Ам, ажил нь зөрсөн Ерөнхий сайдууд ба эрт эдүгээгийн ялгаа

Ерөнхий сайд бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Энгийнээр хэлбэл “Ажил хийдэг хүн”. Бүх л салбарын ажлыг “базаж” байгаа гэдэг утгаараа улс орны бүх л чухал асуудлууд энэ хүний нуруун дээр явж байдаг. “Ерөнхий сайд танхимынхаа 50 хувь байдаг” гэдэг үг ч үүнтэй холбоотой. Сайн ч муу ч Монгол Улсын одоогийн байгаа байдал үе, үеийн Ерөнхий сайд нартай холбоотой. Улс орны ажил үйлс Ерөнхий сайдтай холбоотой байна гэдэг нь нөгөө талаар энэ хүнд ажил хийх эрх мэдэл байдаг гэдгийг харуулна. Гэвч Ерөнхий сайд болгон эрх мэдэлдээ дүйцэх ажил хийж байсангүй. Бүрэн эрхийн хугацаагаа бүрэн ашиглаж чаддаггүй /1992 оноос хойш хоёр Засгийн газар л дөрвөн жилээ гүйцээсэн/, намууд бараг сонгууль бүрд хөгжлийн гэх нэртэй хөтөлбөр баталж, цоо шинэ зорилтууд дэвшүүлдэг, УИХ-аас хамааралтай гэх зэрэг шалтгаанууд үүнд нөлөөлсөн нь дамжиггүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн бол “Ажил хийдэг хүн” учраас иргэд үр дүн л нэхдэг. Тиймээс өөрийн чадахгүй ажлаа амлаж бас болдоггүй. Харамсалтай нь ам алдаад барьж чадаагүй Ерөнхий сайд нар чамгүй олон аж. Мэдэээж, Ерөнхий сайд нар маш их ажилтай, өдөр тутмын ажлаа гольдирлоор нь амжуулахад л маш их хүч шаардана. Тиймээс алба таслаагүй гэдгийг үүнд оруулсангүй. Шинэчлэлт сайжруулалт том ажлуудыг барьж авсан уу гэдгийг гол болгосон болно. Тэр утгаараа олон нийтийн дэмжлэгтэй дараагийн сонгуульд орж байсан түүх байдаггүй. Ерөнхий сайд намын дарга болж сонгуульд ороод ч олон нийтийн дэмжлэгийг авч, ялалт байгуулж байгаагүй ажээ. Харин энэ уламжлал 2020 онд эвдэгдэх нөхцөл бүрдээд байна.

П.Жасрай 1992-1996 он. Нэг л хүнд харагддаг “Хонгилын үзүүр дэх гэрэл”

1992-1996 онд П.Жасрай бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан ч Монгол Улсын агаарын орон зайг нэг компанид олон жилээр эзэмшүүлэх гэрээ байгуулж “Айбекс Молам”-ын хэрэг гэх дуулиан дэгдээсэн, өөр бусад ноцтой алдаа гаргасан тул 1996 оны сонгуульд ялагдсан. Тэрээр амьдрал сайхан болно, шилжилтийн үеийг удахгүй давна гэсэн утгаар “Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” хэмээх үгийг гаргасан. Гэвч биелүүлээгүй. Гэрлийг түүнээс өөр хүн олж хараагүй юм.   

М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал 1996-2000 он. Ороо бусгаа он жилүүд

П.Жасрайгаас халааг нь авч 1996-2000 онд ажилласан АН-ын дөрвөн Ерөнхий сайдад хугацаанаас болоод ажил хийх боломж гараагүй. Тиймдээ ч хүмүүс 2000-аад онд ч “”Өнөө Жасрайн хонгилын үзүүр дэх гэрэл хаачив” гэцгээдэг байсан. Энэ дөрвөөс М.Энхсайхан импортын татварыг тэглэж монголчуудыг хэдэн жилийн зовлонгоос гэтэлгэсэн ч үндэсний үйлдвэрлэлийг мөхөөж хэдэн арван жилийн гай тарьсан.  

