Орчин үеийн дүрслэх урлаг илүү эрх чөлөөтэй, этгээд хачин, элдэв санаа агуулах болсон нь улс орон бүрийн нийгэм, соёлын хувьслаа даган тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буйтай салшгүй холбоотой. Урлаг бүхий л цаг үед дүр төрхөө өөрчилсөөр ирсэн. Харин ирээдүйд тэр дундаа дүрслэх урлаг чухам ямар хэлбэртэй болохыг та төсөөлж байсан уу? Энэ асуултад салбараа түүчээлж буй зураач, кураторууд хариулт өгчээ.

Жастин Брайс Гарилиа Энэхүү өрөг урлагийг бүтээл бол уур амьсгалын өөрчлөлтийн тухай концепцийг хөгжүүлсэн олон зуун бүтээлийн нэг л жишээ юм.
Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүн ам зүй, геополитик зэрэг зарим салбар эсвэл үйл явдлын ирээдүй тун тодорхой харагддаг. Харин ирээдүй нь хамгийн бүрхэг, тодорхойгүй салбар бол соёл, урлаг юм.
Зураач Девон Ван Хутен Малдонадо кураторуудаас ойрын 20 жилийн хугацаанд бидний амьдарч буй ертөнцөд урлагийн нөлөөлөх хүч, өөрчлөлт, чиг хандлагыг төсөөлөхийг хүсчээ. Үр дүнд нь олон улсын дүрслэх урлагийн салбарыг төлөөлөх кураторууд нэг л үзэл бодолд бат зогссон байна. Цорын ганц үнэн бол ирээдүйн урлагт гайхамшиг, аймшиг хоёрын аль алиных нь сүүдэр тусгалаа олох болно гэх. Тэдний төсөөллөөр ирээдүйд дүрслэх урлагийн хамгийн том өрсөлдөгч хийгээд дайсан нь хиймэл оюун ухаан болон колонийн аргаар бүтээсэн хүн байх аж.
2040 он гэхэд #MeToo ба Black Lives Matter гэх мэт хөдөлгөөнүүд улам хүчээ авч урлагийн эргэн тойронд үргэлж оршин байдаг улс төр, байгаль орчин, хилийн асуудал, шилжилт хөдөлгөөний тулгамдсан асуудлаас үүдэн урлагийн төрөл улам өргөн болж, бидний одоогийн “урлаг урлаг биш” болж магадгүй гэлээ.
Ирээдүйд, бид хүн бүрийн алган дээр юм шиг амьдрахаас залхаж, хувийн нууцаа зөвхөн өөртөө л хадгалахыг илүүтэй хүсэх болно. Яг л хорьдугаар зуунаас өмнөх шиг...

Төсөөлөл бодит болох нь...
Өдгөө дуудлага худалдаа, уран зургийн үзэсгэлэн, өндөр үнэлгээтэй галерей зэрэг нь дүрслэх урлагийн гол хөшүүрэг хэвээр байгаа бөгөөд уран зураг борлуулалтаараа бүх урлагийг манлайлсаар байна. Цаашид ч манлайлах болно. 20 дугаар зууны эхний хагаст бүтээгдсэн орчин үеийн уран зургууд одоо хүртэл зах зээл дээрх хамгийн хүсүүштэй, хамгийн үнэтэй урлагийн бүтээл хэвээр байгаа юм. Хамгийн өндөр үнээр худалдаалагдсан 10 уран зургийн есийг нь 1892-1955 оны хооронд зурсан байдаг бөгөөд хамгийн эртний гэгдэх уран зургийг 1490-1519 оны хооронд Леонардо Да Винчи зуржээ. Тус зураг дуудлага худалдаагаар 450.3 сая ам.доллар (341 сая фунт стерлинг)- ээр үнэлэгдэж, хамгийн үнэтэй бүтээлд тооцогдох болжээ.
Сонирхолтой нь дээрх жагсаалтад багтах бүх зургийг цагаан арьст уран бүтээлч зурсан байдаг нь өнөөх л арьс өнгөний үзэл, хүсийн тэгш байдлыг хөндөх шалтгаан болдог аж. Тэгвэл 20 жилийн дараах дүрслэх урлагийн зах зээл одоогийнхоос юугаараа ялгаатай байж болох вэ? 20 дугаар зууны хоёрдугаар хагасаас эхлэн олон эмэгтэй зураач болон цөөнх уран бүтээлчдийн бүтээлүүд үнэ цэнд хүрч эхэлсэн. 2017 онд зураач Жан- Мишель Баскуатын “Untitled” (1984) бүтээл дуудлага худалдаагаар 110.4 сая доллар (85.4 сая фунт стерлинг) -ээр зарагдсан нь орчин үеийн хамгийн үнэтэй уран зураг болж, шинэ дээд амжилт тогтоожээ. Тэгвэл 20 жилийн дараа магадгүй эмэгтэйчүүд дүрслэх урлагийн ертөнцөд илүү байр суурийг эзлэх боломжтой юм. Урлаг хувь хүний бүтээл бус илүү хам шинж чанартай болох нь...

