Хятадын Ухань хотоос гаралтай коронавирусийн халдвар дэлхийг хамарсан цар тахал болон дэгдэж, өвчилсөн хүний тоо гурван сая давчихлаа. Ковид-19 вирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор дэлхий даяар гурван тэрбум гаруй хүнийг хөл хорионд оруулж, эдийн засгийн үйл ажиллагаа тэр хэрээрээ хязгаарлагдав.

АНУ, Хятад, Япон, Европын Холбоо эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор өрх айл, жижиг бизнес, компани, банкуудаа дэмжих гэж олон зуун тэрбум долларын хөтөлбөрийг ээлж дараалан зарлачихлаа. Олон улс оронд тавдугаар сарын дунд үе хүртэл хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа боловч Чех, Австри, Дани, Норвеги, Итали, Испани зэрэг улс орнуудад хорио цээрийн дэглэмийг сулруулж, эдийн засгийн тодорхой салбаруудыг нээж эхэллээ. Жишээ нь Испанид 300 мянган хүнийг ажлын байраар хангадаг аж үйлдвэр, барилгын зарим салбар ажиллаж эхлэв. Доналд Трамп мужийн захирагч нартаа зориулан эдийн засгаа хэрхэн нээх тухай зөвлөмж боловсруулснаатанилцууллаа. Тавдугаар сард АНУ-ын эдийн засгийг дахин нээх тухай ид ярилцаж байна. Коронавирусийн халдвар дэгдсэн өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд Хятад улс дэлхийн хамгийн том аж үйлдвэрлэгч, хамгийн том ханган нийлүүлэгч төдийгүй хэрэглэгч болохыг дэлхий нийт харлаа. Дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг манай урд хөрш нийлүүлж байна.

Зөвхөн анагаах ухааны салбарыг авч үзвэл Хятад улс антибиотикийн орц, түүхийн эдийн дийлэнхийг, амны хаалт, хамгаалалтын хувцас, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үлэмж хэсгийг үйлдвэрлэж нийлүүлдэг ажээ. Олон улсын Валютын Сангийн тооцоолсноор дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар буурах бөгөөд жилийн хоёрдугаар хагаст Хятад, Америкийн эдийн засаг хэрхэн сэргэхээс цаашдын төлөв хамаарна. Дэлхийн эдийн засаг Хятадаас харилцан хамааралтай болсныг илтгэх маш олон салбар бий. Түүний нэг нь аялал жуулчлал юм.

Хятадын эдийн засаг 40 орчим жилийн турш тогтмол өндөр хувиар өссөний үр дүнд онгоцны тийз худалдан авч, гадаадад аялах санхүүгийн чадамжтай иргэдийн тоо хэдэн зуун саяд хүрчээ. 2018 онд давхардсан тоогоор 150 сая хятад хүн гадаадад аялж, 277 тэрбум доллар зарцуулсан байна. 2019 онд гадаадад аялсан хүмүүсийн тоо 155 саяд хүрчээ.

Гэтэл 2000 онд ердөө 4.5 сая хятад хүн гадаадад аялж байжээ. Коронавирусийн халдварын улмаас дэлхийн дийлэнх улс оронд агаарын тээвэр, төмөр зам, нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарласан нь аялал жуулчлалын салбар, ялангуяа зочид буудал, зоогийн газар, дэлгүүр, үйлчилгээний төв, зугаа цэнгээний газруудын орлогыг бууруулж, уналтад оруулчихлаа. Вирусийн халдвар хэзээ намжих нь тодорхойгүй бөгөөд дахин тодорхой мөчлөгөөр дэгдэх эрсдэлтэй гэдгийг ч анхааруулж байна. Коронавирусийн цар тахлын дараа дэлхийн аялал жуулчлалын салбар хэр хурдан сэргэх нь хятад жуулчдаас ихээхэн хамааралтай ажээ. 2018 онд Япон улсаар аялсан 9.6 сая жуулчин 15.6 тэрбум долларын орлого оруулжээ. 2019 онд Австрали улс 9.45 сая жуулчин хүлээж авсны 1.4 сая нь Хятад жуулчид байсан бөгөөд тэд нийтдээ 8.2 тэрбум долларыг Австралид үрсэн байна. 2019 оны байдлаар дэлхийн аялал жуулчлалын салбарын нийт хэмжээ 1.7 их наяд долларт хүрсний 16 хувь нь буюу 277 тэрбум доллар нь Хятад улсад ногдож байна. Хятад жуулчид Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын аялал жуулчлалын салбарын орлогын 51 хувийг бүрдүүлж байна.

Дотоодын аялал жуулчлал сэргэнэ

Коронавирусийн халдварын улмаас дэлхийн иргэний агаарын тээврийн компаниуд маш хүнд байдалд орчихлоо. Зарим жижиг компаниуд дампуурч, том компаниуд Засгийн газраасаа дэмжлэг хүсч байна. Энэ онд дэлхийн аялал жуулчлалын салбар үлэмж хэмжээгээр буурна. Жуулчдын аяллын чиглэл, сонголт ч өөрчлөгдөх аж. Коронавирусийн халдварын анхдагч голомт болсон Ухань хотын хөл хориог цуцалж, Хятад даяар хорио цээрийн дэглэмийг сулруулсны дараагаар иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Хятадын 100 хотын 15 мянган иргэдийг хамруулсан судалгаанд оролцогчдын 90 хувь нь Юннань, Хайнань арал, Шанхай зэрэг дотоодын аялал жуулчлалын цэгүүдэд очих хүсэлтэй гэж хариулжээ. 1.3 тэрбум хүн амтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй Хятад улсад үзэх зүйл мундахгүй. Зүүн эргийн дагуу орших том хотуудаас гадна ЮНЕСКО-ын Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн түүх соёл, байгалийн 55 үзэсгэлэнт газар Хятадад бий.

2019 онд давхардсан тоогоор 6 тэрбум хятад хүн дотооддоо аялж, жуулчилсан байна. Хэдийгээр дотоодын аялал жуулчлал сэргэх нь Хятадын компаниудын хувьд сайн мэдээ байж болох хэдий ч дэлхийн олон улс орон Хятад жуулчид хэзээ ирэхийг хүлээх нь гарцаагүй юм.

Сонирхолтой нь 2002-2003 оны САРС өвчний дэгдэлтээс хойш 16 сарын дараа Хятадын жуулчид олноороо гадагшаа аялж эхэлсэн байдаг. Энэ удаагийн хямрал хэр удаан үргэлжилж, Хятад жуулчдын урсгалд нөлөөлөхийг бид хүлээхээс өөр аргагүй ажээ.