Коронавирусийн цар тахлын статистикийг хөтлөгч “Worldometers” хуудас өдөр бүр дэлхий даяар халдвар авсан хүний тоог нэгтгэн гаргадаг билээ. Тэгвэл вирусээр халдварласан батлагдсан тохиолдлын тоо таван саяас давсан гэсэн мэдээлэл уг цахим хуудаст тавигджээ. Тавдугаар сарын 21-ний 05:50 цагт /Монголын цагаар/ уг цахим хуудас мэдээллээ шинэчилсэн бөгөөд дэлхий даяар батлагдсан тохиолдлын тоо 5 058 715 хүрсэн гэсэн байв. 328 186 хүн нас барж, хоёр сая гаруй хүн эдгэрчээ. 2.7 сая нь эмчлэгдэж байгаа аж. Тэдний 2.68 саяынх нь биеийн байдал  /98 хувь/ хөнгөн болон дунд зэрэг байгаа бол 45 769 өвчтөний биеийн байдал маш хүнд байна.

“Worldometers”-тэй ижил статистик хөтөлж буй Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр харин батлагдсан тохиолдлын тоог өнөөдрийн байдлаар 4 966 006 гэжээ. Улсуудаар эрэмбэлбэл АНУ (1 547 353 тохиолдол), ОХУ (308 705), Бразил (271 628), Их Британи (249 616), Испани (232 555) улсууд эхэнд бичигдэж байна. Халдварын тоо өндөр улсуудаас Бразил одоо болтол хөл хорио тогтоохгүй байгааг дэлхий нийт эрс буруутган шүүмжилж байна.