Өнөөдөр отгон чуулганаа завсарлуулж, удахгүй болох сонгуулийн дараа бүрэн эрхийн хугацаагаа дуусгах гэж буй УИХ сайнаар дурсагдах гавьяатай, саараар хэлэгдэх гайтайгаар түүхэнд үлдэж байна. Гишүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг дундаас нь хумсалсан, гурван гишүүн нь бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн гээд тоочвол сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн муу хамт олон гэж дүгнэж болохоор. Харин энэ парламентын нэр нүүрийг тахалж буй ганц зүйл нь Үндсэн хуульд 19 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулж чадсан явдал. Гэвч энэ УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн утгаар нь хийж хэрэгжүүлж амжсангүй. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар мөрдөж эхэлнэ. Монголчууд “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж ярьдаг. Харамсалтай нь, энэ УИХ “Эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгаж чадахгүй нь” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. УИХ энэ оны эхэнд хоёр тоот тогтоолоо баталж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжуудыг нийцүүлэн батлах хуваариа гаргасан юм. Хуваарь ёсоор бол УИХ нэлээд хэдэн хуулийг баталчихсан, бүр Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох шийдвэр гаргасан байх байлаа. Гэвч дэлхийн нийтийг хамарсан цар тахал саад болж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой таван хууль л баталлаа. Энэ бол УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын тухай, Аудитын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль. Үүнээс гадна Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Шүүхийн тухай гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдтэй холбогдох хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдсан. Гэвч УИХ бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө бүгдийг нь баталж амжсангүй.
Цар тахлын цаад уршиг
Сонгуулийн жил УИХ-ын хаврын чуулган эрт завсарлаж гишүүддээ сонгуульдаа бэлтгэх боломж олгодог. Үүний дагуу УИХ өнөөдөр отгон чуулганаа завсарлуулж байна. “Завсарлахаасаа өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдох хуулийн төслүүдээс заримыг нь л баталж, бусдыг нь дараагийн парламентдаа үлдээе” гэж эрх баригчид шийджээ. Сонгуулийн дараа бүрдэх УИХ- ын гишүүд тангараг өргөхөөсөө эхлээд хэрэгжүүлэх УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Засгийн газрын тухай хуулийн төслүүдийг батлахаас ч өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл, дараагийн УИХ-даа ямар нэгэн хууль эрх зүйн гацаа, ойлгомжгүй байдал үүсгэхгүй байх үүднээс эдгээр хуулийг зайлшгүй батлах ёстой. Харин Шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийг баталж амжихгүй учраас дараагийн УИХ-даа үүрэг болгон үлдээж байна. Магадгүй энэ нь одоогийн эрх баригчдаас ч өөрсдөөс нь болоогүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой эрх зүйн шинэчлэлийг бүрэн хийх гэсэн боловч дэлхий нийтийг хамраад буй “Covid 19” цар тахлын нөлөөгөөр давагдашгүй нөхцөл байдалтай тулгарсны улмаас хийж чадсангүй. Цар тахлын цаад уршиг хууль тогтоогчдод ч ингэж нөлөөллөө.
Чамлахаар чанга атга
УИХ-д 65 суудал авсан МАН өнгөрсөн 10 жилийн хугацаанд хичээгээд ч хийж чадаагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж чадсан. Сонгогчид ч сонголтоороо тэдэнд ийм үүрэг хүлээлгэсэн. Гэхдээ энэ дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын хувьд “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” хэмээх үг арай л биеллээ олсонгүй. Эрх баригчид “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэсэн 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлсэн ч ажлаа бүрэн дуусгаж чадсангүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэсэн үг бий.
Хууль батлах босго 20-оос 39 болж өндөрсөв
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль бол дараагийн парламентын гишүүдийн тоглоомын дүрэм. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа зөвхөн Үндсэн хуульд нийцүүлэх бус амьдрал дээр үүсэж буй алдаа дутагдлыг ч нэг мөр засах зорилтоо хэрэгжүүллээ. Энэ хуульд орж буй хамгийн том өөрчлөлт нь хууль, тогтоолын төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар баталдаг болж буй явдал. Одоо бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу хамгийн багадаа 20 гишүүн хууль баталж байгаа. Харин 2020 оны сонгуулийн дараа бүрдэх УИХ хамгийн багадаа 39 гишүүний дэмжлэгтэйгээр хууль баталдаг болно гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн хүссэн хуулиа санаачлах эрхгүй болов. Тодруулбал, төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулгын төсөл санаачлах эрхгүй болж байна. Түүнчлэн УИХ Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн зарлага, алдагдлын хэмжээг нэмэгдүүлэх эрхгүй болсон. Энэ мэтээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын эрх мэдэл хумигдаж, хариуцлага нь чангарч байгаа юм.
