Монгол эр хүн яагаад 60 насандаа тэтгэвэрт гараад 61-тэйдээ өөд болдог вэ. Монголчуудын дундаж нас яагаад 65 байдаг вэ. Магадгүй дундаж наслалтыг дахин тооцоолоход үүнээс ч буурсан байх вий гэсэн өнөөдрөөс хамааралтай ирээдүй рүү чиглэсэн асуулт бидэнд тулгарч байна. Харин эдгээр асуултын хариулт тун энгийн аж.
Учир нь Монголд тэтгэвэрт гарсан л бол үхсэнтэй ижил болдог. Амны билэггүй, магадгүй хатуудуулсан, худлаа ч юм шиг уншигдах байх. Гэхдээ Монголын ахмадуудын өнөөдрөөс ингэж хэлэхэд буруудахгүй. Тийм ч учраас тухайн ахмадын сэтгэлзүйд ч “хэнд ч хэрэггүй болсон” мэт мэдрэгддэг нь худал биш. Угаасаа хүн ёсных нь хувьд аваад үзэхэд насаараа хөдөлмөрлөж, олны дунд байснаа тэтгэвэрт гарлаа гээд гэртээ хөгшинтэйгөө хоёулахнаа өдрийг барах нь ерөөс энэ бодлын эхлэл юм. Магадгүй энэ байдал байгалийн араншингаасаа шалтгаалж эрчүүдэд илүү нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд мэдрэмжээ илэрхийлж, сэтгэлээ нээж чаддаг учир нөлөөлөл нь бага тусаж, мөн чанараасаа дотогш эрчүүдэд илүү нөлөөлдөг байх. Үүнийг дундаж наслалтын статистикаар баталж болно. Тухайлбал, өнөөдөр Монголд эрчүүдийн дундаж наслалт 65 байхад, эмэгтэйчүүдийнх арван насаар илүү байдаг. Монгол Улсын хувьд нийгмийн шилжилтүүдээс шалтгаалан хүн амын цонх үе өөр байсан. Энэ нөлөөлөл нь сүүлийн жилүүдэд мэдрэгдэж байгаа хийгээд, ойрын жилүүдэд ч нөлөөлөл нь мэдрэгдэхээр байгаа юм. Монгол Улсын хувьд 60, түүнээс дээш насны хүн ам нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байгаа юм. Энэ мэтээс үүдэн Монголд ахмадын нийгмийн хамгаалал ямар байдгийг дэлхийд аз жаргалаараа тэргүүлдэг Дани хийгээд, бидэнтэй ойр орших Солонгос, ахмадын хөдөлмөр эрхлэлтээрээ тэргүүлдэг Исланд, дэлхийд насжилтаараа тэргүүлдэг Япон улсын жишээнээс харъя.
Дани улс
Дэлхийн улсуудыг аз жаргалын индексээр жагсаахад үргэлж топ 5-д багтдаг тус улсын аз жаргалтай байдгийн нууц бол эмнэлгийн бүх тусламж болон боловсролын салбар нь үнэгүй байдагтаа оршдог байна. Тус улсын хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар нь 25 хувь байдаг бөгөөд татварын орлогоороо иргэдийнхээ дээрх хэрэгцээг үнэ төлбөргүй хүргэдэг гэж үзэгддэг. Түүнчлэн амиа хорлолт хамгийн багатай буюу жилд нас барах иргэдийн 0.0001 хувьтай байдаг аж. Тус улсын ахмад настны эзлэх хувь нь 15. Ахмад нь төдийлөн хөдөлмөр эрхлээд байдаггүй ч бүх үзвэр, үйлчилгээ зэрэг нь үнэгүй байдаг болохоор хамгийн аз жаргалтай ахмадуудтай орон гэдгээрээ алдартай. Нийт ажилчдын 35 хувь нь төрийн албан хаагч байдаг гэдэг үзүүлэлтээрээ ч дэлхийд гайхагддаг. Төсвийн байгууллага, төрийн албан хаагч их байлгаж үнэгүй үйлчилгээ үзүүлнэ гэсэн бодлого барьдаг.
