвэл, Помераний нохой, герман хоньч нохой, муур гурваас бусад гэрийн тэжээмэл амьтад SARS-CoV-2-ын халдварт өртдөггүй. Хэдийгээр Помераний нохой, герман хоньч нохой, муур гурав энэ вирусын халдварт өртөмхий ч халдвараа хүнд дамжуулан халдаах эрсдэл байхгүй. Ийм л дүгнэлтэд хүрч байна.
Гэвч!
COVID-19-өөр өвчилсөн хүмүүс гэрийн тэжээмэл амьтнаа илэх, эрхлүүлж долоолгох, идэж ууж байсан юмнаасаа өгөх зэргийг хатуу цээрлэх ёстойг АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв нийтэд анхааруулж байна. Энэ анхааруулга бол зөвхөн COVID-19-тэй холбоотой зүйл биш, бусад бүх халдварт өвчний үед ч баримтлах ёстой дүрэм мөн. Сонор сэрэмжтэй байх ньл чухал!
Анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа 2020-05-18