Цар тахлын дараах Монгол Улсаа төсөөлөхийг хичээлээ. Энэ сэдвийг хөндөх болсны шалтгаан нь зарим хүнд маш явцуу санагдаж, нөгөө талаар, өдгөө нэгэнт тогтсон ойлголтуудтай зөрчилдөж магадгүй. Гэвч нэгд, дэвшүүлж буй санаа маань ардчиллын жишиг гэгдэх нэр бүхий улсуудад амжилттай хэрэглэгдэж байгаа, бид тэр хэмжээнд л дөхөж очьё гэсэн болохоос хэтрүүлэх гээгүй. Хоёрт, өнгөрснийг биш, ирээдүйг өгүүлж байгаа учир асуудалд олон ургальч үзлээр хандах нь буруу биш гэж бодно.

Дэлхий төсөөлж байна

Футуролог буюу ирээдүйг зөгнөгч эрдэмтэн мэргэд цар тахлын дараах дэлхий ертөнцийн дүр зургийг өөр өөрийнхөөрөө төсөөлөн, үр дүнг нь харахаар яарч байна. Тэднээс хэн нь онохыг одоо хэн ч таашгүй. Харин эдийн засгийн салбарт гэвээс, цар тахлын дараа төрийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байх болно гэдэгт олонх эдийн засагчид санал нэгдэж байгаа юм. Төр бизнес дэх оролцоогоо нэмэгдүүлэхийг угаасаа хичээж байсан, энэ ажилд нь цар тахал сайхан шалтаг боллоо гэлцэж буй. Тэд Европ, АНУ-ын Засгийн газрууд хувийн хэвшилдээ асар их хэмжээний татаас, хөнгөлөлттэй зээл өгөх замаар бизнес дэх нөлөөгөө бэхжүүлэхийг чармайж байна гэлцэж буй. Зээл авсан ААН-үүд бүгд хөл дээрээ босохгүй, зарим нь дампуурах нь мэдээж. Цар тахлаас өмнө бол төр эдгээр аж ахуйн нэгжүүдийг мэдэлдээ авч хэсэг бойжуулаад зарж орхидог байсан. Харин цар тахлын дараах үед бол буцааж зарахгүй, мэдэлдээ хэвээр байлгана гэсэн хандлага зонхилж байна.

Хамгийн хүчтэй улс засаглалын хэлбэрээ дэлхийд тулгадаг нь ёс. Нөгөө талаас, бусад нь өөрийн эрхгүй дагадаг гэх тайлбар ч бий. Үнэний хувьтай. АНУ дэлхийд хамгийн хүчирхэг байгаа учраас дэлхийн улс орнууд ардчилсан тогтолцоог илүүд үзэж байгаа гэж. Үгүй байлаа гэхэд АНУ өөрөө очиж илбэн тохинуулсан жишээ ч олон гарсан. Тэгвэл БНХАУ хүчирхэгжихийн хэрээр төрийн оролцоотой эдийн засгийн давуу талыг сурталчилж, бусад нь дагах байдал гарч байгааг үгүйсгэх аргагүй. Социализмын сүүлийн голомтын нэг Куба ардчилалд шилжихдээ БНХАУ-ын жишгээр төрийн хяналттай явна гэдгээ харуулсан. Ардчиллын эх орон гэгдэх АНУ-д хүртэл улстөрчид нь “поп” амлалт өгөөд, байдал нэг л биш байгааг анзаарсан л байлгүй. Тэргүүлэх эдийн засагчид ардчилал доройтож байгаагийн гол учиг шалтгааныг “Баялгийн тэгш бус хуваарилалт” гэж оношилж, “Хоосон ардчиллаар амьдрахгүйгээ нэгэнт ойлгосон олонхиос эмээсэн элит цөөнх аргагүйн эрхэнд дахин хуваарилалтын асуудлыг хөндөж байгаа нь энэ” гэх нь ч байна. Үнэн хаана нь ч бай, дэлхийн улс төр эдийн засагт ойрын том өөрчлөлт гарна, тэр өөрчлөлтийг цар тахал улам хурдасгаж байна гэдэг нь маргаангүй.

Манай улсад бол энэ хандлага цар тахлаас ч өмнө мэдэгдсэнийг уншигч та ганц нэг ордыг нийгэмчилсэн үйл явдлаас олж үзсэн гэж найдна. Одоо ард түмний араанд боловсорч, амны зугаа болж буй, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, коммунист гэмээр амлалтууд ч үндсэндээ эрх баригчдаас оны өмнө тогтоосон энэ жишиг, хандлагыг үргэлжлүүлэх шунал дээр босч ирсэн. Өөрөөр хэлбэл, ард түмний өмчийг ард түмэнд нь өмнөхөөс арай илүү хуваарилах, тэндээсээ улс төрийн болоод бусад ашиг хонжоо олохыг хичээж байна. Тэднийг бас буруутгах аргагүй. Асуудал эгэл ард түмний орлогыг нэмэгдүүлэх, өөрийнх нь юмыг өөрт нь өгөх, эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх тухайд юм бол энд эргэлзэх юу байх вэ амлаад л байхаас. Гэхдээ тэгш хуваарилалтыг “нэг удаагийн арга хэмжээ” болгох уу, “тогтмол” байлгах уу гэдэг тухайд бол ухаан зарах зайлшгүй шаардлагатай болж байна. Тогтмол байлгая гэвэл заавал байгалийн нөөц баялаг руугаа гар дүрэх ч шаардлага үгүй гэж бодож байгаагаа тайлбарлая.

