Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан Монголд анх удаа Европын сонгодог хөгжмийн виртуал концерт зохион байгуулахаар болжээ. Уг концертыг Шуманы тунхаглалын 70 жилийн ой, Людвиг ван Бетховены 250 жилийн ойд зориулж байгаа аж. Энэхүү тогтолтод Монголд өмнө нь эгшиглэж байгаагүй Европын есөн орны төлөөлөл болсон алдарт хөгжмийн зохиолчдын есөн бүтээлийг Монголын нэрт уран бүтээлчид, Морин хуурын чуулгын дөрвөл, Prima Chamber Orchestra амилуулан хүргэнэ.
Тус арга хэмжээг зохион байгуулагчид “Хүчирхэг симфони, гайхамшигт вальс, сэтгэл хөдлөм сюитууд, өрнүүн удиртгал, уянгалаг аяз хөгжим хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болсон эрх чөлөө, энх тайван, эв нэгдлийн төлөө эгшиглэж монголчуудад хүрэх болно” хэмээн онцоллоо.
Монгол Улсын төрийн дууллаар эхлэх сонгодог хөгжмийн тоглолт Европын холбооны төрийн дууллаар үргэлжилнэ. Европын Холбооны бэлгэдлийн аялгуу нь Людвиг ван Бетховены 1823 онд зохиосон есдүгээр симфонийн "Аз жаргалын магтуу", Фридрих фон Шиллерийн 1785 оны уянгын шүлгээс бүрддэг төрийн дуулал юм. Энэхүү дуулал нь зөвхөн Европын Холбоог төдийгүй Европыг өргөн утгаар бэлгэддэг. Европын сонгодог хөгжмийн концертод Морин хуурын чуулгын дэргэдэх Морин хуурын дөрвөл Европын Холбооны төрийн дуулал эгшиглүүлнэ.Тоглолтод Латвийн хөгжмийн зохиолч, Эмильс Дарзиньш (EmīlsDārziņš)-ийн сор бүтээл болох Melancholic waltz буюу Гунигийн Вальс хөгжмийн бүтээлийг Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид амилуулахаар болжээ. Энэ мэт сонгодог есөн бүтээл эгшиглэх Европын хөгжмийн концерт маргааш 18:00 цагт Үoutube-ийн EUinMongolia сувгаар болон энэ сарын 18-нд 18:30 цагаас UBS телевизээр үзэгчдэд хүрнэ.
