Өрхийн эмч цахим жороо буруу бичсэнээс болж эмийн код зөрөх зөрчил илэрчээ

ЭМДЕГ-аас хийсэн шалгалтаар хөнгөлөлттэй үнээр эм олгодог зарим эмийн санд 40-өөс доош хувийн эмийн нөөцтэй байжээ. Мөн ЭМЯ-аас коронвирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөөгүй зөрчил илэрсэн байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд ДЭМБ-аас иргэдийг нэг дор олноор бөөгнөрөхгүй байх зөвлөмжийг өгч, байгууллагууд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж, боловсролын байгууллагууд хүртэл карентин тогтоосон. Гэвч эрсдэлтэй нөхцөл байдалд иргэд сар бүрийн эхэнд эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм авах гэж дараалан, нэг дор бөөгнөрөл үүсгэдэг байдал арилсангүй. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас дүүрэг бүрээс зөрчил гаргадаг эрсдэлтэй гэж үзсэн 60 эмийн санг сонгон, гэнэтийн шалгалт 5 хоногийн хугацаатай хийлээ. Шалгалтаар гэрээнд зааснаар тухайн эмийн санд хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийн нөөц 90 хувь ба түүнээс дээш байх ёстой ч зарим эмийн санд 40-50 хувь, заримд нь үүнээс бага нөөцтэй байжээ.

ЭМДЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал  “Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор өрхийн эмч нарыг хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг утгаараа даатгуулагч иргэдээс мессежээр жорыг нь аван мессежээр явуулсан. Үүнтэй холбоотойгоор даатгуулагчийг үзэлгүйгээр эмийн жор бичсэнээс тухайн иргэд замбараагүй эмийн жор бичүүлсэн. Түүнээс үүдэлтэйгээр гуравдугаар сард олгосон эмийн жороос дөрөвдүгээр сард олгосон эмийн жор нэг дахин илүү өссөн. Тиймээс нөхцөл байдлыг тодруулах зорилгоор бид гэнэтийн явцын шалгалт хийсэн.

Түүнчлэн эмийн хөнгөлөлт дууслаа гэдэг гомдол санал байнга ирдэг. Даатгуулагч иргэдийн эмийн үнийн хөнгөлөлтийн сэтгэл ханамж дээр ЭМДЕГ зохицуулалт хийн бүрэн 100 хувь хангана гэсэн нотолгоо болж чадахгүй. Учир нь ЭМД-ын сан өөрөө мөнгөтэй байж, эрсдэлээ үүрдэг байх ёстой. Гэтэл зөвхөн эмийн хөнгөлөлтөд бүх мөнгөө төлөвлөвөл бусад тусламж үйлчилгээгээ яаж үзүүлэх вэ гэдэг асуудал гарна. Даатгуулагч иргэн өөрсдөө сарын эхэнд л очиж эмээ авах ёстой гэдэг бодлоо өөрчлөх боломжтой” гэв.

Өрхийн эмчийн хайхрамжгүй бичсэн цахим жороос болж эмийн код буруу байх, өвчний онош бичээгүй байх, онош тохироогүй эм бичих, иргэний нэр, регистр зөрөх гэх мэт зөрчлүүд илэрчээ. Улмаар иргэд эмээ дутуу авах, эмийн тун болон цахим жорын дугаар буруугаас дахин жор бичүүлэх, төсөв дуусаагүй эмийн сан хайх, урт дараалалд удаан хугацаагаар зогсох зэрэг хүндрэх үүсэж байна.

Мөн иргэд ажлын цаг эхлэхэд 4-5 цагийн өмнө хөнгөлөлттэй үнээр эм авах гэж дараалалд зогсох, шаардлагагүй эм авах, нөөцлөх, нэг хүн 3-аас олон цахим жор бичүүлэн очих гэх мэт нийтлэг асуудал арилаагүй, байсаар байна.