Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирустэй холбогдох судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүний биед хангалттай хэмжээний эсрэг биет хуримтлагдахад гурван 7 хоногийн хугацаа шаардагдаж байгаа ч хуримтлагдсан эсрэг биет нь дахин өвчлөхөөс хэдхэн сар хамгаалах чадвартай болохыг Өмнөд Солонгос улсад бүртгэгдсэн тохиолдлуудыг судалсан вирус судлаачид тогтоосон байна.
Үүнээс үндэслээд өндөр үр дүнтэй вакцин гарах хүртэл “Covid-19”-ийг дарах боломжгүй гэж дүгнэжээ. Тэгвэл, “Covid-19”-ийн вирус маш хурдан мутацид орж, одоогоор дэлхийд 4,300 мутацийн төрөл бүртгэгдээд байгаа нь вакцин гаргах ажилд хүндрэл учруулж байна хэмээн тагнуулын байгууллагын мэдээлэлд дурьджээ. Мөн эрдэмтдийн тооцоолж, хүлээж байгаагүй хэлбэрээр өөрчлөгдөн хувьсаж, зарим нь маш аюултай төрөл зүйлийг үүсгэж болзошгүйг анхааруулсаар байна.
Судлаачдын дүгнэснээр, БНХАУ-ын Жөжян мужид илэрсэн шинэ төрлийн коронавирусийн хэлбэр нь маш аюултай бөгөөд Европын орнууд болон АНУ-ын Нью-Йорк хотод түгээмэл тархсан. Харин АНУ-ын Вашингтон мужид илэрсэн хэлбэр нь хоруу чанар багатай. Иймээс улс орон, бүс нутагт “Covid-19”-ийн улмаас нас барж буй иргэдийн тоо харилцан адилгүй байгаа нь тухайн газар оронд тархсан шинэ төрлийн коронавирусний мутацийн хэлбэрээс хамааралтай хэмээн эрдэмтэд дүгнэж байна.