Япон улс

Японд 60-аас дээш насны хүнийг ахмадад тооцдог. Өөрөөр хэлбэл одоо хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулиар эрэгтэй эмэгтэй хамаагүй 60 насанд хүрвэл тэтгэвэрт гарахаар зохицуулагдсан байдаг. Өнгөрсөн онд тэтгэвэрийн насыг 70 болгох хуулийн төслийг өргөн барьсан ч 70 нас гэсэн санал хэтэрхий өндөр нас байна гэж шүүмжлэгдэн 65 дээр тогтсон байдаг. Япон улсын тухайд ахмад настнуудын тоо өндөр гэдгээрээ дэлхийд алдартай. 75-аас дээш насны иргэн нийт иргэдийн 14.6 хувь, 65-аас дээш насны иргэн нийт иргэдийн 28.5 хувийг эзэлдэг. Энэ нь дэлхийн 201 орноос нэгдүгээрт (Итали улс 23 хувь гэсэн үзүүлэлтээр хоёрдугаарт) бичигддэг. Япон улсын 65-аас дээш насны иргэдийн эзлэх хувь нь 2025 онд гэхэд 30 хувьд хүрч, 2040 онд 35.3 хувьд хүрэх төлөв ч бий. Япон улсад нийт 8.6 сая ахмад настан ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд энэ нь нийт 65-аас дээш насны ахмадуудын 24.3 хувь (Хөдөлмөр эрхэлдэг ахмадуудын эзлэх хувь нь Америкт 18.9, Канадад 13.4 хувь байдаг) юм. Японд ахмадууд тэтгэвэрт гараад үндсэн ажилтнаар бус цагийн ажилтнаар ажиллах нь элбэг.
Нэг талаараа тус улсын ахмад чиглэсэн ажиллах хүчийг хүн амын насжилт өндөр, ажиллах хүчний хомсдолд орсонтой холбон тайлбарладаг ч яах аргагүй дэлхийн жишигт дурдагдахаар бодлогын арга хэмжээг Япон улс авч чаддаг. Түүний нэг нь 2013 онд батлагдсан Ахмад настны ажил эрхлэлтийг тогтворжуулах тухай хууль юм. Тус хуульд зааснаар хэрвээ 60 нас буюу тэтгэврийн насанд хүрсэн ч өөрөө ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол ажлаас чөлөөлж болохгүй байхаар хуульдаа тусгасан. Ингэснээр хөдөлмөр эрхэлдэг нийт ахмадын 23.7 хувь нь үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм байна. Гэвч тэтгэврийн насанд хүрмэгц ажил олгогчийн зүгээс залуу хүнийг ажиллуулахаар зорьж, ажил даалгахгүй байх, эвсэл хэт их ажил даалгаж илүү цагаар ажиллахад хүргэх, бонус цалинг бодохгүй байх зэрэг шууд бусаар ирэх дарамт үзүүлдэг нь ахмадуудыг үндсэн ажлаа хүлээлгэн өгч, цагийн ажил хийхэд хүргэдэг гэдэг судалгааг ч дотооддоо гаргажээ. Ингээд ахмадын дунд томоохон супермаркетийн касс, бараа өрөгч, цэвэрлэгээ, таксины компанид жолооч, зочид буудалд цэвэрлэгээний ажил эрэлттэй байдаг гэнэ. Тэтгэврийн хэмжээний тухайд жилд дунджаар нэг ахмад настан 2.4 сая иен буюу сард 200 мянган иен авдаг байна. Энэ нь төрийн албан хаагчийн хамгийн доод тэтгэврийн хэмжээ гэнэ.
Солонгос улс

Солонгос улсын хувьд ахмад настнуудын эзлэх хувь нь 14 хувь байдаг байна. Эдгээрийн 32.2 хувь нь ажил эрхэлдэг буюу дэлхийд энэ үзүүлэлтээрээ хоёрдугаарт (Исланд 38.1 хувь буюу нэгдүгээрт) ордог. 2016 оныг хүртэл тэтгэвэрт гарах нас нь 50 нас байсан бол 2016 оны тэтгэврийн насыг уртасгах тухай хууль батлагдаж 60 нас болгосон байна. Солонгос улсын хувьд ахмад настан хамгийн ихээр ажилладаг салбар нь машин үйлдвэрлэл гэнэ. Дараагаар нь электрон бараа, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, банк, даатгал зэрэг салбарууд багтжээ. Тус улсын тухайд 59-79 насны ахмадуудын 54.5 хувь нь тэтгэвэр авдаггүй гэсэн баримт байдаг байна. Энэ нь даатгал төлөхгүй л бол тэтгэвэр өгдөггүй тогтолцоотой нь хамаатай юм. Харин тэтгэврийн мөнгөний тухайд жилд дунджаар 2.4 сая вон авдаг байна.
Исланд улс
Нийт иргэдийн 13.5 хувьд 60-аас дээш насны иргэн байдаг байна. Энэ нь бараг л Солонгос улстай ойролцоо ч нийт ахмад настнуудын 38.1 хувь ажил эрхэлдэг байна. Энэ нь дэлхийд нэгдүгээрт байдаг үзүүлэлт юм. Тус улсад тэтгэвэрт гарахаараа Ахмадын хөдөлмөр халамжийн төв гэх төрийн удирдлагын байгууллагад бүртгүүлэн ахин өөр ажилд зуучлуулах боломж их байдаг тул ийнхүү ахмадын хөдөлмөр эрхлэлт их байдаг байна.
Монгол Улс
Хүн бүр аз жаргалыг өөрөөр мэдэрдэг шиг бүс нутаг бүр онцлогоосоо шалтгаалан ахмадын нийгмийн асуудалд өөр өөр анхаарч байгааг дээрх жишээнээс харууллаа. Данид ахмад нь хөдөлмөр эрхлэхгүй, төрөөс нь бүх төрлийн үйлчилгээг нь үнэгүй байхаар зохицуулж өгсөн бол ахмадууд голлосон Японд ажлын байраар хангаснаар ахмадуудынх нь нийгмийн үзүүлэлт хангагдаж байна. Тэгвэл Монгол Улсад ахмад руу чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ нь голлодог. Гэвч энэ нь ахуйн хэрэгцээг нь хангах хэмжээнд л байдаг учир ахмадууд гэртээ л өдрийг барахад хүрдэг. Үндэсний статистикийн хорооны гаргасан ахмадуудын нийгмийн үзүүлэлтийн судалгаанаас харахад ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн сарын дундаж орлого 753 мянган төгрөг байна. Орлогын бүтцэд тэтгэвэр, тэтгэмж голлож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмж 453.8, цалин 185.2 мянга бол үлдсэн нь бусад орлого гэх мэт. Гэвч орлогын дийлэнхийг эзэлдэг тэтгэврээ олон сараар зээлдэг нь тэдний бодит амьжиргааг бэлхнээ илтгэнэ. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 412 мянган тэтгэвэр авагчийн 233 мянга зээлтэй байсан. 194 мянга нь зээлээ төлсөн байсан гэдэг тооцоог гаргасан юм.

Угаасаа ч шат шатандаа нийгмийн халамжийг нэн түрүүнд тавьдаг ужгирсан тогтолцоотой тул ахмадууд гэлтгүй залуучууд нь ажлын байргүй. Үүнийг бас нөгөө талаас нь өмөөрч харвал ар араасаа хөдөлмөрийн зах зээл рүү түрэн орж ирж байгаа залуучуудыг “угтан” авах шаардлага бий тул юун Солонгос, Исланд шиг ахмадыг ажлын байраар хангах. Дундаж давхрагийн нуруун дээр тэтгэврийн сан нь ачаатай байдаг болохоор Дани шиг ахмадууддаа бүх төрлийн үйлчилгээг нь ч үнэгүй үзүүлэх боломж бас байхгүй. Ахуйдаа л хүрэхээр тэтгэврийн хэдэн цаастай хүн хувийн бизнес хийх нь байтугай, Солонгост 10 жил махаа идээд олсон хэдэн төгрөгөөрөө эх орондоо бизнес хийгээд амьдаръя гэсэн хижээл эрд хүслээ биелүүлэх бизнесийн орчин бас байхгүй шүү дээ. Ингээд Монголын ахмадууд тэтгэвэртээ гараад л ач, зээгээ зөөх нь зөөж, зарим нь гэртээ өнгөрснийг эргэцүүлж, өөдөө явах өдрөө хүлээдэг. Гэвч Монголын ахмадын холбооноос жил бүр хийдэг дотоод мэдээллийн судалгаагаар нийт ахмадын 67.9 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна гэсэн дүн гарчээ. Ингэхээр сүүлийн үед яригдаад буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээс гадна ахмадын ажиллах сонирхлыг тулгуурласан бодлогыг ч бас нэхэж байна.