Сенегалийн уран бүтээлч, куратор Моду Диен
Дүрслэх урлагийн “хар” ирээдүй…
Өнгөрсөн жилийн Венецийн биеннальд 1960-аад онд Чикагогийн өмнөд хэсэгт ажиллаж байсан хар арьст зураач, уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулжээ. Энэ үйл явдал 20 жилийн дотор урлагт явагдах шилжилт хөдөлгөөн, хар арьст уран зураачдыг дэлхийд таниулах болно хэмээх дүгнэлтэд хүрэхэд хүргэлээ. Сенегалын зураач, куратор Моду Диен Би Би Си-д “Дүрслэх урлагийн ирээдүй хар болно” гэж ярьсан нь Африк, Африк-Америк, Африк-Европ, Африк- Латин гаралтай дүрслэх урлаг дэлхий даяар хөгжиж байгааг илэрхийлсэн хэрэг байлаа. Энэ нь арьс өнгөний үзэл, колоничлолоос болж олон зууны туршид дарагдаж ирсэн Африк гаралтай хар арьст уран бүтээлчдэд ээлтэй цаг үе ирж байгаагийн илрэл аж.
Тэдний илэрхийлэл, хийсвэрлэл, кураторын ажил, гүйцэтгэл гээд бүгд дүрслэх урлагийн ертөнцөд тэс өөр, цоо шинэ үеийг бүтээж буй ажээ. ЛГБТ, феминист үзэл одоо бидний дунд хамгийн хүчтэй байгаа ч ирээдүйд бусад урлагийн шинэ төрлийг бий болгоход нөлөөлөхгүй. Хэдий эдгээр хөдөлгөөнүүд нь олон жилийн түүхтэй ч хар арьстнуудын урлаг эднээс хавь илүү хүчтэй гэж олон улсын уран бүтээлчид санал нэгдэж байна. Өрнийн дүрслэх урлагийн канон бус цоо шинэ давалгаа...

Керри Жеймс Маршаллын “Өнгөрсөн цаг” (1997) зураг 21.1 сая доллараар зарагдсан нь Африк гаралтай Америк уран бүтээлчдийн дунд рекорд тогтоож байв.
Урлагийн төлөө урлаг...
Музей бол зөвхөн түүхэн эд юмсыг нүдээр үзэх газар төдийгүй түүхийг сонсох, харах, хүрэх, мэдрэх, аялах, төсөөлөх, эргэцүүлэх төгс платформ бүхий орон зай. Нэг бүтээл өөр нэгэн шинэ бүтээл төрөх “санааны инкубатор” гэж тодорхойлжээ. Тиймээс л урлагийн төлөө урлаг бий болдог байх нь.
“Урлагийн төлөө урлаг” оршин тогтнодог гэдэгт итгэдэг хүмүүс урлагийг ямагт нийгмийн эсвэл ямарваа нэгэн үзэл суртлын хэм хэмжүүрээс ангид байх ёстой гэж үздэг. Үүнтэй ч санал нэгдэх хүн олон биз. Зөвхөн энэ тохиолдолд л урлаг нь зүйрлэшгүй их хүчийг ялгаруулж чаддаг. Өөрөөр урлаг урлаг хэвээрээ оршин тогтнох боломжгүй. Тиймээс ч зарим кураторууд урлагийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ямар ч дүгнэлт гаргах ёсгүй хэмээн үзжээ. Нэг талаар тун сонирхолтой мөн хачирхалтай гаргалгаа. Угтаа 20 жилийн дараа ч 200 жилийн дараа ч урлагийн мөн чанар нь хувьсан өөрчлөгдөхгүй учраас, үгүй ядахнаа тэгж итгэхийн тулд ирээдүйг төсөөлөхөөс татгалзах хэрэгтэй гэнэ. Энэ талаас нь харвал байж болох л өнцөг...

Майт Боржабад
Олон хэвт футуризм...
АНУ-ын Чикаго хотын урлагийн институтын архитектор, куратор Майт Боржабад, “Та нар төсөөлж ч чадахгүй ирээдүйдээ өмнө бэлэн байх ёстой” хэмээж байна. Өөрөөр хэлбэл, бид ирээдүйг барим тавим таамаглаж чадахгүй, чингэхийн оронд олон хэв төлөв, гарцын өмнө бэлтгэх хэрэгтэй тэгэх ч боломжтой аж. Түүний үзэж байгаар бол дэлхийн дүрслэх урлагт бидний харж чадахгүй ч төсөөлж чадах олон хувилбарт ирээдүй байх боломжтой. Тиймээс дүрслэх урлагийн ирээдүй гагцхүү тийм байна гэх бодлоос зайлсхийх нь агшин зуурийн амсхийлт болох болно.
2040 онд урлаг нь урлаг шиг харагдахгүй байж болох ч магадтай. Зэрэгцээд бодит амьдралын хольц нь улам биежих ч боломжтой. Зарим улсад улс төрийн эсэргүү хэмээн цоллуулсан зураачид байсаар ирсэн нь 20 жилийн дараа ч үргэлжилж, Латин Америк, Ази, Африкт хүчтэй зах зээл бий болж, өнгөт арьст уран бүтээлчид сод, сор бүтээлүүд туурвих аж. Тиймээс л биднийг угтаж айсуй төсөөлөхийн ирээдүйн өмнө тархи, зүрхээ нээх цаг нь иржээ.