УОК: ОХУ, БНХАУ, Энэтхэгээс иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас олон нийт рүү хандсан ээлжит мэдээллээ хийж байна. УОК-ын Шуурхай штабын дарга  Б.Ууганбаяр “Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын хилээр 130206 иргэн орж ирсэн. Үүнээс зохион байгуулалттайгаар 8480 иргэнийг гадаадаас татаж авсан. 15 удаагийн агаарын хөлгийн татан авалтаар 4315 хүн, төмөр зам, авто зам явганаар нийтдээ 5007 хүн байна. Зөвхөн сүүлийн 7 хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулагийн боомтоор Турк улс болон Энэтхэг улсаас 1070 хүнийг татан авчирсан.

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн монголд ирье гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Үүнд бага насны хүүхэд 1611 хүн, эрүүл мэндийн шалтгаантай 449 хүн, өндөр настан 869, тухайн орондоо байрлах газаргүй болсон 159 хүн, оюутан 2818, санхүүгийн хүндрэлтэй болсон 1002 хүн, насанд хүрээгүй хүүхэд 358 бусад шалтгаантай 3000 гаруй хүн байна.

Бид гадаадад байгаа ЭСЯ болон консулын газраараа дамжуулан эдгээр хүмүүсийн судалгааг авсан.

Татан авалтаар ирсэн хүмүүсийг Улаанбаатар болон орон нутагт 27 цэгт өнөөдрийн байдлаар 2029 хүн тусгаарлах байранд байна.

Ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Өдөр нь тодорхой болоогүй байна.

Мөн Энэтхэг улс руу хоёр дахь нислэг хийхээр төлөвлөж байгаа. Өдөр нь эцэслэн гараагүй байгаа ч бэлтгэлээ хангах талаар Шадар сайд үүрэг өгсөн.

БНХАУ-аас иргэдээ Замын-Үүдээр татан авах ажиллагааг зохион байгуулах ажиллагааг ойрын үед хийнэ.

Татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулна гэдгээ албан ёсоор хэлье” гэв”