Европын орнууд коронавируст тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорио, хязгаарлалтаа сулруулж эхэллээ. Хүмүүсийн амьдрал хэрхэн идэвхжиж эхэлснийг Ройтерсийн гэрэл зурагчид дурандаа буулгажээ.
Өвчний дэгдэлт хамгийн өндөр түвшинд хүрсэн Италид баар, ресторан нээгдэв. Гэхдээ үйлчилгээний байгууллагууд зай барих дэглэм мөрдөнө. Мөн зөөгч, үйлчлэгч нар нь амны хаалт, бээлий өмсөх ёстой.
Түүнчлэн удаан хугацааны хорио цээрийн дараа үсчин, жижиглэн худалдааны дэлгүүрүүд нээгдэв. Зургадугаар сарын 3-наас эхлэн орон даяар чөлөөтэй хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
Чех улсад 2.5 мянган м2 талбай бүхий худалдааны төвүүдийг ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөв. Ботаникийн цэцэрлэг, фитнесс төв, жолооны сургууль нээгдлээ. Гэхдээ нэг дор 10-с илүү хүн цуглахгүй байхыг анхааруулж байна.
Тавдугаар сарын эхээр Португалид номын дэлгүүр, номын сан, архивын ажил дахин эхлэв. 5-р сарын 18-наас эхлэн тус улсад кафе, ресторан хэсэгчлэн нээгдэж, музей, үзвэр үйлчилгээ явагдаж байна. Кино театр, театр, концертын танхимууд 6-р сарын 1-ний өдөр нээлтээ хийх боломжтой.
Гэгээн Петрийн сүм үүдээ нээлээ.
Грект цаг агаар маш халуун байгаа тул далайн эргийн наран шарлагын газруудыг нээлээ.
Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тоглолтыг үзэгчгүй явуулна.
Тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Францын иргэд гэрээсээ гарах эрхтэй боллоо.
Бельгийн сурагчид хорио цээрийн дараа сургуульдаа буцаж ирэв.
Унгарын Ерөнхий сайд нийслэл Будапешт хотын хорио цээрийн дэглэмийг аажмаар сулруулахаа зарлав.