Манай улсын хүн амын гуравны нэгийг хөдөлмөрийн насныхан, талыг нь залуучууд эзэлдэг. Тиймээс Монголыг залуучуудын орон гэдэг. Залуу хүн буюу хөдөлмөрийн насныхан олон байна гэдэг тухайн улсын хүн амын бүтээмж өндөрсөж, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн түвшин сайн байна гэсэн үг. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд тодорхойлсноор залуучууд гэдэгт 15-34 насныхныг хэлдэг. Тэгвэл залуучуудын орон гэгддэг Монгол Улсад залуу хүний оролцоо, бүтээмж болон тэдний нийгмийн асуудал буюу хөдөлмөр эрхлэлт, боловсрол ямар байна вэ?. Залуучуудад чиглэсэн төрийн бодлого үр дүнтэй байна уу? гэдгийг “Залуус хаана явна” нийтлэлээрээ хүргэе.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ?

Монгол Улсын хувьд залуучуудын гэлтгүй нийт хүн амын хөдөлмөр эрхлэлт анхаарахуйц асуудлын тэргүүнд нэрлэгддэг. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин долоон хувьтай гэдэг. Тэгвэл залуучуудын ажилгүйдлийн түвшин үүнээс хоёр дахин их байдаг гэдгийг Хөдөлмөр хамгааллын судалгааны институтээс мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.1 сая залуус байгаа нь нийт хүн амын 34.6 хувь, 15 ба түүнээс дээш насны хүн амын 66.1 хувийг эзэлж байна. Харин улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байгаагаас залуучуудын ажилгүйдлийн түвшинг авч үзвэл улсын дунджаас хоёр дахин өндөр ажээ. Тэгвэл энэ байдал өнөөдөр ч арилаагүй байгааг Үндэсний статистикийн хорооны 2019 оны эхний гурван улирлын тайлангаас харж болно. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 34.4 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй байгаагийн 57.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Дээрх институтээс залуучуудын ажил хийдэггүй шалтгааныг тодруулахад, дийлэнх нь ажил хайгаад олддоггүй гэсэн хариулт өгчээ. Харин үлдсэн нь хүүхэд асарч байгаа, гэрийн ажилтай, жирэмсэн, ажиллахыг хүссэн ч шантарсан, ажил хийхийг хүсдэггүй гэсэн байна.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа

Тэгвэл Монголын залуучуудын дийлэнх нь хаана ажилладаг вэ. Энэ маш товчхон бас ойлгомжтой. Монгол Улсын нийт ажиллагсдын 600 орчим мянга нь худалдааны, 270 орчим мянга нь үйлчилгээний, 300 орчим мянга нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлд жин дардаг салбарт, залуучууд ч мөн жинтэй байдаг гэсэн үг. Нээрээ ч томоохон сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газар, үүрэн холбооны оператор, банк, кино театр гэх мэт газар залуус л гүйлдэж, мэнд мэдэж, үйлчлэх нь элбэг билээ.

Ажилгүй залуучуудын 58 хувь нь мэргэжилтэй

Дотоодод хөдөлмөр эрхлэхгүй байгаа 15-34 насны залуусын боловсролын түвшин ямар байгааг харуулъя. Хөдөлмөр нийгмийн хамгааллын институцын гаргаснаар хөдөлмөр эрхэлдэггүй залуусын 58 хувь мэргэжилтэй байгаа юм. Тодруулбал, 47.3 хувь нь бүрэн дунд, 21.1 хувь нь дээд, 9.7 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой, 7.6 хувь нь суурь, 4.4 хувь нь дипломын дээд, 3.7 хувь нь бага, 3.5 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувь нь боловсролгүй юм байна. Үүнээс дээд боловсролтой 21.1 хувийг нь онцлон авч үзжээ. Тэдний хамгийн их нь багш, нягтлан бодох бүртгэл, менежментийн чиглэлийн мэргэжилтэй иргэд байгаа аж. Дараа нь эрх зүй, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, байгаль орчин, урлаг, программ хангамж, санхүү менежментийн мэргэжилтэй залуус байгаа юм. Багш нарын хувьд мэргэжлээрээ ажиллахад цалингийн хэмжээ, ажлын ачаалал нь хамгийн том бэрхшээл тул ажиллахаас татгалздаг тухайгаа хэлжээ.

Худалдаа, бизнесийн салбарыг залуус сонирхож байна

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоогоор тооцвол залуучуудын боловсрол эзэмших хувь өндөр үзүүлэлттэй гарна. Сүүлийн гурван жилийн дундажийг харахад жил бүр 150 гаруй мянган суралцагч их, дээд сургууль, коллежид суралцаж байна. Энэ хэмжээгээр дээд боловсрол, коллежийн тоо ч зах зээлд шилжсэнээс хойш нэмэгдсэн. Зөвхөн дээд боловсролын байгууллага гэхэд Монголд 95 байна гэдэг тоог ч БСШУСЯ-ны мэдээллээс харж болно. Ингээд тоон үзүүлэлтээс харвал дээрх дүгнэлтэд хүрч болохоор. Өнөөдөр их, дээд сургууль, коллежийн оюутнуудын олонхи нь худалдаа, бизнесийн чиглэлээр суралцаж байна. Үүний дараа багш, сурган хүмүүжүүлэх, байгалийн шинжлэх ухаан, инженер, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа юм. Гадаадад суралцаж буй монгол оюутнуудын тухайд БНСУ-д өнгөрсөн оны байдлаар суралцаж буй монгол оюутны тоо 7300-д хүрсэн. Мөн БНХАУ-ын Боловсролын яамны мэдээлснээр өнгөрсөн онд 10100 монгол оюутан Хятад улсад сурч байжээ. Хойд хөршийн хувьд Монголын 2000 гаруй оюутан ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцаж байгаа бол Япон улсад өнгөрсөн оны байдлаар 3100 оюутан байгаа аж. Сүүлийн үед Японд суралцах оюутны тоо нэмэгдэж байгааг энэ дашрамд дуулгая. 2017 онд 2500 оюутан байсан бол жилийн дотор 24 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн АНУ-д 1500 монгол оюутан байгаа нь 2014 оноос зургаа орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Суралцах оюутны тоо өмнөд, хойд хоёр хөрштэй зэрэгцэн өсөж байгаа улс бол Австрали. Тус улсад өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын 3500 оюутан байна гэсэн мэдээллийг “ICEF monitor” байгууллагын хийсэн олон улсын боловсролын зах зээлийн судалгаанд дурджээ.