Н.Энхбаяр 2000-2004 он. Их өрийг дутуу тэглэв

2000-2004 онд эрх барьсан Н.Энхбаярын хийсэн гол ажил нь “Мянганы зам”-ыг эхлүүлж, ОХУ-д төлөх 11 тэрбум шилжих рублийн өрийг тэглэсэн явдал гэж өөрөө ярьдаг. Гэвч үүний тулд “Айвенхоу майнз”-аас мөнгө зээлж, ашигт малтмалын лицензүүдээ өгсөн байдаг. Айвенхоу майнз чухам тэр үеэс Монголын төрд нөлөөтэй болсон байх магадлал өндөр юм. Тэгээд ч их өр дуусаагүй, 180 сая ам.доллар үлдчихсэн нь хожим гарч ирсэн.

Ц.Элбэгдорж, М.Энхболд 2004-2008 он. Ажил хийх албагүй

Н.Энхбаяр “Их өрийг тэглэсэн” хөзрөө дэлгэснээр сонгуульд бат ялна гэж итгэж байсан. Гэвч цаана нь “хэлээгүй” 180 сая ам.долларын өр байсан гэдгийг дээр хэлсэн. Үүнийг нь мэдсэн ч юм уу, 2004 оны сонгуулийн дүнд АН, МАХН ижил суудал авсан юм. Ингээд Засгийн газрын бүрэн эрхийг хоёр, хоёр жилээр ээлжлэхээр болж, Засаглалын тогтворгүй байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх нь тэр ээ. Дараагийн дөрвөн жилд нь сандал суудлын хэрүүл хийсээр ажил хийгээгүй. Монголын улс төрд ажил хийгээгүйгээ уран гоё үгээр халхавчилдаг, хэлбэрддэг үе эндээс эхэлдэг. 

С.Баяр, Сү.Батболд 2008-2012. Халамж хавтгайруулав

2008-2012 онд С.Баяр Ерөнхий сайд болсон ч Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа “Эрүүл мэндийн шалтгаан”-аар ажлаа өгсөн. Оронд нь гарсан Сү.Батболд сонгуулийн үеэр өгсөн поп амлалтуудыг нь биелүүлэх гэж “махаа идсээр” дууссан байдаг. Тэрээр Тавантолгойн нүүрсний мөнгийг урьдчилж аван барин байж амлалтаа биелүүлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан тул халамжийг ч хавтгайруулж чадсан.  Уул уурхай хөгжсөн улсад алтан боломж олгодог “Супер цикл” Сү.Батболдын үед таарсан ч олсон орлогоо зүйрлэж хэлбэл, гурил будаа, архинаас өгчихсөн дөө.

Тэрээр халамж хавтгайруулснаас бусдаар бол ам ажил нь зөрөхийг үзүүлсэн. Жишээ нь 2011 онд айлчлахдаа дарга нарт нь “Монгол Улс танай улсын компаниудтай бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн. Гагцхүү тэр компаниуд нь төрийн мэдлийнх биш байх ёстой” гэж өгүүлсэн. Сэтгэл огшоомоор зангарагтай үг. Гэвч 2012 онд нь л Стратегийн ордод тооцогдох бүрэн боломжтой дөрвөн ордоо БНХАУ-ын төрийн мэдлийн компанитай хамтарч эзэмших болсон. 

Мөн 2012 оны босгон дээр “Төрийн албан тушаалд дэвшихэд ажилласан жилийг харгалздаг болно” гэж амлаж байлаа. Бас л огшмоор хэлсэн. Энэ үг хэрэгжсэн бол мөнгөтэй, танилтай, нусгай банди нар шууд удирдах албан тушаалд томилогддог байдал үгүй болно гэсэн үг байв. Гэвч Засгийн газрын томилгоон дээр үгнээсээ буцаж, төрийн албанд хоёр жил ажилласан хүнийг дэд сайдын албан тушаалд тавьсан. Ажилласан жилийн байдал улс төрийн албан тушаалд хамаарахгүй гэдгийг хэлэлгүй заль гаргасан.

Ганц магтууштай нь, тэрээр 2012 онд МАН-ыг тэргүүлэн сонгуульд орж, Засгийн газраа үргэлжлүүлэн удирдахаар зориглосон ч сонгогчид боломж өгөөгүй юм.

Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг 2012-2016 он. Алдаа оноотой шинэчлэл, буруу шийдэл

2012-2016 он. 2004 онд ижил суудал авсан МАХН, АН Засгийн газраа хоёр, хоёр жилээр ээлжлэхээр тохирч байлаа. Тэгвэл 2012 онд ялсан Ардчилсан намын голлох хоёр фракц нь Засгийн газраа хоёр, хоёр жилээр ээлжлэхээр болсон. Нам төрийн дээр сандайлсны нэг жишээ юм даа. Ингээд Н.Алтанхуяг сайд болсон. Монгол Улсын үе, үеийн Ерөнхий сайд нараас Н.Алтанхуяг шиг мөнгө барьж үзсэн нь үгүй. Монгол Улс олон улсад бонд гаргах түүхэн ажлыг түүний Засгийн газар хэрэгжүүлсэн юм. “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой энэ Засгийн газрын үед төрийн үйлчилгээний ТҮЦ машин нээгдэж, жилд тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван ч үйлдвэртэй болсон байдаг. Үүний нэгийг нь улсын төсвийн хөрөнгөөр, хувийн хэвшлийн хоёрыг нь “Чингис бонд”-ын хөрөнгөөр барьж байгуулсан юм. Харамсалтай нь зарцуулалт дээр “шилэн” байж чадаагүй. Энэ талаар олон хардлага одоо ч байдаг. Тэрээр мөн “Нүүрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн ч зорилго нь утааг бууруулах биш, харин нүүрсийг иргэдэд аль болох хямдаар хүргэх явдал байсан юм. Ингэхдээ илчлэг багатай Багануурын нүүрсийг сонгосон, харьцангуй хямд үнээр түгээсэн зэрэг нь харин ч хэрэглээг нэмэгдүүлж, утааг гамшгийн хэмжээнд хүргэсэн. Түүний Засгийн газрын үед хийгдсэн бас нэг гай нь “Дотоод аудит” гэгчийг санаачилж төсвийн зарцуулалтыг хөл толгойгүй, хяналтгүй болгосон явдал юм. Энэ талаар дараа жич бичнэ.

Н.Алтанхуягийн дараа гарч ирсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүхэнд “Шийдлийн” гэх нэрээр үлдэж байх шиг байна. Гэхдээ энэ нэрийг “Асуудал шийдсэн” учир ард түмэн өгсөн юм биш. Өөрсдөө өөрсдийгөө тэгж нэрлэсэн юм. Энэ Засгийн газрын үед Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ батлагдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд буцаж ирсэн. Ч.Сайханбилэг Оюутолгой дээр үүссэн гацааг арилгая гэж зориглосон нь үнэн ч үндэслэлгүй өсгөсөн хөрөнгө оруулалтын зардлыг хүлээн зөвшөөрснөөрөө Монгол Улсын эрх ашгаас урвасан. Гэхдээ энэ үйлдлийг нь уучилж болно оо. Ацан шалаа байсан юм. Харин “Эрдэнэт”-ийн тухайд УИХ-аар хэлэлцүүлэлгүй хууль зөрччихсөн нь яах аргагүй үнэн юм.    

Ж.Эрдэнэбат 2016-2017 он. Сонгуулийн амлалт бол юу ч биш гэж үү

2016 онд Засгийн газрыг тэргүүлсэн Ж.Эрдэнэбат үндсэндээ намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтыг бүхэлд нь үгүйсгэсэн юм. “Ийм хэцүү болчихсон байсныг мэдсэнгүй” гэж тайлбарласаар бүх амлалтаа юу ч биш болгож хаясан байдаг. Хамтын тэтгэврийн хуулийг хэлэлцэх үед “Хоёр хөгшин бие, бие рүүгээ хараад их муухай юм бодоод...” гэж хүртэл хэлж унагаж байлаа.

У.Хүрэлсүх 2017-2020. Бүлэглэлтэй хийсэн “дуусаагүй” тэмцэл  

Нам дамжсан бүлэглэл төрийн дээр гараад суучихсан байсныг монголчууд “Шүгэл үлээгч”-дийн буянаар олж мэдсэн ч харахаас өөр яаж ч чадахгүй байв. Төрийн эрх мэдлийг атгасан тэдгээр хүмүүс өөрсдөдөө зориулсан салаа утгатай хууль батлуулчихаад дураараа дургиж байлаа. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлэн МАНАН бүлэглэлийг устгах тэмцэлд орсон юм. Монголчууд ч уухайлан дэмжсэнээр тэрээр зорьсондоо хүрсэн билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар олон жил яригдсан газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан. Утааг бууруулахаар эрс шийдэмгий арга хэмжээ авч Улаанбаатарыг утаанаас салгалаа.

