Сүнсээ худалдсан тэмцэгчид

Дэлхий дахин өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээр шинэ мэргэжлүүд бий болсоор байна. Манай улсад ч ялгаагүй нийгмийн хөгжлөө даган шинэ ажил, мэргэжил бий болж байгаа. Ийнхүү хөгжлийн жамаар бус зориудаар бий болгож буй ажил, мэргэжлүүд ч бий. Монголчуудын оюун санаагаар тоглож зорилгоо биелүүлдэг нэгэн шинэ ажил, мэргэжлийг танилцуулъя. Энэ бол жагсагч, тэмцэгч хэмээх ажил, бас мэргэжил.

Жагсаж тэмцэнэ гэдэг бол сэтгэлийнхээ дуудлагаар эвлэлдэн нэгдэж нийтийн эрх ашгийнхаа төлөө тэмцэхийн нэр. Гэвч манай улсад жагсаалын энэ утгыг алдагдуулаад удаж байна. Монголчууд ямар нэгэн нам, бүлэглэлийн дуудлагаар бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар хамгийн сүүлд хэзээ төв талбайдаа цуглав. Энэ асуултад тодорхой хариулт олдохгүй. Учир нь, сүүлийн үед бүхий л жагсаал цуглаан төлбөр төлсөн захиалагчтай, бүр найруулагч, хөтлөгчтэй, дундаа урлагийн үзүүлбэртэй гээд тоглолтоос ялгарахаа больсон. Мөн ийм жагсаалд оролцогчдод төлбөр төлдөг нь өдрөөс өдөрт шинэ баримтуудаар нотлогдох боллоо. Жагсаал зохион байгуулагчид нь ч хувьдаа тодорхой зорилго, зорилт тавьж жагсдаг нь удалгүй албан тушаал дэвшсэн баримтуудаар нотлогдоно.

Ийнхүү зорилгоо биелүүлэх гэсэн улстөрчдийн хүслийг гүйцээдэг жагсагч, тэмцэгчдийн бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн бий болов. Бүр байнгын бүрэлдэхүүн гэхэд болно.

Жагсдаг, тэмцдэг, эсэргүүцдэг хүмүүс гэхээр олон нийтэд нэлээд хэдэн хүн төсөөлөгдөнө. Бүхий л жагсаал цуглааны тэргүүн эгнээнд явдаг тэднийг монголчууд андахгүй таньдаг болсон.

Банк, хадгаламж зээлийн хоршооны хохирогчид, жижиглэн худалдаа эрхлэгчид, томоохон гэмт хэргийн хохирогчдыг өмгөөлдөг, Ноён уулаа хамгаалж, уул уурхай, оффшорчид, гадаадын хөрөнгө оруулагчдыг эсэргүүцдэг, шатахууны үнийг буулгахыг, эмч, багш нарыг цалинг нэмэхийг, УИХ-ын дарга, Засгийн газрыг огцрохыг шаардах, аль нэг улстөрчийг өмгөөлж, хамгаалах гээд бүх жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээнд оролцдог хүмүүс бий. Үйлдлээс нь харвал өөрсдийн гэсэн итгэл үнэмшил, зарчим гэж байхгүй, сүнсээ худалдсан хүмүүс.

Өчигдөр уул уурхайг эсэргүүцэж байсан бол өнөөдөр уул уурхайн компанийн талд зогсож хэвлэлийн бага хурал хийнэ. Мөн аль ч улс төрийн намыг эсэргүүцнэ, бас дэмжинэ. Тэдэнд улс төрийн ямарч баримжаа, итгэл үнэмшил үгүй.

Ямар хүмүүсийг хэлж байгаа нь уншигч танд ч маш ойлгомжтой, бүр тэдний дүр төрх нүдэнд чинь харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс улстөрчдийн сэлэмний ир, жадны үзүүр болдог тэдний нэрийг бичихээс татгалзлаа. Тэдний нэрийг дурдаж болох ч ингэвэл бусдын үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдсан хэрэг болно.

Жагсаал цуглаан хийж тодорхой хэмжээд улс төрийн карьертай болсон хүмүүс бий. С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай, З.Баянсэлэнгэ, Т.Аюурсайхан, Д.Батцогт, С.Жавхлан гэх мэтээр жагсаал цуглаанд суурилж дээш гарсан улстөрчдийн нэрс хөвөрнө. Ийнхүү жагсагчдаас илүү боловсролтой, санхүүгийн хувьд боломжтой нь бууриа сэлгэж төв талбайгаасаа холддог.

