Олимпын найман удаагийн аварга, ойрын зайн гүйгч Усэйн Болт анхны үрээ өлгийдөн авчээ. Ямайкийн Ерөнхий сайд Эндрю Холнесс нийгмийн сүлжээгээр Болт болон түүний сүйт бүсгүй Каси Беннетт нарт охинтой болсонд нь баяр хүргэснээр энэхүү үйл явдлыг дэлхий дахин олж мэдсэн байна. Орон нутгийн хэвлэлүүд Болтын охин ням гарагт мэндэлсэн гэдгээс өөр мэдээлэл тодруулж чадаагүй байна.

100 ба 200 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг эзэгнэгч Усэйн Болт нь ойрын зайны гүйлтэд арван жил ноёрхсоны дараа 2017 онд тамирчны замналаа өндөрлүүлсэн юм. Дараахан нь мөрөөдөлдөө хөтлөгдөн хөлбөмбөгч болохоор шийдэж Австралийн “Сентрал Кост Маринерс” түр хугацаанд тоглосон билээ.