Коронавирусийн цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хориглосон. Түүнчлэн үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг өнгөрсөн нэгдүгээр сараас хязгаарлан хөл хорио тогтоогоод байсан юм.

Харин тавдугаар сарын 11-ээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид сургууль дээрээ ЭЕШ-ын танхимын давтлагад хамрагдахыг зөвшөөрсөн. Тэгвэл коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх байдлыг хэрхэн хангаж байгааг нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиасурвалжиллаа.

Сурагчдыг сургуульдаа ирэхэд хянагч багш бүртгэж, сургуулийн эмч халуун шалгаж, жижүүр багш сурагчдын ирцийг бүртгэн 1-1,5 метр хоорондын зай бариулж, гар ариутган коронавирусийн халдвараас сэргийлж байлаа.

Зургаадугаар сарын 11-н хүртэл төгсөх ангийн сурагчдыг давтлагад хамруулахдаа нэг ангид арваас дээш хүүхэд суулгахгүй байх зохион байгуулалтыг хийж байгаа.

Нэгдүгээр сургуулийн хувьд энэ жил 152 сурагч төгсөнө. Тэдний 120 гаруй нь энэхүү давтлагад өөрсдийн саналаар хамрагдаж байгаа аж. Ингэхдээ хоёр ээлжээр хичээллэж байна.

Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн “ЭЕШ-д бэлтгэх давтлагын ирц 86.7 хувьтай байна. Манай сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 152 хүүхэд төгсөж байгаа. Сурагчид нийгмийн ухаан, байгалийн ухааны чиглэлээр хичээлүүдээ сонгон суралцаж байгаа.  Өдөрт хоёр ээлжээр буюу 08:00-11:00, 11:30-13:00 цагийн хооронд салбарын сайдын тушаалын дагуу гурван цагаас хэтрүүлэхгүйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Ингэхдээ нэг ангид анги дүүргэлт хүүхдийн тоо арваас хэтрэхгүйгээр суулгасан. 40 минутаар хичээллэн 10 минут завсарлан анги танхимд агааржуулалт, халдваргүйтгэл, чийгтэй цэвэрлэгээг хийж байна. Өнөөдөр англи хэл, математикийн давтлага өгч байна” гэв.

“Гэрээр бие даан хичээл хийхээр ачаалал ихтэй болсон”

12а ангийн сурагч М.Цагаанбаяр “Нэгдүгээр сараас эхлэн карантинлагдаж гэрээр бие даан хичээл их хийхээр ачаалал ихтэй болсон. Цахилгааны инженер мэргэжил сонгосон. Онлайнаар хичээллэхэд бэрхшээлтэй байлаа. Сурагчдын хувьд өөрсдийнх нь хичээл зүтгэлээс их хамаарсан. Уг нь нэмэлтээр давтлага авна гэж төлөвлөсөн байсан. Одоо танхимаар явагдаж байгаа давтлагууд хичээлээс сайн явагдаж байгаа. Хэрвээ огт танхимаар давтлага өгөлгүйгээр шууд ЭЕШ авсан бол тийм ч сайн үнэлгээ авч чадахгүй байх байлаа”

“Цахимаар суралцах нь танхимаар суралцахыг гүйцэхгүй байсан”

12а ангийн сурагч Г.Энхриймаа “Би интерьер дизайны чиглэлээр суралцахаар сонгож байгаа. Хөл хорионы улмаас ачаалал ихтэй байсан. Нэгдүгээр сард төгсөлтийн шалгалтаа өгөхөөр нэмэлтээр давтлага авч эхэлтэл хөл хорио тогтоон сургалтын үйл ажиллагааг цуцалсан. Хичээл зүтгэлээрээ онлайнаар сурья гэтэл анхнаасаа нэгдүгээр  ангиасаа танхимаар сурч эхэлсэн. Гэтэл төгсөх жилдээ шууд онлайнаар суралцан зураг үзэн компьютераар интернетээр хичээлээ судлах нь хэцүү дасаж өгөхгүй, тууштай хийхэд хүндрэлтэй байлаа. Цахим хичээлд хамрагдаж байхдаа сургуулийнхаа багш нараас онлайнаар харилцан нэмэлтээр асуух боломжууд байсан. Гэхдээ л телевиз үзэн цахимаар суралцах нь танхимаар суралцахыг гүйцэхгүй байсан. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа алхам болохоор хүнд тусаагүй” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн төгсөх ангийн 89 сурагч ЭЕШ-д бэлтгэх давтлагад хамрагдаж байна

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн хувьд төгсөх ангийн 96 сурагчийн 89 нь энэхүү давтлагад өөрсдийн саналаар хамрагдаж байна. Ингэхдээ өглөө, үдээс хойш гэсэн 2 ээлжээр хичээллэж байна.

62 дугаар сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер Я.Эрдэнэцэцэг “Давтлага нэг ээлжиндээ гурван цагаар үргэлжилж байгаа. Ингэхдээ 40 минутаар хичээллэн 10 минут завсарлан анги танхимд агааржуулалт, халдваргүйтгэл, чийгтэй цэвэрлэгээг хийж байна.  Харин хоёр ээлжийн хооронд ангийг бүрэн цэвэрлэж дараагийн ээлжийг хүлээн авч байна” гэлээ.

ЭЕШ-ыг долоодугаар сарын 2-5ны өдрүүдэд орон даяар зохион байгуулна.