Харин манай нийтлэлийн баатрууд болох дээшлэх боломжгүй хэд нь төлбөртэй жагсаалыг гол ажил, мэргэжлээ болгон амьдарч байна. Бүх маргаанд оролцож, бүх сэдвээр тэмцэл өрнүүлж буй тэд мундаг ч юм шиг. Гэвч тэд дээр нэр дурдсан хүмүүс шиг байрнаасаа хөдлөхгүй, албан тушаал дэвшихгүй лав л 10, түүнээс ч олон жил болж байна. Тэд ер нь юу хийдэг хүмүүс вэ. “Ямар нэгэн байгууллагад харьяалагдан ажиллаж, улсдаа татвар төлдөг үү, эсвэл хэн нэгний захиалгаар төлбөртэй жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах ажилдаа гаршиж амьдралаа залгуулж байна уу” гэдэг нь анхаарал татах болов. Уг нь тэд жагсаал цуглаан хийж гадаа гандаж явахааргүй төгөлдөр хуурч, зураач, хуульч, сэтгүүлч гэх мэт мэргэжилтэй хүмүүс байдаг юм билээ.

Жагсаал цуглааныг үндсэн ажил, мэргэжлээ болгосон тэд зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө тэмцдэг гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй.

Тэд жагсаал цуглааны утгыг алдагдуулаад зогсохгүй, өөрсдийнхөө ч нэр хүнд, итгэл хүлээх байдлаа алдаж байгаагаа мэддэг болов уу. Аливаа жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээнд тэд оролцож л байвал итгэхэд хэцүү болсон. Тэд жагсаал цуглаан зохион байгуулж, хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн сэтгэл зүй, улс төрийн шийдвэрт нөлөөлдөг гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэдэнд итгэж, үгийг нь сонсдог хүн цөөхөн.

Төлбөртэй жагсагчид жагсаалын үнэ цэнийг алдагдуулж, жагсаал цуглаан хийдэг хүний дүр төрхийг муухайгаар тодорхойлсноос болж жирийн иргэд жагсахаас ичих, үзэл бодлоо илэрхийлснээсээ болж “төлбөртэй” гэж гутаагдах, гүтгэгдэхээс айж байхыг ч үгүйсгэхгүй.

Жирийн иргэн хүн сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, хэн нэгнээс ямар нэгэн төлбөр авалгүйгээр жагсаж байгаа гэдэгт хэн ч итгэхээргүй боллоо. Уг нь жагсаал цуглаан зохион байгуулж нийтийн эрх ашгийг хамгаалах нь иргэний нийгэм, ардчилсан тогтолцооны үнэт зүйл. Гэвч жагсаал цуглааныг ажил, мэргэжлээ болгосон төлбөртэй жагсагчдын нөлөөгөөр жагсаал цуглаан нь ардчиллын илэрхийлэл бус гутаагдах шалтгаан болтлоо өөрчлөгдөв. Тиймээс нэр бүхий жагсагчдаас нийтийн эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсэхээс илүү ардчиллын үнэ цэнэ, жирийн иргэний жагсах эрхээ харамламаар байна.

Жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг нь ийм үнэ цэнэгүй болтлоо хөсөр хаягдаж, хэн нэгний хүссэн цаг үед, захиалсан сэдвээр нь жагсаж байх төлбөртэй хөдөлмөр эрхлэлт болж хувирлаа.

Ямар нэгэн арга хэмжээнд оролцож төлбөртэй урлагийн тоглолт үзүүлдэг хүмүүс шиг төлбөр авч тавилттай жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагчдын үйлдлээс шударга ёс, сайн сайхан үр дүн хүлээнэ гэдэг утгаггүй. Тэд угаасаа нийгмийг сайн сайханд уриалан дуудахаас илүү хэн нэгний мууг үзэх гэж жагсаал цуглаан хийдэг. Ингэх нь ч аргагүй. Учир нь, тэдэнд ирж буй жагсаал цуглаан, эсэргүүцлийн захиалга нь ийм. Ялангуяа өрсөлдөгчийнх нь захиалгаар хэн нэгэн улстөрчийг, улс төрийн намыг харлуулах ажлыг тэд сайн хийдэг. Сонгуулийн өмнөх болон сонгуулийн жил нь тэдний хувьд ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломжтой цаг хугацаа. Харин коронавирусийн халдварын нөлөөгөөр 2020 оны УИХ- ын сонгуулийн өмнөх орлогын үүд хаалга нь хаагдчихаад байна. Гэхдээ тэд гандан буурахгүй хэн нэгний захиалгаар хэвлэлийн бага хурал хийж л суугаа харагдана.