УИХ жинхэнэ хууль тогтоох байгууллага болно
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар УИХ төсвийн төслийг дөрвөн шатны хэлэлцүүлэг дамжуулан хэлэлцэж баталдаг. Харин энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр хуульд өөрөөр заагаагүй бол бүх хуулийн төслийг дөрвөн үе шатаар хэлэлцдэг болж байна. Мөн УИХ-ын ээлжит чуулган 50 ажлын өдөр бус 75 ажлын өдөр чуулдаг болж байнгын ажиллагаатай парламент гэсэн тодорхойлолтдоо илүү ойртлоо. Намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээлтээ хийдэг хэвээрээ бол, хаврын чуулган гуравдугаар сарын 15-наас эхэлж байхаар болов. Эдгээр зохицуулалт нь УИХ-аар батлагдаж буй хууль, тогтоолыг чанаржуулахад чиглэгдэж байгаа юм.
УИХ томилгоо эрх мэдлээсээ татгалзаж, хууль санаачлах хүрээ хязгаараа хумиулж, хуралдах хугацаа, хууль хэлэлцэх үе шатаа уртасгаж байгаа нь жинхэнэ хууль тогтоох дээд байгууллага болж байгаагийн баталгаа.
Өргөдлийн байнгын хороог татан буулгав
УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар парламентын бүтэц зохион байгуулалтад бага зэргийн өөрчлөлт орлоо. Тодруулбал, Өргөдлийн байнгын хороог татан буулгаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог хоёр хуваав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо гэж нэрлэлээ. Үүнийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг эсэргүүцсэн ч тусыг эс олов.
Ард түмнийг УИХ-тай холбож өгдөг ганц Байнгын хороо бол Өргөдлийн байнгын хороо. Ард иргэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдсан үедээ Өргөдлийн байнгын хороонд ханддаг. Ингэхдээ зөвхөн хувь хүний асуудал бус нийтийн эрх ашгийг зөрчсөн, хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа тохиолдолд ханддаг юм. Нээлттэй хэлэлцүүлгийг хамгийн сайн хийдэг нь Өргөдлийн байнгын хороо. Энэ Байнгын хороог татан буулгаж байгаа нь харамсалтай.
Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн Хөгжлийн яам байгуулж Шадар сайдаар удирдуулна
Социализмын үед төрийн бүх ажил төлөвлөсний дагуу явагддаг байсан бөгөөд Төлөвлөгөөний комисс хэмээх бүтэц үүнийг удирдан зохион байгуулдаг байжээ. Харин 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжихдээ бүх зүйл зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдана гэж үзэн төлөвлөлт, төлөвлөгөө гэдэг ойлголтыг орхигдуулжээ. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хөгжлийн бодлого, төлөвлөлт гэдэг ойлголтыг хоёр заалтаар оруулсан юм. Тодруулбал, “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах...”, “Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэсэн заалтууд орсон. Үндсэн хуульд орсон эдгээр заалтын дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулан баталлаа. Ингэснээр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүд нь хоорондоо нягт уялдана гэдгийг хуульчилж байгаа юм. Мөн ямар ч нам, эвсэл сонгуульд ялалт байгуулсан улсынхаа нэгдсэн бодлогын дагуу үйл ажиллагаа явуулахаар болж байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, Шадар сайдаар ахлуулна. Тус яам нь хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцах юм.
Засгийн газар эрх мэдэл мэдэгдэв
Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталснаар Засгийн газрын тогтвортой байдал баталгаажиж, эрх мэдэл эрс нэмэгдэж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдэх парламентын гишүүд тангараг өргөснөөр Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлнэ. Анхдугаар чуулганаар Ерөнхий сайд томилогдож, 14 хоногийн дотор Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ. Улмаар Ерөнхий сайд нараа УИХ-д танилцуулж, өөрөө томилох юм. Засгийн газрын гишүүдийг хүн нэг бүрээр УИХ-д танилцуулах бөгөөд УИХ-аас ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр танилцуулснаар томилогдсонд тооцно. Мөн Ерөнхий сайд танхимаа сайдаа огцруулах шийдвэрийг ч өөрөө гаргах юм. Харин хариуцлагагүй ажилласан сайддаа Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс дээш тооны гишүүд санал гаргаж Ерөнхий сайдыг буюу Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасанчлан Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно. Харин бусад сайд нар нь "дан дээлтэй" байх юм. Харин яль яамны дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн байх ёстой гэдгийг хуульд нарийвчлан заагаагүй.