COVID-19 ба экспортын гол нэрийн бүтээгдэхүүн

Экспортолсон нүүрсний хэмжээ буурав

 БНХАУ-ын зүгээс Монгол Улсаас импортоор авсан коксжих нүүрсний хэмжээ 2.73 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 60 хувиар буурчээ. Тэгвэл, Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 91 хувиар нэмэгдэж 14.7 сая тоннд, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 15.3 хувиар өсч, 1.32 сая тоннд хүрчээ.
Үүнээс харвал манай эрдэсийн бүтээгдэхүүний экспорт буурч ирлээ. 

Дэлхийн банкны хагас жил тутмын Түүхийн эдийн зах зээлийн төлөв байдал тайланд дурдсанаар шинэ коронавирусийн тархалтын нөлөөгөөр ихэнх түүхий эдийн үнэ өнгөрсөн гурван сарын турш огцом буурсан. Тэр дундаа өвчний тархалтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд нь тээврийн салбарыг ихээхэн хүнд байдалд оруулснаар газрын тосны эрэлт огцом буурч, газрын тосны үнэ их хэмжээгээр сулраад байна. Үүнтэй холбогдуулан 2019 оны 10 сард гаргасан түүхийн эдийн ханшийн таамаглалууддаа ихээхэн өөрчлөлт оруулжээ. 
Өнөөгийн байдлаар манай улсын экспортын гол эрдэс бүтээгдэхүүнүүдийн үнэ 2020 онд 10-17 хувиар саарах төсөөлөлтэй байна. 

Манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт COVID-19 цар тахлын улмаас 2 сард түр зогсоод байсан ч, 3-р сараас нээж, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги зэрэг дөрвөн боомтоор нүүрс тээвэрлэж байна. 2 дугаар сарын эхээр нэг тонн нүүрсний үнэ 830 юань байсан бол 4-р сарын эхэнд 900 орчим юань болж тогтворжсон. Олон улсын зах зээлийн хувьд цахилгаан, дулааны эрэлт харьцангуй тогтвортой байгаагаас шалтгаалан нүүрсний үнэ бусад төрлийн эрчим хүчний түүхий эдтэй харьцуулахад бага хувиар суларсан. Гэхдээ 2020 оны эцэст нүүрсний үнэ 17 хувиар буурна хэмээн Дэлхийн банк таамаглажээ.

Зэсийн үнэ буцан сэргэж байна

Манай улсын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ мөн адил Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан бөгөөд 3 дугаар сарын 23-ны байдлаар 4,609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн 4 жилийн хамгийн доод түвшин юм. Харин БНХАУ-ын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтворжиж, тус улсын зэсийн импорт өссөнтэй холбоотойгоор сүүлийн нэг сарын хугацаанд зэсийн үнэ буцаж сэргэн 5,141 ам. долларт хүрлээ. Дэлхийн банкны түүхий эдийн зах зээлийн талаарх тайланд зэсийн үнэ үргэлжлэн бага түвшинд байх талаар дурдсан бөгөөд 2020 оны төсөөлөл өмнөхөөс 13.5 орчим хувиар бага байхаар таамаглаж байгаа юм. 

Алтны ханш өссөөр...

Дэлхийн эдийн засагт аливаа хямрал, тодорхой бус байдал үүсэхтэй зэрэгцэн алтны ханш огцом өсдөг. Үүнтэй холбоотойгоор 2020 оны эхний улиралд 6.9 хувиар өссөн нь 6 улирал дараалан алтны үнэ өссөн үзүүлэлт юм. 3 дугаар сарын эхнээс Хятад улсад тархалт буурч, ихэнх улсуудын засгийн газар, төв банкууд Ковид-19-ийн сөрөг үр нөлөөг бууруулах, эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч байсантай холбоотойгоор алтны ханш 1,500 орчим ам.долларт хүрч огцом буурсан. Гэвч сүүлийн долоо хоногуудад  АНУ болон зарим улсад вирусийн тархалт эрчимтэй нэмэгдсэнээр алт олборлогч зарим улсад хөл хорио тогтоож, уурхайнуудын үйл ажиллагаа доголдсон зэрэг нь алтны ханшийг өдөөж 1,750 орчим ам.долларт хүргээд байна. Энэ нь 2012 оноос хойших хамгийн дээд түвшин бөгөөд 2019 оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буюу 470 ам.доллараар өссөн үзүүлэлт юм. 

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 4 дүгээр сард 149,986.18  төгрөг байлаа. Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ цемент бүр галзуурлаа

    0 0 Хариу бичих