Ажлыг ярьдаг биш, шууд барьж аваад хийдэг гэдгээ тэр өнгөрсөн хоёр жилд харуулсан. Бүлэглэлтэй хийх тэмцэл, хуулийг гууль болгож, төрийн сонгуулийг хүртэл худалдаж авахаар оролдож зүрхэлсэн нөхдүүдтэй хариуцлага тооцох тухайд, түүнд энэ сонгуульд ялж байж л боломж гарна гэдгийг бид ойлгох учиртай.

Урьд өмнөх Засгийн газрын түүхийг харж байхад олон нийтийн дэмжлэгтэй хугацаагаа дуусгаж байсан Засгийн газар байсангүй. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ байдлыг эвдэж, олон нийтийн дэмжлэгтэйгээр сонгуульд орж байгаа нь төлөвлөсөн ажлаа шуурхай ажил хэрэг болгодог, ам ажлын зөрүү бага байдагтай нь холбоотой. Ерөнхий сайд болон Засгийн газрын рейтинг өмнө нь хэзээ ч одоогийнх шиг ийм өндөр байгаагүй юм. Тогтвортойгоор энэ чигээрээ дахиад 4 жил ажиллавал газрын тосны үйлдвэр барих ажил дуусаж, хийн хоолой Монголоор дайрч, утаа бүрэн арилж, төмөр замууд баригдаж, эдийн засаг тогтворжино. Гол нь хариуцлага хаа, хаанаа дээшилнэ.

П.Жасрай агсны хэлснээр ч /Үзүүртээ гэрэлтэй/ , Н.Алтанхуягийн хэлснээр ч /Шударга бусын/ монголчууд бид өнгөрсөн он жилүүдэд ямар нэг хонгилоор л явж байсан бололтой. П.Жасрай агсны хэлснээр бол хонгил нь бидний зовлон зүдгүүр цаг зуурын зовлон бэрхшээл, харин гэрэл нь шударга ёс, хөгжил дэвшил, чинээлэг амьдрал гэж төсөөлөгдөнө. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд монголчууд бүгд тэр хонгилдоо төөрч, тэр хол харагдаж байгаа гэрэл рүү л явснаас бус хонгилыг нураачихвал шууд гэрэлд гарчих юм гэж хэний ч санаанд ороогүй. Тэгвэл У.Хүрэлсүх тэр ажлыг хийж байна. Шударга бусын хонгил МАНАН бүлэглэлийг нураах ажлыг ард түмний захиалга, дэмжлэгээр хийж байна. Монгол Улс удахгүй газрын тос боловсруулах үйлдвэртэй болж Оросын барьцыг сулруулна. Тэр байтугай хийн хоолой баригдаж Монгол Улс хоёр хөршөөсөө “барьц”-тай болно. Уул уурхайн ордууд эргэлтэд орж үр өгөөжөө өгнө. Дагаад хөгжил дэвшил ирнэ. Монголчууд бүгдээрээ гэрэлд гарцгаана.    
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Үг авах хүмүүсийг нь загнаж зандраад аваад үлдэнэ ш дээ. Засрахгүй хулгайчуудыг нь бол зайлуулсан л байна лээ

    0 0 Хариу бичих
  2. Хүрэлсүхийг л магтах гэж ийм балай юм бичиж байгаа юм уу?

    0 0 Хариу бичих
  3. hamgiin luivarchin ni yavj yavj HUrelsuh l bn daa.hamgiin hudlaa yarij bultdag ni

    0 0 Хариу бичих
  4. 1. ЖДҮ, Офшорыг шийд... 2. Хар, саарал жагсаалтаас гарах асуудлыг шийд...

    2 0 Хариу бичих
  5. Khvrelsvhiig iim hognuudig gargaj irne gej bodoj baisangvi zailuulaach ene novshnuudaa ooroo hamt unahneedee yanz ni

    0 0 Хариу бичих
  6. Хүрэлсүх алны нүх хошногоны нүх хоероо зөрүүлээд байгаа шдээ.ЖДҮчин офшорчин хулгайч нараа нэр дэвшүүлэхгүй гэсэн яасан.

    0 0 Хариу бичих
  7. Хүрэлсүхийн засгийн газар УИХ гишүүд ЖДҮ -гийн хулгайчид огцрох ёстой

    0 0 Хариу бичих
  8. МАН д зүгээр л салаавч өгнө би. ЖДҮ шаасан засгийн газар монгол улсыг хар жагсаалтанд оруулж дэлхийн шившиг болгосныхоо төлөө Хүрэлсүх ЗГ огцрох ёстой байсан. Одоо зүгээр л зайлж үз.

    0 0 Хариу бичих