Оскар хүртсэн “Шимэгч” нэртэй кино цацагдсанаас хойш шимэгч гэдэг үг их дэлгэрлээ. Арга ч үгүй биз. Төр, нийгмийн бүхий л салбарт “шимэгч”-д олон байгаагаас энэ үг илүү хүчтэй хүрсэн байх. Тэгвэл энэ “шимэгч”-дийн төлөөлөл төлөвшөөгүй төрийн бус байгууллагуудыг цэгцлэх асуудлыг энд хөндье.
Гэхдээ бүх төрийн бус байгууллага “шимэгч” биш гэдгийг онцлох нь зүй. Гагцхүү төрийн албан тушаалтнууд өөрсдийн нэр дээр хэдэн арван төрийн бус байгууллага байгуулж, татвараас зугтаж, төсвийн мөнгийг шамшигдуулж байгаа нь шимэгч хорхойтой адил гэлтэй. Тэдэнд тавих хяналт сул, төрийн бус байгууллагын ангилал чиг үүргийн зохицуулалт хуульд нарийн бус байгаагаас ийнхүү ашгийн төлөө хүмүүс хуулийн цоорхой ашиглаж буй.
Уг нь төрийн бус байгууллага нь олон нийтийн эрх ашгийг тээж, төрд шахалт үзүүлж зөв шийдвэр гаргуулах, хийж чадахгүй зарим ажлыг гүйцэтгэж төр, ард түмний гүүр болох учиртай. Гэвч манай улсад бүртгэлтэй 22 мянган төрийн бус байгууллагын тун цөөн нь энэ үүргээ гүйцэтгэж байгаа.
Судалгаагаар 2017 онд албан ёсоор бүртгэлтэй байгаа 17685 төрийн бус байгууллагын 48.5 хувь буюу 8578 нь үйл ажиллагаа явуулдаг гэжээ. Харин 51 хувь буюу 9107 нь үйл ажиллагаа явуулаагүй байна.
Үүнийг задалбал, 5437 төрийн бус байгууллага огт үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 үйл ажиллагаагаа түр зогсоосон, 267 нь бүрэн зогсоосон, 63 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгааны улмаас ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнээс гадна нэг жилд үйл ажиллагааны тайлангаа 100 хүрэхгүй төрийн бус байгууллага хүргүүлжээ.
ТББ-ын хуулийг сайжруулах нь
20 жилийн дотор төрийн бус байгууллагын тоо 20 мянгаар нэмэгдсэн ч төр, ард түмний гүүр болох үүргээ биелүүлэхгүй байгаа нь олон шалтгаантай. Ерөнхийдөө хууль эрх зүйн шинэчлэл шаардлагатай гэж болох гол шалтгааны нэг төрийн бус байгууллагуудын санхүүжилт. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагын хуульд төрийн санхүүжилтийн талаар зохицуулалт оруулаагүй нь иргэний нийгмийн байгууллагууд үндсэн чиг үүргээ биелүүлэхэд том бэрхшээл болдог гэхэд хилсдэхгүй. Төрийн бус байгууллагын нийт санхүүжилтийн хоёр хувийг л төрийн санхүүжилт эзэлдэг бөгөөд төсвөө ихэвчлэн гадаад орны эх үүсвэрээс бүрдүүлдэг байна.
Үүнээс гадна төрийн бус байгууллага бүртгүүлэхэд хялбар, татварын чөлөөлөлттэй нь холбоотойгоор ашгийн төлөө байгууллагууд төрийн бус байгууллагаар нүүрээ халхавчилдаг нь энэ салбарын хөгжил, төлөвшил дээшлэхгүй байгаад ихээр нөлөөлж буй. Тухайлбал, ихэвчлэн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд татвараас зугтаж, цэвэр ашигтай ажиллахын тулд төрийн бус байгууллага болон хувирдаг байна. Улмаар олон нийтийн эрх ашгийн төлөө бус өөрсдийн ашгийн төлөө улстөрчид, гишүүд, сайд, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, төрийн албан хаагчид өөрсдөө төрийн бус байгууллага байгуулж, төрөөс санхүүжүүлдэг болсон нь нууц биш билээ.