Бид мөрөөдөж байна

Тэгэхээр, цар тахлын дараах Монгол Улсынхаа талаар төсөөлъе. Монголынхоо нөхцөл байдлыг бодохоор төсөөлөл гэхээсээ илүү ийм байгаасай гэсэн мөрөөдөл шахуу санагдахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ мөрөөдөл мэт санагдаж байгаа нь бидний одоогийн эмгэнэл байж ч мэдэх юм. Төсөөлъе.

Аз болоход, Монгол Улс хөгжихийн тулд, ядаж одоо байгаагаасаа дээр байхын тулд их мөнгө олох хэрэгцээ байхгүй. АНУ, Европ бол хэрэглээ нь олж байгаагаасаа хэтэрчихсэн ард түмэн. Ийм ард түмнийг илүү дээр байлгахын тулд заавал өөр бусад улс орныг шулж мөлжих хэрэгтэй болдог. Харин Монгол бол олж байгаагаасаа өчүүхэн бага хэрэглээтэй улс. Тиймээс дээрдүүлэхийн тулд их хөдөлмөр орохгүй.

Цар тахал юуны түрүүнд технологийн шинэ, шинэ боломжуудыг нээн гаргаж буй. Тэгэхээр, зайлшгүй нөхцөлд бий болж байгаа энэ дэвшлийг (технологийн) ашиглаад нөхцөл байдлаа дээрдүүлэх аргыг хайх нь бидний зорилго байх ёстой.

Монгол Улсын хувьд, иргэд төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Энэ тал дээр ахиц дэвшил гаргахад цар тахал яах аргагүй сайнаар нөлөөллөө. Тэгэхээр, зайлшгүй шаардлагаар бий болсон энэ хөгжлийг цаашид дэлгэрүүлж, амьдралаа дээшлүүлэх боломж бидэнд байна.

Төрийг чадавхгүй харагдуулдаг, төр иргэний итгэлцлийг үгүй хийдэг хардлагууд бий. Эдгээр хардлагыг үгүй хийж, үнэхээр гажуудал байсан бол засах том боломж гарч ирээд байна. Жишээ нь, төсвөөс гарч байгаа төгрөг бүрийг ил тод болгох боломжтой. Шилэн дансны тухай хууль нь ч байгаа. “Таван сая”-ын босгыг доошлуулаад л болно. Иргэдийн дунд “Төсвөөс бүтээн байгуулалт нэрээр гарч буй мөнгөний ихэнхийг улс төрчид залгидаг” гэдэг хардлагыг ингэж үгүй хийнэ. Хуудуу байсан бол шамшигдуулдаг хөрөнгө төсөвтөө үлдэж, цалин тэтгэвэр, хүнд шууд хүрдэг бусад хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломжтой.

Монгол Улсын 3.2 сая иргэний 2.1 сая нь төрөөс ямар нэгэн байдлаар тэтгэмж авдаг гэсэн мэдээлэл ил болсон. Ил болсон ч гэж, ил байсан мэдээллийг сэтгүүлч гаргаж тавьсан. Тэгэхээр манай улсад ил тод байдал бий. Гагцхүү түүнийг илүү гүнзгийрүүлэх шаардлагын талаар ярьж байна. Тэтгэмж авдаг 2.1 сая иргэний мэдээллийг цахим орчинд байршуулахад олон хардлага үгүй болно. Хардлага сэрдлэг үгүй болох тусам төр, иргэний итгэлцэл бэхжинэ.

Цар тахлын үеэр эрх баригч нам хямралын эсрэг багц гаргахаа зарласны дараа сөрөг хүчин янз бүрийн үндэслэлээр мөнгө тараахыг шаардаж улстөржлөө. Энэ байдал нь 2004 онд Иргэний зориг нам санаачилсан ч тэр бүр үр дүнтэй болоогүй, энэ парламентын үед бүр огт сураггүй байсан сүүдрийн Засгийн газрыг байгуулах сэдлийг төрүүллээ. Ингэвэл эрх баригч, сөрөг хүчнийг аль, алийг нь хариуцлагажуулах ач холбогдолтой. Мөн эрх баригчдын мэдэгдэл болгон нь тооцоотой, төсөвтөө баригдсан, үндэслэлтэй болно.

Цар тахал мөн стратегийн ач холбогдолтой зарим салбарт төрийн оролцоо байх ёстойг санууллаа. Тухайлбал, шатах тослох материалын зах зээлд төр багахан хувь эзэлж, чанар, стандартаар хувийн хэвшлийг үлгэрлэх шаардлага байгааг харуулсан.

Төрөөс үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогод хяналт тавих замаар түрээслэгчдийн эрх ашгийг хангах боломж бүрдүүлэх зайлшгүй шаардлага байсныг ил гаргалаа. Товчхондоо төр сул талуудаа дээд зэргээр мэдэрсэн, засахыг оролдсон цаг үе үргэлжилж байна. Энэ чармайлт сайн үр дүнг авчирна гэж найдна.