Ахмад уран бүтээлч, конструктор зураач Д.Чулуун (91 нас)

Би Завхан аймгийн Тэлмэн сумын ууган сургуулийн анхны сурагчдын нэг. Үеийн хүүхдүүдийн жишгээр л мал маллаж, 1949 онд цэрэгт мордсон. Халагдаж ирээд нутагтаа багийн дарга, сумын намын үүрийн орлогчоор ажиллаж явлаа. Бидний үед сургуульд сурч, мэргэжил эзэмшинэ гэдэг туйлын зорилго байв. Ингээд Улаанбаатар хотод анх ирж Санхүүгийн техникумын курст нэг жил суралцаад нутаг буцлаа. Нягтлангаар төгссөн ч гарын дүйтэй болохоор зурагт их сонирхолтой. Дорнодод цэргийн алба хааж байхдаа дивизийн зураачийг хараад залуу хүн чинь сонирхож дуурайж зурна. Завхан аймаг зураачгүй, соёлын төлөөлөгч ганц л хүнтэй болохоор “Май-1”-ний баярын чимэглэл хийх ажилд туслалцсан юм. Хотоос ирсэн Доржханд зураач дээр Маршал Х.Чойбалсангийн хөргийг зурснаа барьж очоод их ч зүйл заалгасан даа. Би анхандаа харандаан будгаар зурдаг байлаа. Гэтэл тосон будгаар үрж зуран масштаб хийх гээд мэдэхгүй зүйл тун ч олон. Ингээд дахин хотыг зорьж зураачийн нэг сарын курст суралцсан юм. Завханы дүрслэхийн салбарт эрхлэгч, зураачаар ажиллаж байтал ашгүй нутагт маань оройн сургууль байгуулагдаж, 10 дугаар ангиа төгсөн их сургуульд явах боломж бүрдэж билээ.

Ингэж л би 1963 онд 34 настайдаа Багшийн дээд сургуулийн шугам зураг, хөдөлмөрийн ангид элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд А.И.Филатовагийн санаачилгаар тухайн үед дөнгөж байгуулагдаад байсан Хүүхдийн паркт зураачаар очив. Удалгүй Урчуудын эвлэлийн хорооны курст суралцаж байхад танилцсан кино зураач Мягмар шугам зургийн хүн хэрэгтэй байна гэснээр 1970 оноос Монгол кино үйлдвэрт конструктор зураачаар ажиллаж эхэлсэн. Киноны зураач хийх нарийн чимхлүүр ажил. Хаана, юу байрлах эскизийг зураач хийнэ. Харин конструктор зураач эскизийг шугам зургаар нарийвчлан гаргаж бодит болгодог гэж хэлж болно. 40 настай кино үйлдвэрт очсоноосоо хойш 1970 оноос хойших бүхий л уран сайхны киноны тайз декорацийг хийсэн дээ. Тухайн үед бид жилдээ зургаан кино хийдэг байсан. Нэг кинонд гэхэд л 6-7 декораци шаардагдана. Бараг 100-аад киноны хэдэн зуун декорацийг өөрийн гараар босгожээ. Хөдөө натурт их зураг авна аа. Одоогийнх шиг жижиг авсаархан камер байхгүй. Дандаа том суурьтай камерууд хэрэглэнэ. Дүрсээ эхэлж аваад дуу чимээг дараа нь бичнэ. Одоо эргээд бодоход их л зовж байж кино хийдэг байж. Сонирхуулаад ярихад тухайн үед зураг авалтын өрөөний ханыг паниаран дээр таар, цаас наан будаж босгодог байлаа. Дараа нь обой гарч ажиллахад хялбар болсон. Гоё, сайхан өрөө урлах тийм амар байгаагүй шүү.

1989 онд тэтгэвэрт гартлаа олон уран бүтээл дээр ажилласан ч арын албаны хүн учраас кинонд нэр ч ордоггүй байлаа. Харин 2018 онд тохиосон Монгол киноны 80 жилийн ойгоор олон сайхан баримтат кино бүтээснээс санаа авч хүүхдүүд өнгөрсөн жил миний 90 насны ойгоор“Монгол киноны арын албаны занги” нэртэй баримтат киног хийлгэн дэлгэцнээ гаргасан.

Тэтгэвэрт гараад зүгээр суусангүй ээ. Тарваганы арьсаар малгай хийж, зээрийн шийрний арьсыг савхитай хослуулан зүүж цүнх урлан Их дэлгүүрт тавьж, худалдаалдаг болсон. Эрчүүдийн гоёл гоголь малгайг хиймэл арьсаар янз бүрээр хийдэг байснаа саяхнаас л болилоо. Их дэлгүүрийнхэн намайг “Та 80 гарсан гэхэд хөнгөн шингэн хүн шүү” гэж магтана.

Манайх хоёр хүү, дөрвөн охинтой. Хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарч том дөрвийг нь Орост сургуульд сургасан. Бага хоёр нь Герман, Японд боловсрол эзэмшсэн. 1992 онд хүү Ч.Зоригтбаатар маань анхны ардчилсан парламентын гишүүн болж байлаа. Том охид их сургуульд багшилдаг шинжлэх ухааны доктор улс. Хүүхдүүд минь бүгдээрээ оюуны хөдөлмөр эрхлэн сайхан амьдарч байна даа. Миний тэнхлүүн яваа нь сэтгэлийн хаттай, өөдрөг амьдарсных гэж боддог. Хань маань цэл залуу 46 насандаа бурхан болсон доо. Цэргээс халагдаж очоод багаас ижилдэн дассан нутгийн сайхан бүсгүйг ханиа болгож, сургуульд заавал сургана гэж ахад нь ам өгөн авч сууж байлаа. Амлалтаа ч биелүүлэн хань маань МУИС-ийн цаг уурын ангид би Багшийн дээдэд сурч, төгссөн юм.

Өнгөрсөн жил зураг, хөдөлмөрийн ангийг төгссөн ангийнхан маань ойгоороо уулзахад “Та мөн ч сайхан байна даа. Мөнхийн ус уучихсан юм шиг” гэцгээв. Уг нь ч надаас дүү 70 гарч яваа улс. Кино үйлдвэрт конструктор зураачаар ажиллаж байхад даралт ихдээд Гуравдугаар эмнэлгийн Чүлтэм эмчид үзүүлдэг юм. Гүйдгээрээ алдартай эмч “Гүйхээс өөр сайн арга байхгүй” гэж зөвлөсөн. Тэр үед би 53 настай байсан. Тэгээд л хувцсаа бэлтгэж аваад Сэлбэ голоо даган гүйж эхэллээ. 70 нас хүртлээ их гүйсний буянд өдий өндөр насалж байна.