Төрийн бус байгууллага ашгийн төлөө бус байх ёстой. Гэтэл төрийн бус байгууллага нэрээр халхавчилж, бизнесийн ашиг олох үйл ажиллагаа дэндүү их байна. Ялангуяа, боловсрол, эмнэлгийн салбарт энэ байдал түлхүү бий болсон. Төрийн бус байгууллага хэлбэрээр сургууль, цэцэрлэг байгуулж, татвараас зугтааж байгааг судалгааны үр дүн харуулсан. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллага дэргэдээ Төрийн бус байгууллага нээж, сургалт хийж, ашиг олдог болж. Энэ асуудлыг цэгцлэх ёстой. Яг аль байгууллага нь нийтэд тустай, нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэг явуулж байна вэ гэдгийг ялгаж, салгахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн төсөл боловсруулсан. Хавтгайрсан татварын чөлөөлөлт нь төрийн бус байгууллагын салбарт ашгийн төлөө байгууллага орж, тоглолт хийх нөхцөл бүрдүүлсэн.
Ийнхүү салбар яамнаас хуулийн хийдэл арилгах, төрийн бус байгууллага нь улс төр, шашны үйл ажиллагаа явуулахыг хориглох, чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалттай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраар дэмжүүлсэн. Улмаар хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Төрийн бус байгууллагын тухай бие даасан хууль 1997 онд баталсан бөгөөд үүнээс хойш шинэчлэл хийгээгүй аж. Харин нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь төрийн бус байгууллагад холбоотой бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглээгүй аж. Харин бусад салбарын хуулийг шинэчилсэн, нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Харин өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарсан нь өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар 21 мянган төрийн бус байгууллага байгаагаас мэдэгдэнэ. Гэсэн ч энэ хугацаанд бэрхшээлтэй олон асуудал хуримтлагдсан байна. Тиймээс эдгээр асуудлыг зохицуулахаар Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг боловсруулсныг албаныхан хэлж буй. Уг хуулийн төсөлд ашгийн бус хуулийн этгээдийн төрлийг холбоо, сангийн хэлбэртэй байхаар тодорхойлж, бүтэц, зохион байгуулалт, хариуцлагыг нарийвчлан зохицуулжээ. Ингэхдээ ашгийн төлөө бус хуулийн этгээдийг аливаа татварын өргүй 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байгуулж болох, хуулийн этгээдийн хувьд төрийн байгууллага, улсын төсөвт болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газраас бусад хуулийн этгээд үүсгэн байгуулж болох бол, гадаад улсын иргэн харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй этгээд байхаар хуульчилахаар төлөвлөсөн байна. Өөр нэг чухал заалт нь удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтан, улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, ерөнхий менежер, түүнтэй адилтгах албан тушаалтан ажиллахыг хоригложээ. Ингэснээр төрийн мөнгөнөөс шимэгчлэх байдал тодорхой хэмжээгээр хязгаарлагдах нь.
Үүнээс гадна төр болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн харилцаанд баримтлах зарчим, хамтран ажиллах хэлбэрийг тогтоож, улмаар төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тогтоохоор заасан байна. Ингэхдээ төрөөс үзүүлэх дэмжлэг нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, мөнгөн тусламж, төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулахаас гадна тодорхой чиг үүргийг шилжүүлэх хэлбэрээр хэрэгжих бөгөөд эдгээр дэмжлэгийг тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд олгох зэрэг шинэлэг зохицуулалтууд тусгасан аж. Гэсэн ч уг хуулийн төслийг энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэн шийдвэрлэхгүй бололтой. Тэгэхээр төлөвшөөгүй төрийн бус байгууллагуудыг цэгцлэх асуудлыг найм дахь парламентаас л нэхэж таарах нь.