Ийнхүү хэсэг бүлэг хүмүүсийг ажилтай, орлоготой байлгадаг ч нийгэмд сөрөг нөлөө ихтэй төлбөртэй жагсаал хэмээх ойлголт нь азаар зөвхөн манай улсад байдаг л бус дэлхийн олон оронд өргөн ашиглагддаг технологи юм. Тиймээс төлбөртэй жагсаалыг хэрхэн таньж болохыг олон улсын түвшинд дараах байдлаар тодорхойлжээ.

Төлбөртэй, зориудаар зохион байгуулсан байж болох жагсаалууд.

Юуны төлөө жагсаж байгаагаа тайлбарлаж чаддаггүй

Жагсаал цуглаанд оролцож буй хүмүүс дотроо буцалж байгаа бүхнээ ярихаар ирдэг. Тиймээс тайван, ухаалгаар асуудлаа тайлбарлах, хэт сэтгэл хөдлөл гаргах зэргээр байр сууриа илэрхийлдэг. Ямартай ч жинхэнэ жагсаал цуглаанд оролцогчид юуны төлөө гудамжинд уриа лоозон, туг далбаа барин жагсах болсноо тайлбарлахад бэлэн байдаг. Харин төлбөртэй жагсаж байгаа хүмүүс “Юуны төлөө жагсаж байгаа юм бэ” гэсэн асуултад итгэл үнэмшилтэйгээр тодорхй хариулт өгч чаддаггүй. Тиймээс байр сууриа илэрхийлэхээс зугтах, арай ахмад настан, эсвэл ахалж яваа нэгэн рүүгээ зааж, “Тэр бүгдийг хэлнэ” гэдэг нь манай улсад ч танил дүр зураг юм. Жагсаалыг захиалагчид оролцогчдодоо юу гэж ярихыг нь зааж өгдөг ч дэлгэрэнгүй хариултаас бултдаг нь тогтоогджээ.

Камерт өртөхөөс болгоомжилдог

Жинхэнэ жагсаал цуглаанд оролцогчид фото, видео камерын дуран өөр рүү нь чиглэхийг боломж гэж хардаг бол төлбөртэй жагсагч аль болох дуранд өртөхгүй байхыг хичээдэг.

Төлбөртэй гэдэг нь уриа лоозонгоосоо харагддаг

Төлбөртэй жагсаал цуглаанд ашиглаж байгаа уриа лоозонг сайн харвал хэвлэлийн компаниар хийлгэсэн байх нь бий. Гэхдээ энэ нь төлбөртэй жагсаал цуглааныг илтгэх шинж тэмдэг биш. Зохион байгуулагчид ч үүнд сайн бэлтгэсэн байж болох талтай. Харин жинхэнэ жагсаал цуглаанд ихэвчлэн гараар зурсан, янз бүрийн уриа лоозон их ашиглагддаг. Нэг хэв маягтай, нэг шрифтээр хэвлэсэн, нэг хэвлэлийн компаниар хийлгэсэн мэт харагдах уриа лоозонтой байвал төлбөртэй жагсаал байх магадлал өндөр.

Уур амьсгал сул нь байдаг

Жагсагчдыг хэдэн минут ажиглахад л тэд үзэл бодлынхоо төлөө ирсэн үү, мөнгөний төлөө юү гэдэг нь харагдана. Төлбөртэй цуглаанд орлцогчид ихэнхдээ идэвх сул, эрч хүч бага харагддаг. Уриа лоозонг ихэвчлэн нэг нь хашхирч, бусад нь хүссэн хүсээгүй дагаж хашхирдаг, эсвэл дуугүй зогсдог. Заримдаа жагсагчдын дунд бүх зүйл төлөвлөгөө ёсоор байна уу гэдгийг ажигладаг “ахлагчид” байгааг харж болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)