Залуусын оронд залуусыг дэмжих бодлого байна уу?

Монгол Улсын хүн амын хэтийн тооцоогоор 15- 34 насны залуучуудын тоо 2030 онд 1.026.600, 2040 онд 1.156.620 болж өсөх хандлагатай гэсэн байдаг. Ингэхээр цаашид ч Монгол Улсын хүн амын бүтцэд залуучууд давамгайлахаар байна. Гэхдээ одоогийн байгаа нөхцөл байдал дээрдэхгүй бол залуучууд хэчнээн давамгайлаад хөгжлийн салхи сэвэлзэхгүй. Үүнд төрийн бодлого тулах багана байх ёстой. Өөрөөр хэлбэл, залуусын эрхийг хангах, тэдний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, бүх шатан дахь залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, амьдралын түвшинг нэмэгдүүлэх бодлого байх нь зүйн хэрэг. УИХ 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль баталж, залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулсан юм. Уг хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн таван чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжихээр заасан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Тэгвэл боловсролын чиглэлээр залуусыг дэмжихээр Боловсролын зээлийн сан байгуулсан. Энэ нь оюутан залуучууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан төлөх тогтолцоо. Ирэх онд Боловсролын зээлийн сангаас нийт 76.6 тэрбум төгрөгийн зээлийг гадаад, дотоодод суралцагчдад олгоно. Үүнээс Оюутны хөгжлийн зээлд 33 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд 14.5 тэрбум төгрөг, зарим суралцагчдад олгох сургалтын төлбөрийн тэтгэлэгт 12.6 тэрбум төгрөг олгохоор болжээ. Мөн Засгийн газрын гэрээгээр гадаадад суралцагчдад олгох зээлд 7.3 тэрбум төгрөг, багш мэргэжлээр суралцаж буй оюутан, магистрантуудад олгох сургалтын төлбөрт 2.8 тэрбум төгрөг, бусад зээл, арга хэмжээний зардалд 2.9 тэрбум төгрөг тусгаад буй.

Мөн оюутан залуус сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн. Энэхүү мөнгийг 200 мянган төгрөг болгон олгохоор 2020 оны улсын төсөвт тусгасан юм.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгодог. Энэ дагуу 2018 онд 750 гаруй залууд 100 хувь эргэн төлөгдөх гарааны бизнесийн, бараа бүтээгдэхүүний борлуулалтын, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт зэрэг 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж, 2300 орчим залуусыг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулсан бөгөөд 2019 онд 3500 залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөн хэрэгжүүлжээ. Энэ мэт төрийн дэмжлэг, бодлого хэрэгжиж байна.

Ингэхээр Монголд залуучуудад чиглэсэн бодлого байгаа юм. Харин тэр хуульд дурдсан таван үндсэн чиглэлийн хэд нь залууст бодитоор нөлөөлж байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Энэ нь Монголын залуучуудын өнөөдөртэй уялдаж, баталгааждаг.

“IRIM” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан

Залуучуудын нийгмийн асуудлыг тодорхойлоход, хөдөлмөр эрхлэлт, боловсролоос гадна тэдний эрүүл мэнд, гэмт хэрэгт өртөх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг, амьдралын чанар зэргийг харж болох юм. Эдгээрийг нэгтгэн Монголын залуучуудын нөхцөл байдлыг шагайж харвал нийтлэг төрх нь орлого бага, хөдөлмөр эрхэлсэн ч орлого нь хэрэглээгээ хангадаггүй. Үүний зэрэгцээ байр, машин, цалингийн зээлд цалингаа талладаг. Тэрнээсээ үүдээд хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх нь хязгаарлагдмал болж байна. Ингэхээр хаалганы гаднаас харвал хүн амын бүтцээрээр Монгол залуусын орон мөн. Гэвч үүдээр нь шагайгаад ажвал Монголд залуучуудын бүтээмж тийм ч тод харагдахгүй. Тэд нам гүмхэн урдах ажлаа хийж, амьдралаа залгуулдаг. Нийгэмд оролцоо нь үл мэдэгдэнэ. Өөрчлөлт ирэхийг зүгээр л хүлцэнгүйгээр хүлээдэг. Энэ нь нийтлэг төрх гэдгийг дахин тодотгоё. Үүний бурууг өмнөх нийгмийн хүмүүсийн сурган хүмүүжүүлэх ухаанаас хайх уу, боловсролын системийн чанараас хайх уу, эсвэл орлого бага иргэдтэй улсынхаа хөгжлөөс хайх уу?