“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулах ажлыг зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд компанийн ажилтнуудыг Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хуваарилан ажиллуулж, 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаасаа хасаж тооцуулсан иргэдийн гаргасан өргөдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулж дуусаад байна. Үргэлжлүүлэн  21 аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудтай холбогдож аймаг, сумдаас анхан шатны материалыг цахим хэлбэрээр татаж авах, түүнийгээ стандартад нийцүүлэн шивж, хадгалах ажлыг гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар Багануур, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн анхан шатны баримтыг “ETT” нэгдсэн бүртгэлийн систем /аппликейшн/-д байршуулсан. Мөн уг системд 21 брокерын компани холбогдон цахим хэлбэрээр хувьцааны данс нээж байна.   “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэнээс 1.718.296 иргэн дансаа нээлгэсэн байна. Түүнчлэн эдгээр хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна. Банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Харин бүртгүүлээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн дансаараа авах боломжтой. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм.   Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай: